Л.Оюун-Эрдэнэ: Түүхэн аялал жуулчлалын ажил урагшилж байна

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймгийн Баянхутаг, Галшар, Баян-Овоо, Батноров сум, Бэрх тосгонд ажиллажээ. Тус аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх Засгийн газрын тогтоолын дагуу сум бүрийн түүхэн онцлогийг тусгасан бүтээн байгуулалтын ажлууд эхлээд байгаа юм. Тухайлбал, Баянхутаг сумын ерөнхий боловсролын сургуулийн спортын танхимын барилгыг шинээр барих ажлын явц 90 хувьтай, төлөвлөснөөрөө буюу ирэх сарын 1 гэхэд хүлээлгэж өгөхөө гүйцэтгэгчид танилцуулсан аж. Мөн тус сумын төвд шаардлагатай дэд бүтцийн шугам хоолойг шинээр тавих санхүүжилтийг шийдвэрлэсэн байна. Түүнчлэн Баянхутаг сумын Сантын хоолой буюу гуравдугаар багийн төвд шинээр барьсан Сэцэн хан Ц.Навааннэрэнгийн хөшөөний нээлтэд оролцжээ. Энэ үеэр Ц.Навааннэрэнгийн үр хүүхэд, ач гуч нь үүнийгээ өргөжүүлж, томоохон цогцолбор байгуулах хүсэлтэй буйгаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад уламжилсан бөгөөд тэдний саналыг түүхэн аялал жуулчлалын бүстэй хэрхэн холбох талаар судалж үзэхээ илэрхийлсэн аж.

Галшар сумын Хужирт бригадын төвд Хардэл жанжин бэйс М.Пүрэвжавын дурсгалын цогцолбор, аялал жуулчлалын төвийн шав тавихад тэрбээр оролцов. Тэнд 16.5 км-ийн урт, цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд өртөөг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулсан байна. Үндсэндээ цахилгаан, ундны усны асуудлыг бүрэн шийджээ. Одоо хуучирч, муудсан барилгыг сэргээж, зочид буудал, рестораны зориулалтаар ашиглахаар засварлаж байгаа аж. Монгол морины удам угсааг хадгалан, галшар үүлдрийг үүсгэж, соёлыг нь өвлүүлэх түүхэн үүргийг гүйцэтгэсэн, Хардэл жанжин бэйс М.Пүрэвжавын дурсгалд зориулсан уг цогцолборыг цаашид монгол адууны судалгааны гол төв болгохыг зорьж байгаа гэнэ.

Бэрх тосгоны дулааны станцын засварыг төлөвлөгөөт хугацаанд нь дуусгахаар ажиллаж байгааг гүйцэтгэгч уламжилсан. Мөн хаагдсан уурхайг түшиглэн байгуулж буй музей, сургалт, судалгааны төв байгуулах төслийн явц болон ТЭЗҮ боловсруулах ажил амжилттай үргэлжилж байгаа гэнэ. Ордыг нөхөн сэргээж, аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж болдгийг үүгээр харуулахыг зорьж байгаа аж.

Батноров сумын нутагт барьж буй “Андлалын өргөө”-ний ажлын явц 60 хувьтай, арваннэгдүгээр сард багтааж ашиглалтад оруулах гэнэ. Сайд Л.Оюун-Эрдэнэ “Хамгийн гол нь чанартай гүйцэтгээрэй. Түүхэн аялал жуулчлалын ажил алхам алхмаар урагшилж байна. Норовлин, Баян-Адарга, Дадал, Биндэр зэрэг сумд хийгдэхээр төлөвлөсөн, түүхэн аялал жуулчлалын бусад томоохон цогцолборын эхлэл нь “Андлалын өргөө” юм” хэмээн онцолсон. Мөн тус сумын төвд шинээр барьж байгаа спорт танхим, соёлын төвийн ажил хэвийн үргэлжилж буй аж.

Баян-Овоо сумын цэцэрлэгийг 100 хүүхдийн багтаамжтай болгон өргөтгөхөөр 1.1 тэрбум төгрөг төсөвлөжээ. Ажлаа гэрээт хугацаанд нь ашиглалтад оруулахаа гүйцэтгэгч нь хэлж байлаа. Үүнээс гадна олон жил засварлаагүй уурын зуухыг 1.1 тэрбум төгрөгөөр шинэчилж буй аж. Ингэснээр Баян-Овоо улсын хэмжээнд дэд бүтэц сайтай цөөхөн сумын нэг болох гэнэ. Төвлөрсөн халаалт, цэвэр усны шугам, хоолой тавих ажил нэгэн зэрэг өрнөж байгаа юм байна. Мөн тус сумын нутаг дахь Гүрмийн нуурыг түшиглэж, аялал жуулчлал хөгжүүлэхээр төлөвлөжээ. Улсын төсвийн 200 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тус нуур луу 8.2 км цахилгаан дамжуулах шугам татсан байна.

У.Наран


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)