Л.ТЭГШЖАРГАЛ: Хэргийн газраас зугтсан жолоочийг будгийн хэлтэрхийгээр илрүүлсэн

Замын голд зогсоод шүгэл хангинуулан, улаан дохиураар дохин автомашин явах, зогсоох, жолооч нарын бичиг баримтыг шалгаж буй замын цагдаа нарыг хотын түгжрэлийг багасгах гэж биеэрээ зохицуулж байна гэж боддог хүмүүс бий. Тэгвэл замын хөдөлгөөнийг зохицуулан дохиж буй цагдаа нар урлагийн тоглолт үзүүлдэг гэхэд хилсдэхгүй. Хуучин тогтолцооны үед ийнхүү уран зохицуулагч шалгаруулж, Монгол орны авто замын эхлэл цэг болох Төв шуудангийн уулзварт ажиллуулдаг байсныг замын цагдаагийн бэлтгэл офицер, ахлагч нар дурсан ярьдаг. Тэгвэл уран зохицуулагч шалгаруулах уралдаан өнөө хүртэл үргэлжилж буй юм. Тээврийн цагдаагийн алба (ТЦА)-ны Замын цагдаагийн газрын алба хаагчдын мэдлэг, ур чадвар, эрүүл мэнд, бие бялдрыг хөгжүүлэх, мэргэжлийн ур чадварыг шалгах зорилгоор зохион байгуулдаг “Шилдэг зохицуулагч” тэмцээн энэ сарын эхээр болж өндөрлөсөн. Уг тэмцээнд Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн офицер, ахлах дэслэгч Л.Тэгшжаргал, цагдаа зохицуулагч, ахлагч Ж.Мөнхтулга нар оролцож, 2019 оны “Шилдэг зохицуулагч”-аар шалгарсан юм. Тэдний нэг ахлах дэслэгч Л.Тэгшжаргалтай ярилцлаа.

-Цэрэг, цагдаагийн удам дамжсан алба хаагч гэж таныг танилцуулсан. Цагдаагийн байгууллагад хэчнээн жил ажиллаж байна вэ?

-Тийм ээ. Төрийн сүлдээ тэргүүндээ залж, дүрэмт хувцсаар гоёсон, удам дамжсан жирийн алба хаагч. Өвөө минь НАХЯ-ны Завхан аймаг дахь хэлтсийн даргаар ажиллаж байсан Ядамжав гэж хүн бий. Аав минь 0151 дүгээр ангид холбооны офицер, салааны захирагч зэрэг алба хашиж байсан. Ах нар маань ч хууль сахиулах байгууллагуудад ажилладаг. Ууган ах минь 1993 онд Цагдаагийн дээд сургуулийг онц дүнтэй төгссөн, удаах нь мөн л цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад саяхан тэтгэвэртээ гарсан. Тэднийхээ явсан замаар л замнаж, цагдаагийн байгууллагад, тэр дундаа замын цагдаад ажиллаж байна.

Аав минь Завхан аймгийн Алдархаан сумынх, харин би Улаанбаатар хотод төрсөн. Аав минь социализмын үеийн хүн болоод тэр үү, эсвэл цэргийн хүн болохоороо ч юм уу, багаас минь л хатуужил суулгаж хүмүүжүүлсэн. Ээж Энэбиш минь жирийн сайхан багш.

-Аав, ах нараасаа байнга үлгэр авч хүмүүжиж дээ. Тийм үү?

-Тэгэлгүй яах вэ. Аав тэтгэвэртээ гарсан ч 1970-аад оны үед цэргийн алба хааж удирдлагад нь байсан цэргүүд нь байнга холбоотой байв. Би одоо ч аавынхаа талаар ямагт боддог юм. Аав минь цэргүүдтэйгээ сайхан харилцаа, хандлагатай байсан учраас л удирдлагад нь байсан хүмүүс одоо болтол холбоотой байж, хүндэтгэлтэй хандсаар ирсэн болов уу. Аав минь тэнгэрт хальсан ч гэлээ, одоо болтол ээжтэй утсаар ярьж амар мэндийг нь асуудаг цэрэг нь ч байх юм. Тэгэхээр аав минь алба хаагчдадаа хүндлэгдсэн мундаг хүн байжээ гэж боддог. Тиймээс аль болох аавынхаа үлгэр жишээгээр хүмүүстэй харилцахыг хичээдэг. Офицер гэдэг бол ерөнхийдөө манлайлагч шүү дээ. Бие бүрэлдэхүүнээ офицер хүн хэрхэн удирдах, өөрийн хариуцсан нутаг дэвсгэрт ажиллаж байгаа ахлагч нараа яаж удирдан зохион байгуулах вэ гээд манлайлал их. Наад зах нь л өвлийн цагт ахлагч нарынхаа үүрэг гүйцэтгэж буй цэгт очоод машиндаа таван минут ч болтугай суулгаж дулаацуулаад, халуун аарц, цай уулгаж, тэр хооронд нь өөрөө хөдөлгөөнийг зохицуулах зэрэг сэтгэлтэй, надаас хойш ажилд орсон бие бүрэлдэхүүндээ үлгэр дуурайлалтай байх ёстой гэж боддог. Тийм ч байхыг хичээж, аав, өвөө, ах нарынхаа хэлж ярьсныг ямагт санаж явдаг. Тэд маань бүгд офицер байсан болохоор нэр хүндийг нь өндөрт өргөж явахыг хичээдэг.

-“Шилдэг зохицуулагч” тэмцээнд оролцон түрүүлжээ, танай хамт олон. Тэргүүн байр эзэлж, шагналаа гардаж байхад ямар сэтгэгдэл төрж байв?

-Тээврийн цагдаагийн албаны ажил мэргэжлийн онцлогийг шингээсэн “Шилдэг зохицуулагч” тэмцээнийг 1967 оноос зохион байгуулж ирсэн юм билээ. Тэмцээнд нэг баг хоёр тамирчинтай оролцдог юм. Энэ жил “Шилдэг зохицуулагч” тэмцээнд 21 аймаг, есөн дүүргийн Замын цагдаагийн хэлтэс, тасаг, зам, тээврийн гэрээт хэлтэс, Жижүүрийн шуурхай удирдлагын гээд 36 багийн 72 тамирчин оролцлоо. Удирдамжид заасны дагуу гэрийн даалгавар, жагсаалын үзлэг, хууль эрх зүй, гадаад хэлний мэдлэг, зам тээврийн ослын газарт ажиллах ажиллагаа, биет зохицуулалт хийх, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин, сонор сэрэмж, ур чадвар шалгах гээд зургаан төрлөөр мэдлэг оюун, авхаалж самбаа, хурд хүч сорьсон.

Манай хэлтсээс ахлагч Ж.Мөнхтулга бид хоёр оролцлоо. Улсын хэмжээнд оролцсон бүх баг тамирчнаас шилдгээр шалгарсандаа маш их баяртай байна. Шагналаа гардаж авахад үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрсөн. Энэ бол ажил мэргэжлийнхээ хувьд бусдаас шалгарч байна гэдэг нэр хүндийн хэрэг. Сэтгэл зүйн хувьд ч маш том урам өгсөн. Тэмцээнд түрүүлэхэд Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн хамт олны минь хүч, туслалцаа маш их байсныг онцолмоор байна. Хамт олон ажил төрлийг минь зохицуулж, Ж.Мөнхтулга бид хоёрыг бүх талаар дэмжсэн. Энэ ташрамд, Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн удирдлага, хамт олондоо баярлаж буйгаа илэрхийлье.

Тэмцээний нэг үзүүлэлт нь гэрийн даалгавар байдаг. Үүнийг хамт олныхоо туслалцаа, дэмжлэгээр л хийж гүйцэтгэсэн. Өнгөрсөн зунаас хойш ТЦА-наас зам, тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн, “Орон нутгийн зам хөдөлгөөний соёл”, “Яараад яах вэ дээ”, “Дураараа биш, дүрмээрээ” зэрэг аяны хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил, арга хэмжээ авч хэрэгжүүлсэн талаарх танилцуулга хийж, оноо авахад хамт олны л хүч, хөдөлмөр шингэсэн юм. Хамт олон минь ТЦА-наас хэрэгжүүлсэн олон аян, арга хэмжээний үеэр үр дүнтэй ажиллаж чадсан учраас л манай багийн гэрийн даалгаврын оноо өндөр байсан.

Мөн цагдаа зохицуулагч, ахлагч Ж.Мөнхтулга маань ч ажил мэргэжилдээ сайн байсан нь Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтэс “Шилдэг зохицуулагч-2019” тэмцээнд түрүүлэхэд маш их хувь нэмэр болсон. Замын хөдөлгөөний дүрэмд заасан үндсэн гурван дохилт болох бүх чигт бүх хөдөлгөөнийг хязгаарлах, зохицуулагчийн урд, хойд талаас бүх чиглэлд явах болон зохицуулагчийн баруун зүүн гар талаас зүүн гар тийш эргэх, буцаж эргэх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглох, зохицуулагчийн хойд талаас болон баруун гар талаас бүх чиглэлд явах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг болон урд талаас чигээрээ буюу зүүн гар тийш эргэх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглох дохилтыг стандартын дагуу цэвэр гүйцэтгэсэн нь өндөр үнэлгээ авсан.

-Бие бялдрын шалгуур үзүүлэлт, осол, хэргийн газрын үзлэг хийх зэрэг даалгавар бол цагдаагийн алба хаагчийн ур чадварыг шалгах гол үзүүлэлт байсан биз?

-Жагсаалын үзлэгээс эхлээд албаны бэлэн байдлыг шалгаж, осол хэргийн газарт ажиллах ажиллагаа, сонор сэрэмж гээд тэмцээний нэг гол үзүүлэлтүүдийн нэг нь бие бялдрын шалгуур байдаг. Алба хаагч нэг минутад гар дээрээ 70 удаа суниах, 100 метрт 14 секунд гүйх, 65 удаа сууж, босох гэх зэрэг хурд, хүч, авхаалж самбаа сорьсон нормативыг бид хангасан.

Тэмцээний гол үнэлгээ болох хөдөлгөөн зохицуулах, осол, хэргийн газрын үзлэг хийх шалгалт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талын уулзварт биет зохицуулалтын тэмцээн, уралдаан болж, цагдаа цохицуулагч нар оролцсон.

Харин офицеруудын хувьд хэргийн газрын үзлэг, хууль, эрхзүй, гадаад хэл гэх мэт шалгуураар өрсөлдсөн. “Автобус-3” нэгтгэлийн хашаанд макет байрлуулж зохион байгуулсан. Автомашинд хүн мөргүүлж нас барсан гэх нөхцөл өгсөн. Чингэлтэй дүүргийн XIX хорооны нутагт явган зорчигч амиа алдсан гэх даалгавар өгсний дагуу хэргийн газрын үзлэг, хэмжилт хийх, нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх даалгавар нь 15 минутын хугацаатай. Түүнийгээ цаасанд буулгаж, гар схем зураг үйлдэх, үзлэгийн тэмдэглэл, техникийн болон жолооч, хохирогчийн нөхцөл байдлыг бичихэд 25 минут гээд нийт 40 минутын хугацаанд даалгавраа гүйцэтгэх ёстой. Өгсөн даалгаврыг амжилттай гүйцэтгэсэн гэж шүүгч нар дүгнээд биднийг “Шилдэг зохицуулагч”-аар шалгаруулсан болов уу. Эхний өдрийн тэмцээнүүд дуусахад тэргүүлж явсан учраас бид энэ эрчээ алдахгүй шүү гэсэн бодолтой оролцсоор түрүүлсэн.

-Зарим жолооч осол гаргачихаад хэргийн газрыг орхиж алга болдог, түүнээс нь болж хүний амь үрэгдэх тохиолдол цөөнгүй. Ийм ноцтой хэрэг илрүүлж байсан гэсэн. Тэр тухайгаа ярьж өгөөч.

-2017 онд Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтэст ирээд удаагүй байв. VI хорооны нутаг, Тасганы овооны хойд талын “Сод Монгол” ШТС-ын арын замд хүн нас барсан хэрэг гарсан юм. Тэр хэргийг илрүүлэхийн тулд хэлтсийн бие бүрэлдэхүүн гурван өдөр ажилласан. Гурав дахь хоногтоо цагдаа зохицуулагч, ахлагч Эрдэнэдаваа, Баярхүү нартайгаа хамт явж байгаад “Авто плаза”-гийн дэргэдэх байрнууд дундаас хэрэг үйлдсэн болзошгүй автомашиныг олсон. Улмаар автомашины хаягийг олж, эзэмшигчийг тогтоон, гэрийн хаягаар нь очиж, холбогдогчийг нь олж саатуулсан. Анх хэргийн газарт очиход тухайн газарт хяналтын камер байхгүй, гэрч ч үгүй хэрэг гарч, явган зорчигч нас барсан байв. Ойролцоох уулзварын хяналтын камеруудын бичлэгийг үзэж, магадлалыг нь тогтоохоос гадна хэргийн газрын үзлэгээр автомашины будгийн хэлтэрхий үлдсэн байсан нь ач холбогдол бүхий нотлох баримт болсон. Уг хэргийг илрүүлсэн учир ЦЕГ-ын жуух бичгээр шагнуулж байлаа.

-Замын цагдаагийн алба хаагчидтай харилцахдаа зарим хүн ааг омгоо гаргадаг шүү дээ. Үүнийг хэрхэн өөрчилж болох бол?

-Миний бодлоор уулзварт ажил ачаалал гэж байхгүй, замын цагдаагийн алба хаагчид зөвхөн хяналтаа тавьж ажилладаг бол цагдаагийн байгууллагын, алба хаагчийн нэр хүнд одоогийнхоосоо өсөх болов уу гэж үздэг. Хүмүүс ирээд “Түгжрээгүй байхад чи түгжрэл үүсгэлээ” гэдэг нь багасах болов уу. Үүнээс гадна овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэдэг дээ. Тухайн жолооч ямар

нэг зөрчил гаргаагүй бол замын цагдаагийн алба хаагч түүнтэй харилцах ямар ч шаардлага байхгүй шүү дээ. Жолооч, зорчигчийн өөрсдийнх нь амь, эрүүл мэндийн төлөө тавьж буй замын цагдаагийн алба хаагчийн шаардлагыг эсрэгээр нь хүлээж авдаг хүмүүс бий. Аашилж загнасан хүнтэй таарах тохиолдол бий. Харилцаанаас харилцаа үүсдгийн жишээгээр цагдаагийн байгууллагаас тогтоож өгсөн код, журмаа бариад үйлчилгээний стандартын дагуу өөрийгөө танилцуулж, замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчлөө гэж тайлбарлаж харилцахад ямар нэг асуудалгүй. Гэхдээ уулын мод урттай, богинотой гэдэг болохоор хүн болгон янз бүрийн ааш, аяг гаргадаг.

-Замын зохиомол түгжрэл үүсгэдэг нэг шалтгаан бол нэгдүгээр эгнээнд тээврийн хэрэгслээ орхих явдал. Үүнийг хэрхэн бууруулж болох вэ?

-Зохиомол түгжрэл гэдэг зүйлийг үүсгэж байгаа шалтгаан яалт ч үгүй энэ болоод байгаа. Үүнтэй холбоотойгоор нэлээд арга хэмжээ зохион байгуулж, тодорхой үр дүнд хүрч байгаа ч гэлээ жолооч нарын ухамсраас шалтгаалж зохиомол түгжрэл үүссээр л байна. Хоёр эгнээгээр чөлөөтэй явах газарт нэг машин зогсчиход л түгжрэл үүсчихдэг. Жолооч нар орох газрынхаа үүдэнд л машинаа орхих гээд байдгаас үүдэж түгжрэл бий болдог. Хэдхэн минут алхаад оччих газарт зогсоолд машинаа байршуулаад орох байгууллагадаа хүрэх ухамсар манай жолооч нарт дутагдаад байна. “Үүдэнд нь очиж зогсохгүй юм бол би машин унаад яадаг юм бэ” гэх хүнтэй ч таарч байлаа.

Дэлхийн хэмжээнд өнөөдөр бүх л харилцаа эрх зүйн зохицуулалттай байдаг. Би өнөөдөр энд машинаа байршуулах эрхтэй боловч миний эрх бусдын эрхээр хязгаарлагддаг гэдгийг л сайтар ухамсарлах нь зүйтэй. Тэр хүн нэгдүгээр эгнээнд машинаа байрлуулах эрхтэй гэж байгаа бол өөр нэг хүн саадгүй хөдөлгөөнд оролцох эрхтэй байна шүү дээ.

-Согтууруулах ундаа хэрэглэсэн жолооч нар баригдчихаад танил талаараа дамжуулж замын цагдаагийнхнаас эрхээ хасуулахгүй, журамлуулахгүй гэж гуйх тохиолдол байдаг. Таныг ч гэсэн ийм гуйвар тойрдоггүй байлгүй.

-Манайхны дунд тийм буруу ойлголт тогтчихож. Танилаараа яриулбал болдог, хэдэн төгрөг өгвөл гарчихдаг гэх зэрэг. Цагдаагийн бие бүрэлдэхүүн бол шулуун шударга, хийж бүтээе гэсэн залуус ажилладаг гэж би боддог. Янз бүрийн байдлаар хууль зөрччихөөд танил тал, мөнгө төгрөгөөр аргална гэж ярьж явдаг хүмүүст сэтгэл дундуур байдаг. гуйх тохиолдол байдаг тэр болгонд нь хууль зөрчих үйлдлийг нь дэмжээд байдаггүй.

Согтуурлын зэрэг хэмжих багажаар архи уусан нь илэрч, хуулийн дагуу арга хэмжээ авах гэхэд аргалж өгөөч гэж танил тал руугаа ханддаг хүмүүст хэлэхэд “Драйгер” өөрийн санах ойтой, тэнд байх гурван товчоос устгах товчлуур байдаггүй. Тэр багажны санах ойн мэдээлэл шууд л ТЦА-ны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст очдог. Тиймээс танил тал руугаа яриад ямар ч нэмэргүй. Дээрх байдлаар хандсан хүмүүст бид үүнийг тайлбарлаж байнга хэлдэг.

-Цаг наргүй ажилладаг цагдаагийн алба хаагчдын бат найдвартай ар тал бол гэр бүл байдаг.

-Тйим ээ. Цагдаагийн алба хаагчдын бат найдвартай ар тал бол эхнэр, хүүхдүүд минь. Гэр бүлийнхэн байхгүй бол бид ингэж сайн ажиллаж чадахгүй шүү дээ. Танай сониноор дамжуулж ах дүү, эхнэр хүүхдүүддээ баярлаж явдгаа нийт алба хаагчдынхаа өмнөөс илэрхийлье.

Эхнэрийг минь Энхмаа гэдэг, компьютер, англи хэлний багш мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуульд багшилдаг. Бид дунд сургуульд байхаасаа л үерхэж, одоо гурван хүүхдийн аав, ээж болсон, жирийн нэг залуу гэр бүл. Миний ар талын бүх л ажлыг эхнэр минь зохицуулж байна. Би 07.30-аас эхлээд 22.00 цаг өнгөртөл ажлынхаа байрнаас холдож чадахгүй ажилладаг. Ядраад очиход халуун хоол, цайгаа бариад угтаж авдаг Монголын сайхан гэргий нарын нэг.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)