Л.Энх-Амгалан: Жижиг тойргийн сонгуулиуд улс орны эдийн засгийг сулруулж ирсэн

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа гурван асуудал хэлэлцлээ. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хориг, Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг томилох асуудал, мөн Сонгуулийн хуулийн өөрчлөлтийн төслийн талаар хэлэлцэж, шийдвэр гаргалаа. 

Шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “УИХ 14 хоногийн өмнө Захиргааны хуульд өөрчлөлт оруулсан. Жишээлбэл, Засгийн газрын зарим шийдвэрийг Захиргааны шүүх хянахгүй, Үндсэн хуулийн Цэц хянана гэсэн шийдвэр юм. Үүнд Ерөнхийлөгч хориг тавьсан. Хоригийг бүлгийн гишүүд хэлэлцээд хүлээж авах боломжгүй гэж үзсэн. Хоёрдугаар асуудал Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа дууссан учраас шинээр нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцлээ. Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд УИХ-ын дарга Г.Занданшатар Засгийн газрын тэргүүн дэд даргаар одоо ажиллаж байгаа Г.Баясгаланг нэр дэвшүүлэх санал оруулж ирсэн. Бүлгийн гишүүд хэлэлцээд мэргэжлийн, энэ системийн хүн гэж үзээд дэмжсэн. Дараагийн хэлэлцсэн асуудал нь Сонгуулийн тухай хуулийн төсөл байсан. УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа” гэв. 

Сонгуулийн тухай хуулийн ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан “Бүлгийн хурлаар Сонгуулийн тухай хуулийн төслийн ажлын хэсгийн мэдээллийг сонслоо. 2017 онд УИХ-ын даргын захирамжаар Сонгуулийн гурван хуулийг санаачилж, өргөн барих асуудлаар ажлын хэсэг томилогдож ажилласан. Зөвхөн МАН-ын гишүүд бус УИХ-д суудалтай нам, бие даагч гишүүдийн төлөөлөл бүхий 12 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан. Бид цаашид нэг хуулиар гурван сонгууль явуулах эрхзүйн боломжгүй гэдэг том сургамж авсан. Үүний дагуу Ерөнхийлөгч, УИХ, орон нутаг, сум дүүргийн сонгууль тус тусдаа хуулиар явах зайлшгүй үндэслэл байна гэж үзсэн. 

Монгол Улс өнгөрсөн хугацаанд долоон удаа сонгууль зохион байгуулсан. Ингэхдээ дөрвөн удаа можаритор, нэг удаа холимог, бусад нь томсгосон тойргийн тогтолцоогоор сонгууль хийсэн байна. Ингээд бид өнгөрсөн сонгуулиудын судалгааг авч үзэн цаашид Монгол Улс ямар тогтолцоогоор сонгууль зохион байгуулах вэ гэдгийг авч үзсэн. Иргэд улс төрийн нам гэхээсээ илүү УИХ-д өөрийнхөө төлөөллийг туршлагатай, нэр цэвэр, тулхтай хүнээр бүрдүүлэх хүлээлттэй байна. Өнөөдрийг хүртэл Сонгуулийн хуулийг батлахдаа тухайн үед эрх барьж байсан намд ашигтай байдлаар баталж ирсэн байна. Цаашид Монголын ард түмэнд ашигтай хувилбар нь юу вэ гэдгийг ажлын хэсэг дээр судалсан. Нийт дөрвөн хувилбар байна. Тухайлбал, одоогийн байгаа жижиг 76, мөн өмнөх томсгосон буюу олон мандаттай, бүсчилсэн, дөрөвдүгээрт Монгол Улс нэг тойрог гэсэн хувилбараар сонгууль хийх эрхзүйн боломжтой байна. Ажлын хэсэг нэлээд нухацтай авч хэлэлцээд дээрх хувилбарын аль нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлогод хэрэгтэй вэ гэдэг дээр давуу болон сул тал дээр судалгаа хийж үзээд Монгол Улс нэг тойрог гэсэн тогтолцоо нь зөв байна гэж үзсэн. Өнгөрсөн хугацаанд хийсэн жижиг тойргоор хийсэн сонгуулиуд улс орны эдийн засгийг сулруулж, тойргийн сэтгэлгээн дээр үндэслэж хөрөнгө оруулалтыг хуваарилах эрхзүйн зохицуулалттай байсан. Иймд ард түмний өмнө тулгамдаж байгаа ажилгүйдэл, ядуурлыг бууруулахын тулд 76 гишүүн нэг тойргийн зарчмаар ажиллах нь зөв юм байна гэж үзсэн. Удахгүй Засгийн газарт өргөн барина. Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу хэлэлцүүлгийг зохион байгуулна. Хэлэлцүүлэг, ТББ-ын зүгээс 280 гаруй санал ирсэн. Үүнээс 135 саналыг хүлээж авах боломжтой гэж үзсэн. Шат шатны сонгуулиуд бие даасан хуулийн дагуу сонгуульд оролцохоор туссан гэж ойлгож болно.

Хурлын дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Улс нэг тойрог тогтолцоо манай улсад хэр зохимжтой вэ?

-УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:- Өмнө нь энэ хувилбарыг ярьж байгаад техникийн дэмжлэггүй гээд дэмжээгүй хувилбар байгаа юм. Олон намын төлөөлөлтэй байх үед Э.Бат-Үүл, С.Оюун нарын гишүүд өргөн барьж байсан. Тэр үед тоолдог машин байгаагүй. Хоёрдугаарт ийм урт жагсаал гарах юм уу гэж хүмүүс ойлгож байх шиг байна. Жагсаалтаас нэг л хүн дугуйлна гэж хуулийн төсөлд орж ирж байна. Иргэд бол сонголттой байхыг хүсдэг. Цөөхөн хүн оруулж ирээд сонгохоос өөр аргагүй байдалд тулгадаг гэж ярьдаг. Тиймээс Монгол Улс нэг тойргийн талаар олон яриа гарч болно. Зарчмын хувьд Сонгуулийн хуулийг дөрвөн жил тутамд өөрчилдөг энэ байдлыг болиулах шаардлагатай байгаа юм. Иймээс хаврын чуулганы хугацаанд багтаад хуулийн төслийг өргөн бариад хэлэлцүүлэг эхлэх бэлтгэлийг хангаж, намрын чуулганы эхэнд баталж авахгүй бол сонгуулиас өмнө зургаан сараас багагүй хугацаанд баталсан байх ёстой. 

-Нэрсийн жагсаалтын талаар тодруулна уу?

-Техникийн хувьд саналын хуудсыг тоолох боломжтой. Дунджаар 500-700 нэр дэвшигч л байна. 

-Цахим орчны зохицуулалтыг хэрхэн тусгасан бэ?

-Хуулийн төсөлд тодорхой зохицуулалтууд орж байгаа. Нэг зарчим барьж байгаа нь хүн өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхэд халдаж болохгүй. Харин хүний нэр төрд халдах, сонгуулийн цахим хуудаст албан ёсоор бүртгээгүй хаягаар сонгуулийн сурталчилгаа явуулах зэргийг зохицуулсан. Олон улсад ч мөн ийм байдаг. 

-Сонгуулийн сурталчилгааны хугацаанд өөрчлөлт орсон уу?

-Сурталчилгааны хугацаанд өөрчлөлт ороогүй.

-Сонгогчид талдаа төөрөлдөх асуудал гарах уу?

-Гарахгүй. Сонгогч аль нам байх нь хамаагүй нэг л хүнийг дугуйлна.


    Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

    Сэтгэгдэл бичих (0)