Л.ОЮУНЧИМЭГ: Аялал жуулчлал хөгжүүлэх нэрээр хөшөө барихаа болих хэрэгтэй

Аялал жуулчлал хөгжүүлнэ гэхээр л манайхан гадаадын жуулчдыг хүлээн авах тухай ярьдаг. Гэтэл гадаадын жуулчдад үзүүлэх үзэсгэлэнт газруудаа монголчууд маань буртаглах боллоо. Эл асуудлыг хэрхэн цэгцлэх талаар МУИС-ийн аялал жуулчлалын хөтөлбөрийн ахлах багш, докторант Л.Оюунчимэгтэй ярилцлаа.

-Салбарын яам болон холбогдох байгууллагынхан дотоодын аялал жуулчлалыг яагаад анхаарахгүй байна вэ. Хэдэн хүн хаагуур аялсныг ч тогтоож, мэдэхгүй байх шиг. 

-Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ)-наас 2017 онд тусгай хамгаалалттай газруудад аялсан хүний тоог гаргасан. Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт тухайн онд хамгийн олон буюу гадаадын 28 377, дотоодын 131 245 иргэн аялжээ. Дараагийн байрт Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газар орсон байна. Тэнд дотоодын 82 554, гадаадын 11 343 жуулчин очжээ. Гэхдээ энэ статистик учир дутагдалтай. Яагаад гэвэл тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааныхан ирсэн хүн бүрийг бүртгэж чаддаггүй. Жишээлбэл, Онон, Балжийн байгалийн цогцолборт газарт таван замаар очдог. Гэтэл ганц замд л төлбөр хураах цэг бий. Бусад дөрвөн чиглэлээр ирсэн жуулчдыг бүртгэдэггүй, төлбөр авдаггүй. Үүнээс гадна төлбөр хураах цэгийнхэн 24 цаг ажилладаггүй болохоор дээр дурдсан тоо хангалтгүй гэсэн үг. Тиймээс манай багийнхан 800 орчим хүнээс хаагуур, ямар зорилгоор аялдаг зэрэг 30 асуулттай судалгаа авлаа. Сонирхолтой үр дүн гарах байх. Дотоодын жуулчдыг урьд нь ингэж судалж байгаагүй. 

-Дотоодын жуулчдын тоо сүүлийн 4-5 жилд эрс нэмэгдсэн. Үүнд ямар хүчин зүйлүүд нөлөөлсөн юм бол? 

-Монголчуудын орлого нэмэгдсэн, аялал жуулчлалын гол бүс нутгууд нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдсон нь нөлөөлсөн. Айл бүр машинтай болж, гэр бүл, хамаатан садан, найз нөхөдтэйгөө аялдаг боллоо. Ялангуяа наадмын амралтын өдрүүдэд иргэд хотод байхаа больжээ. Дотоодын жуулчдын тоо нэмэгдсэн бас нэг шалтгаан нь нийгмийн сүлжээ. Хүмүүс очсон газрынхаа зургийг олон нийтийн сүлжээнд байршуулах нь бусдыг аялалд уриалан дууддаг. Дагагчдад “Энэ газар луу аялах сан” гэсэн сэдэл төрдөг. Ерөнхий боловсролын болон их, дээд сургууль төгсөгчид хамт олноороо аялж, байгалийн сайханд зураг авхуулж, нийгмийн сүлжээнд байршуулдаг. “Хүүхдүүд фэйсбүүк, инстаграмын зураг авхуулах гэж л ирдэг” гэж тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүд хэлсэн. Урьд нь хүмүүс төдийлөн мэддэггүй байсан газрууд ийм маягаар “илэрдэг” боллоо. 

-Иргэд ихэнхдээ хаагуур аялж байна вэ? 

