Л.Оюунчимэг: “Баруун сэлбэ”-ийн барилгыг бүхлээр нь өмчлөх зорилго надад байхгүй

Төрийн өмчийн “Баруун сэлбэ” үйлчилгээний төвд үйл ажиллагаа явуулдаг “Улаанбаатар радио”-гийн барилгыг нийслэлийг удирдахаар дэмжигдээд буй С.Мөнхчулуун хадам ээж болон хадам дүүгийнхээ нэр дээрх “Наранбулаг сервис” ХХК-д өмчлүүлэх гэж 10 жил оролдож буй гэх мэдээлэл гарсан. Энэ талаар “Наранбулаг сервис” компанийн захирал Л.Оюунцэцэгээс тодрууллаа.

-Төрийн өмчийн барилга, байгууламжийг хууль бус аргаар таны нэр дээр шилжүүлэх гэж байна гэсэн мэдээлэл байна. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?

-“Баруун сэлбэ” (хуучнаар Нарны титэм) үйлчилгээний төв 1991 онд ашиглалтад орсноос хойш 30 гаруй аж ахуйн нэгж, иргэн уг төвд түрээсээр үйлчилгээ явуулдаг байв. Тэдний нэг нь манайх. Тус барилгын нэгдүгээр давхрын 175 ам метр талбайг 1991-2005 он хүртэл 14 жил түрээсэлсэн. 

Гэтэл дээрх төвийг “Улаанбаатар радио” ХХК гэх байгууллагад гэнэт “Балансаас балансад шилжүүлэх” шийдвэр 2004 онд гаргаж, бидний эрх ашиг хөндөгдөн хувьчлалын маргаан эхэлсэн юм. “Улаанбаатар радио” компанийнхан уг төвийг өмчлөх ямар ч эрхгүй байхдаа тус барилгын 1222 ам метр талбайг бүхэлд нь эзэмших хууль бус тогтоол гаргуулсан. Тэр талбайд бидний эзэмшдэг 175 ам метр талбай багтдаг учир шүүхэд хандсаар ирсэн. Энэ маргаан 2004 оны аравдугаар сараас 2016 он хүртэл бүтэн 12 жилийн турш үргэжилсэн. 

Хамгийн сүүлд Улсын дээд шүүхийн шийдвэрээр уг барилгыг эрх бүхий этгээдүүдэд тус тусад нь өмчлүүлэхээр шийдвэрлэсэн. Гэвч бид өнөөдрийг хүртэл 14 жил хууль ёсоор эзэмшиж, ашиглаж ирсэн, өмчилж авах эрхтэй ажлын байраа одоо болтол авч чадаагүй. Иргэний хуулийн 105.1-д “Эд хөрөнгийг 10 буюу түүнээс дээш жил хууль ёсоор эзэмшиж, ашигласан эзэмшигч тухайн хөрөнгийн өмчлөх эрхийг тэргүүн ээлжид олж авах давуу эрхтэй” гэж заасан байдаг. 

Гэтэл “Улаанбаатар радио”-гийнхон хоёрхон жил түрээслэхдээ өмчлөх шийдвэр гаргуулахыг оролдож, 2008 оноос өнөөг хүртэл түрээсийн төлбөр төлөлгүй зөвхөн ашиглалтын зардал (цахилгаан, ус, хог)-ын төлбөр төлж, нийслэлийн өмчийг бусдад давхар түрээслэн (ижил хүйстний цэнгээний газар, хэвлэлийн үйлдвэр, жаазны үйлдвэр зэрэг) төрийн өмчийг хувьдаа завшин орлого олж байна. 

Тэд төрийн өмчийн байгууламжийг хууль бусаар эзэмшиж байсныг бид шүүхэд гаргаж өгсөн баримтуудаараа хангалттай нотолсон. Бид баримтад үндэслэн “Баруун сэлбэ” үйлчилгээний төвийг нийслэлийн Өмчийн харилцааны газрын данс, бүртгэлд оруулсан бөгөөд тус газар тухайн үеийн ханшаар буюу 656 сая төгрөгөөр үнэлж дансандаа бүртгэж авсан.

-Энэ маргаанд С.Мөнхчулууныг холбогдуулж буй нь ямар учиртай юм бол?

-С.Мөнхчулуун эрх мэдлээ ашиглаж уг байгууламжийг хадам дүүдээ өмчлүүлэхээр оролдож байна гэх мэдээлэл ямар ч үндэслэлгүй. Энэ төвийг манайх түрээсэлдэг байхад миний охин Наранбулаг 13 настай, дүү нь тэрнээс ч бага байсан. С.Мөнхчулуун ч ялгаагүй хүүхэд байсан нь ойлгомжтой.

“Улаанбаатар радио”- гийнхон анхан шатны шүүх хуралд ялагдсан бидний ганцхан тохиолдлыг нийтэд ил болгосон байна лээ. Харин давж заалдах болон хяналтын шатны олон удаагийн шүүх хуралд бид өнөөг хүртэл байнга ялж ирсэн. Эсрэг талын хууль бус үйлдлүүдийг нотлох бүх баримт шүүхэд болон надад бий. Хэрэв дээрх байгууламжийг худалдахаар шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хуулийн 105.1-д заасны дагуу тэргүүн ээлжид худалдан авах эрхийг бид эдэлнэ.

Үүнийг шат шатны шүүхийн шийдвэрүүдээр хөдөлбөргүй тогтоож өгсөн. Бид тухайн үед эзэмшиж байсан 175 ам метр талбайг л эзэмших хүсэлтэй болохоос уг барилгыг бүхлээр нь авах зорилгогүй. Бидний өмчлөх эрхийг 2007 онд холбогдох хуулийн дагуу эрх бүхий байгууллагаас баталж, түүнийг 30 хоногийн дотор тодорхойлон, нийслэлийн ИТХ-аар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийг нийслэлийн Засаг даргад даалгасан ч одоо хүртэл дээрх шийдвэрийг биелүүлээгүй. 

“Улаанбаатар радио” ХХК-ийн бусдын өмчийг хууль бусаар авахыг санаархаж ирсэн шуналтай үйлдлээс болж намайг хохироож байгаад би маш их гомдолтой байгаа. Харин төрийн өмчийг үнэгүйгээр хувьдаа завшиж байгаа “Улаанбаатар радио” компани болон холбогдох эрх бүхий этгээдүүдийг АТГ-т өгөхөөр нотлох баримтуудыг бүрдүүлж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)