Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурсан нэр бүхий 4-5 хүн авлигын хэрэгт холбогдсон байж болзошгүй

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын нэг сайд 10 сая ам.долларын авлигын хэрэгт холбогдсон байж болзошгүй гэсэн мэдээлэл тархаад буй. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс тодрууллаа.

-Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг гадагш задруулж, Рио тинто компанид өгсөн асуудал гараад буй. Энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-АТГ болон хуулийн байгууллагуудад Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудал мөн үүнтэй холбоотойгоор авлига авсан байж болзошгүй эрх бүхий 4-5 хүн байгаа гэсэн мэдээлэл ирсэн. Одоогоор нэрийг нь хэлэх боломжгүй. Үүнийг шалгаж байгаа ажлын хэсгийнхний дүгнэлт Засгийн газарт ирнэ. Иймд УИХ, АТГ нар яаралтай хэлэлцэж дүгнээд дүгнэлтээ Засгийн газарт ирүүлэх ёстой. Хардагдаад байгаа хүмүүсийн хувьд тухайн үед гэрээнд гарын үсэг зурсан хүмүүс байгаа. Мөн Зарим компанид давуу эрх өгсөн байж болзошгүй зүйл байгаа. Жишээ нь, “Модерн Номадс” компани Оюу толгойн катеринг нийлүүлэхэд орчихсон бэ, зарим шатахуун түгээхтэй холбоотой Оюу толгой, Рио Тинто-д ямар нэгэн байдлаар давуу эрх олгох хэлцэл үүссэн байж болзошгүй гэж хардах үндэслэл үүсч байгаа юм билээ.

-Засгийн газрын гишүүн 10 сая ам.долларын авлига авсан талаарх мэдээлэл гараад байгаа. Энэ үнэн үү. Хэрэв үнэн бол ямар хариуцлага тооцох вэ?

-Хэвлэл мэдээллээр ийм мэдээлэл гарсан ч нэр зарлагдсан асуудал байхгүй. Би хоёр хоногийн өмнө хууль хяналтын байгууллагуудын удирдлага руу утасдаж асуухад одоогоор албан ёсоор тогтоогдсон эсвэл шалгагдаж байгаа зүйл байхгүй гэсэн. Гэвч нийгэм хардах эрхтэй тул цаашид нягталж шалгах байх.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)