-Монголчууд ихэвчлэн л ус барааддаг. Гол, нуурын эрэгт очно. Сүүлийн 3-4 жилд дотоодын аялагчдын очсон гол газар нь Хөвсгөл нуур. 2014 онд Хатгал тосгон нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдсоноос хойш Хөвсгөл нуур аялагчдын хөлд дарагдсан. Дотоодын аялагчдыг хэд хэдэн бүлэгт ангилж болно. Эхнийх нь амрагчид. Найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ нэгдэн, 4-5 машинтай аялдаг. Хоёр дахь нь байгууллага, хамт олон. Энэ төрлийн аялал зохион байгуулдаг компаниуд ч бий болсон. Гадаадын жуулчин хүлээн авдаг компаниуд урьд нь дотоодын иргэдийг тоодоггүй байсан бол эрэлт ихсэнгүүт энэ зах зээлд анхаарч эхэлсэн. Гурав дахь бүлэг нь ямар нэгэн ойн баяр тэмдэглэгчид. Сум, сургуулийн зэрэг ойн баяр тэмдэглэхээр хэсэг бүлгээрээ 2-3 өдөр аялах нь олширсон. Дөрөв дэх нь тансаг зэрэглэлийн зах зээл. Хөрөнгө чинээтэй, туулах чадвар сайтай, аяллын зориулалтаар тохижуулсан машинтай хүмүүс. Тэд Хөвсгөл, Өгий, Тэрхийн цагаан нуурт очихгүй. Олон хүнтэй газраас зайлсхийж, Баян-Өлгий, Увс гэх мэт алс зэлүүд нутаг руу аялдаг. Тав дахь бүлэгт уулчин, адал явдал хайгч, гэрэл зураг сонирхогч гэх мэтээр тодорхой зорилгоор нэгдсэн аялагчид багтана. 

-Өнгөрсөн зун Хөвсгөлд очиход жуулчны баазынхан “Дотоодын аялагчдын тоо олширсноос гадаадынхан ирэх нь багассан” гэсэн. Энэ маягаар монголчууд хэчнээн газрыг “эзлэв”? 

-Манай орны аялал жуулчлалын үндсэн чиглэл нь Тэрэлж, Амарбаясгалант, Хөвсгөл, Тэрхийн цагаан нуур, Хархорин гээд үргэлжилдэг байлаа. Бид гадаадынханд энэ газруудаа л үзүүлдэг байсан. Гэтэл гол чиглэлээ монголчууд өөрсдөө сүйрүүллээ. Тэрэлж ямар болсныг хүн бүр мэднэ. Өчнөөн олон барилга, баазууд. Хотоос ер ялгаагүй. Гадаадын жуулчид Тэрэлжийг сонирхохоо бараг больсон. Үндсэндээ Тэрэлж аялал жуулчлалын үндсэн бүтээгдэхүүн биш болжээ. Мөн Хөвсгөл нуур хасагдлаа. Өнгөрсөн зун хамт аялсан жуулчдаасаа санал асуулга авахад “Хөвсгөл огт таалагдсангүй” гэсэн. Уг нь тухайн газартаа л өндөр үнэтэй, тохилогт тооцогдох “Арт 88” баазад байрласан юм. Гэр бүл, найз нөхөд, хамаатан саднаараа аялж яваа 130 орчим монгол хүн тэнд байсан. Хүүхдүүд орилолдож, гүйлддэг, аав, ээж нь архи ууж, шорлог, хоол хийдэг, байрласан газартаа хогоо хаядаг монголчуудын нийтлэг төрх тэднээс харагдаж байгаа юм. Үүнээс болоод гадаадынхан залхаж “Эзгүй, тансаг зэрэглэлийн бааз байна уу. Бидэнд үнэ төлбөр хамаагүй” гэсэн. Мөн Монголд 20 гаруй жил аялал жуулчлалын бизнес эрхэлсэн гадаад хүн “Танайх Тэрэлж, Хөвсгөл хоёрыг алдсан. Бусад газраа алдаж болохгүй” гэж ярьсан. Гэтэл манайхан ар араас нь алдсаар байна. Хар зүрхний хөх нуур хогон далай болсон. Өгий, Тэрхийн цагаан нуур ч адил. Улаагчны хар нуур луу олноороо “дайрч” эхэллээ. Ерөөсөө аялал жуулчлалын гол чиглэл дагуух нуурууд жагсаалаас гарсан. Одоо Онон, Балж руу “дайрна” гэнэ. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр тэнд Чингис хааны хөшөө барих болсон. Үүнийг хэрэгжүүлбэл Онон, Балж голын эрэг хогоор дүүрнэ.

-Аялал зугаалгын цаг эхэллээ. Дотоодын аялагчдыг хяналтгүй явуулсаар байх уу. Цаашид яах ёстой вэ? 

-Монголчууд эх орноороо аялахыг чухалчилдаг болсон, энэ зах зээл цаашид тэлнэ. Тиймээс яамнаас бодлого боловсруулж, кампанит ажил өрнүүлэх шаардлагатай. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал. Монголчуудад аялал жуулчлалын боловсрол алга. Манайхан хөдөө очоод эхний өдөр архи уудаг. Маргааш нь усанд орж шараа тайлаад, нөгөөдөр нь буцдаг. Ингэхдээ идэж, уусан зүйлийнхээ хогийг орхидог. Монгол аялагчдын нийтлэг төрх ийм. Мэдээж бүгд адилгүй л дээ. Улаанбаатарын иргэд харьцангуй соёлтой. Харин орон нутгийнхан маш их хог хаядаг гэж жуулчны баазынхан ярьсан. Сүүлийн жилүүдэд сумын захиргааныхан сургуулийн багш, эмч нартайгаа нийлж аялдаг болжээ. Тэд хогийг жинхэнэ утгаар нь “үйлдвэрлэдэг” юм байна. Өнгөрсөн жил Өгий нуурт очиход майхан барих зайгүй шахам шавааралдсан, бөөн хог болсон. Энэ зун дахиад л давтагдана. Машинууд нь голдуу орон нутгийн дугаартай байсан.

-Аялал жуулчлалын боловсролыг яаж олгох вэ? 

-Нийгмийн сурталчилгааг орон даяар хийх ёстой. Тухайлбал, “Монголоо сайхан чигээр нь үлдээе” гэсэн уриалга гаргаж, эхний ээлжид хатуу хог хаягдалтай тэмцээсэй гэж хүсэж байна. Үүний тулд төсөв гаргаж, жуулчны баазынхан, сурагч, оюутнуудыг ч дайчлан, бүх газрыг самнаж цэвэрлэх ёстой. Хогоо дахин боловсруулъя гэж “том” ярихаа больё. Ядаж түүж цэвэрлээд, хогийн цэгт асгах хэрэгтэй. Шинэ Зеланд, Австралийн дунд сургуулийн газар зүй, байгаль шинжлэл, хүрээлэн буй орчны хичээлээр хог түүлгэх хөтөлбөр хэрэгжүүлдэг юм билээ. Эцэг, эхчүүд нь “Миний хүүхдээр хог түүлгэлээ” гэж уурлаж, муйхарладаггүй. Бид багадаа нийтийн цэвэрлэгээнд оролцдог байсантай адил. Хог түүж дадсан хүүхэд өөрөө хаядаггүй. Манай улс энэ жишгийг нэвтрүүлэх ёстой. 

-Хүүхдүүдэд багаас нь боловсрол олгодог боллоо. Харин хог хаяад байгаа том - чууд, ялангуяа хөдөөнийхнийг яах вэ?

-“Энэ уулын догшин савдаг татсан тамхины чинь иш, хаясан хогийн чинь тоогоор толгой дараалан хариугаа авна” гэсэн бичигтэй самбарын зураг олон нийтийн сүлжээнд тавьсныг харлаа. Арга ядсан мэт боловч тийм самбарууд байрлуулахаас өөр замгүй. Энэ нь “Хог бүү хая” гэснээс илүү хүмүүст хүрнэ. Бас нэг арга нь олны танил хүмүүсийг нийгмийн сурталчилгаанд оролцуулах. Жишээ нь, Британид зохион байгуулдаг рок хөгжмийн наадмуудын үеэр “Хүрээлэн буй орчноо хамгаалъя”, “Дэлхийн дулааралтай тэмцье” гэх мэтээр уриалдаг. Хэн нэгэн судлаач, мэргэжилтэн байгалиа хамгаалъя гэснээс олны танил хүмүүс хэлэх нь илүү үр дүнтэй юм байна л даа. “Никитон” хамтлаг тоглолтоо хийхдээ БОАЖЯ-тай хамтарч, байгалиа хамгаалах уриалга дэвшүүлбэл олон хүнд хүрнэ. Манайхан хэн нэгэнд зориулаад хандивын тоглолт зохион байгуулдаг шүү дээ. Түүнтэй адил хүрээлэн буй орчин, байгалиа хамгаалахыг уриалсан тоглолт хийж яагаад болохгүй гэж. Зөвхөн дуучид биш, олны танил бусад хүн ч үүнд нэгдэх ёстой. Тухайлбал, Ч.Санжаадамба аварга Архангай нутгийнхандаа “Байгалиа бүү бохирдуулаарай” гээд хэлчихвэл цөөнгүй хүнд хүрнэ. Ингэж хэлснээрээ тэр хүн хохирохгүй, мөнгө төгрөг ч зарцуулахгүй, харин ч нэр хүнд нь өснө. Хэрэв би аль нэг аймгийн алдартан, дуучин, бөх байсан бол иймэрхүү зүйлийг хүнээр хэлүүлэхгүй хийнэ. Өвөл болохоор утааны тухай, зун бүр л хогоо яах вэ гэж ярьсаар л баймааргүй байна. Дорвитой арга хэмжээ авах цаг болсон.

-Тусгай хамгаалалттай газруудын хогийн менежментийг хамгаалалтын захиргааныхан хариуцдаг. Гэхдээ тэдэнд хог цэвэрлэх төсөв байхгүй гэж байнга гомдоллодог. 

-Үүнийг шийдэх гол арга нь тусгай хамгаалалттай газарт нэвтрэх төлбөрийг нэмэх. АНУ-ын тусгай хамгаалалттай газруудад нэг өдөр аялахад 25, гурван өдөр бол 50 доллар төлдөг. Гэтэл манайд тусгай хамгаалалттай газарт нэвтрэхэд 300-хан төгрөг төлдөг. Хэд ч хоносон хамаагүй. Дээр дурдсанаар, олонх нь төлдөггүй. 300 төгрөг тэр хүний тарьсан хогийг цэвэрлэхэд яагаад ч хүрэлцэхгүй биз дээ. Үүгээр зогсохгүй иргэдээс хураасан мөнгийг хамгаалалтын захиргааныхан захиран зарцуулах эрхгүй, төрийн санд төвлөрүүлдэг. Захиргааныхан мөнгөгүй учраас чадлынхаа хэрээр багахан газрын хогийг л цэвэрлэдэг. Тиймээс төлбөрийг ядаж 3000 төгрөг болгож, зарцуулах эрхийг нь хамгаалалтын захиргааныханд өгөх ёстой. Иргэдийн тарьсан хогийг цэвэрлэхэд энэ нь үр дүнтэй арга. Мөн хог хаясан иргэдэд өндөр торгууль ногдуулах шаардлагатай. Үүнийг эхэндээ хүмүүс эсэргүүцэж “Эх орноороо чөлөөтэй аялахад саад боллоо. Өндөр төлбөр нэхлээ” гэж хэлнэ. Гэхдээ дараа нь байгалиа хамгаалахын утга учрыг ойлгох нь гарцаагүй. Шинэчлэлийг хүмүүс голдуу л эсэргүүцэж хүлээж авдаг. Автомашиныг улсын дугаараар нь хязгаарлаж замын хөдөлгөөнд оролцуулахыг иргэд анх эсэргүүцсэн. Гэтэл одоо сурчихсан л байгаа биз дээ. Монголчууд “Манайхаас өөр гоё байгальтай газар хаана ч байхгүй” гэж онгирдог ташаа ойлголтоосоо салах ёстой. Манайхаас сайхан байгальтай газар өчнөөн бий. Монгол орны өргөн уудам, нүд алдам нутаг л жуулчдын сэтгэлийг татдаг. Хаашаа ч харсан барилга байшин, хашаа, цахилгааны утасны шон байхгүй газар үзэх гэж л жуулчид Монголыг зорьдог. Мөн нүүдэлчдийн аж амьдралыг ихэд сонирхдог. Ийм зүйл үзэх гэж өндөр үнэ төлж, хол зам туулж ирэхэд нь бид бөөн хог, архины шилтэй угтаж болохгүй биз дээ.

-Монгол Улс 2020 онд нэг сая жуулчин хүлээн авах зорилт дэвшүүлсэн. Энэ зорилтод хүрэх боломжтой юу. Жуулчдын тоо нэмэгдсэн үү? 

-Гадаадын жуулчдын тоо нэмэгдэж байгаа. Өнгөрсөн онд 529 370 жуулчин иржээ. Цаашид нэлээд өснө. Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг удахгүй ашиглалтад оруулна. Агаарын тээврийн салбарт шинэ компаниуд орж ирж байна. Энэ оноос БНСУ-ын “Aseana” компани нислэг үйлдэж эхэллээ. Манай “Eznis аirways” дахин нисэж, Казахстаны “Scat airlines” орж ирсэн. