Л.Пүрэвбаатарын 1,5 тэрбум төгрөгийн байшинг албадан чөлөөлөх ажиллагаа БҮТЭЛГҮЙТЭВ

УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатар хоёр жил захирлын албан тушаалд ажиллаж байхдаа байгууллагын хөрөнгөөр Зайсанд хувьдаа 1.5 тэрбум төгрөгийн үнэтэй хаус бариулж, эзэмшиж байгааг хууль бус үйлдэл хэмээн УБТЗ-ын одоогийн удирдлагууд үзэж шүүхэд хандсан байна.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс гаргасан шийдвэрээр Л.Пүрэвбаатарын уг хаусыг эзэмших, ашиглах эрхийг хязгаарласан байна. Тэрбээр энэхүү шийдвэрийг эсэргүүцэж Улсын дээд шүүхэд гомдол гаргасан боловч Дээд шүүхээс Л.Пүрэвбаатар 1,5 тэрбумын төгрөгийн үнэтэй хаус эзэмших эрхгүйг эцэслэн тогтоов.

Тэгвэл өнөө өглөө Л.Пүрэвбаатарын хаусыг албадан чөлөөлж байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугив. Тэрбээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шаардлагыг удаа дараа биелүүлээгүй учир ийнхүү албадан нүүлгэж байгаа талаар эх сурвалжууд дурдав. 

Гэвч нэгэн эх сурвалж энэ талаар Л.Пүрэвбаатар руу утсаар холбогдон тодруулахад "Би яг одоо гэртээ байна. Албадан чөлөөлсөн асуудал огт байхгүй. Бүх зүйл хууль номынхоо дагуу явна. “Шилэн” Цогоо, Д.Жигжиднямаа мэтийн муу муухай юмнуудын зүгээс нийгэмд зориудаар тарааж байгаа худал дуулиануудын л нэг байна" гэсэн тайлбарыг өгсөн байна.

УБТЗ-аас уг өндөр үнэтэй байшинг дуудлага худалдаагаар зарж, олсон орлогыг төмөр замчдыг орон сууцжуулах хөнгөлөлтэй зээлд зарцуулахаар төлөвлөж байсан аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)