Л.ТҮМЭНЦЭЦЭГ: Сэтгэлийн өглөгийг нь бүжгээр хариулахыг хүсдэг

Авьяас чадвар, чанар чансаагаараа Монголын хүүхдийн бүжгийн хамтлаг дундаа хоёрдугаарт эрэмбэлэгдсэн “Шивээн ганхаа” хамтлагийн удирдагч, бүжиг дэглээч, багш Л.Түмэнцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр 1986 онд ХБДС-ийн ардын бүжгийн анги төгсөж, Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрт бүжигчнээр ажиллаж байгаад, хожим СУИС-д мэргэжил дээшлүүлжээ. 2011 оноос Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Соёлын төвийн багшаар ажиллаж буй.

-Та хөдөөний хүүхдүүдийг хөгжим, бүжигт дурлуулахын зэрэгцээ хамтлаг “төрүүлж”, чамгүй амжилт гаргажээ. Бүжгийн хамтлаг байгуулах санаа хэрхэн төрөв?

-Тухайн үед боловсон хүчнийг орон нутагт нь томилдог байлаа. Сургуулиа төгсөөд Дорноговь аймагтаа бүжгийн багшаар ажилласан. Дорноговь бол Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Сэвжид гуайн уугуул нутаг. Энэ эрхмийн билиг авьяас төрсөн нутагт нь тасрахгүй байгаасай гэж хүссэн учраас хүүхдийн бүжгийн хамтлаг байгуулсан юм. Анх “Ирээдүй” гэдэг хамтлагтай байлаа. Одоо “Шивээн ганхаа”- 1, 2, 3, 4, 5 гэсэн таван хамтлагтай болжээ.

-“Шивээн ганхаа” гэж нэрлэсний утга, учир нь юу вэ?

-Манай нутагт их, бага таван шивээн толгой бий. Тэнд Чингис хааны

цэргүүд тулалдаж явсан түүхтэй юм билээ. Шивээ маш жигд ургадаг, толгой нь үргэлж гялалздаг ургамал. Салхинд ганхан найгах шивээ маш гайхалтай харагддаг шүү дээ. Нутаг усныхаа аж байдалтай холбон энэ нэрийг өгсөн.

-Хамтлагийнхаа гол амжилтуудаас сонирхуулахгүй юу?

-Хамтлагийн хүүхдүүд маань 2011 онд бие даасан анхны тоглолтоо хийж байлаа. Түүнээс хойш сум, аймаг, улсын хэмжээнд зохион байгуулсан бүжгийн бүх л төрөлд алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн. Төрийн шагналт Ц.Сэвжидийн нэрэмжит өсвөрийн бүжигчдийн улсын уралдаанд анх оролцоод шагналт байр эзэлсэндээ бид маш их урамшсан. Монгол туургатны хүүхдийн урлагийн наадамд удаа дараа оролцож, шилдэг хамтлаг, шилдэг багш болж байв. Мөн “Авьаслаг монголчууд” шоу нэвтрүүлэгт оролцон шилдэг 25-д үлдэж, хамгийн стиль имиж сайн бүрдүүлсэн хамтлагаар шалгарч байлаа. Өнгөрсөн онд Монголын хүүхдийн бүжгийн хамтлагууд дундаа чансаагаараа хоёрдугаарт эрэмбэлэгдсэн нь хамгийн том шагнал. Тэргүүн байрт Өвөрхангай аймгийн хүүхдүүд орж, манайх удаалсан бол, Хэнтий аймгийнхан гуравт бичигдсэн. “Говийн домог” киноноос сэдэвлэсэн бүжгээрээ бид ийм амжилтад хүрсэн юм. “Шивээн ганхаа-1” хамтлагийн хүүхдүүд минь насанд хүрч, ДБЭТ, ҮДБЭТ, “Боржигон” чуулгад ажиллаж байна. Зарим нь ОХУ, БНСУ-д мэргэжлийн бүжигчнээр суралцдаг.

-Бүжигчний баримтлах гол зарчим юу бол. Та шавь нартаа юу захидаг вэ?

-Маш хурдан сэтгэдэг байх хэрэгтэй. Бүжиг хэлгүй урлаг учраас бие, тархи, нүдээрээ амьдар гэж хэлдэг. Ам биш, бие чинь түрүүлж ярих ёстой гэж захидаг. Ташрамд хэлэхэд, одоогийн хүүхдүүдийн биеийн хөгжил маш муу болжээ. Ташаан толгой, цээж нь муруйсан, өрөөсөн мөр нь унжсан гэх зэрэг биеийн хөгжлийн гажиг багагүй илэрч байна. Мөн хүүхдүүд илүүдэл жинтэй болж. Тиймээс эцэг, эхчүүдийг хүүхдийнхээ эрүүл мэнд, биеийн хөгжилд гойд анхаараасай гэж хүсдэг.

-Та бүжгийн сургалтаа үнэ төлбөргүй явуулдаг гэв үү?

-Эхэндээ өдрийн 1000 төгрөгийн төлбөртэй явуулж үзсэн. Буйдхан газар учраас хүн амын амьжиргааны түвшин сайнгүй болохоор төлбөр авахаа больсон. Аймаг, сумын үе үеийн удирдлага, Боловсрол, соёлын газрын дарга, ЗДТГ-ын болон Соёлын төвийн дарга, эцэг, эхчүүд биднийг үргэлж дэмжиж тусалсаар ирсэн учраас өдий зэрэгт хүрсэн. Бид хоёр жилд нэг удаа “Нутгийн чимэг” гэсэн тайлан тоглолт хийдэг юм. Тоглолтод 28-33 бүжиг бүжиглэдэг. Бүжгийн бүх хувцсыг эцэг, эхчүүд хариуцдаг.

2014 онд бөөрний хорт хавдар өвчин тусахад шавь нар, нутгийнхан минь хандив цуглуулж, хөл дээр минь босгосон. Тэр их сэтгэлийн өглөгийг бүжгээрээ хариулахыг хүсэж явдаг даа.

-Танай хүүхдүүд бүжигчин гэж сонссон.

-Би дөрвөн хүүхэдтэй. Том охин минь бүжиг дэглээч, найруулагч мэргэжилтэй. Өвөрмонголд бүжгийн багшаар ажиллаж байна. Удаах хүү ДБЭТ-т балетын гоцлооч, дунд охин минь БНСУ-д морин циркийн бүжигчин, отгон хүү минь СУИС-ийн дэргэдэх “Бадмаараг” сургуульд суралцдаг.

Бэлтгэсэн: Ч.Болор


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)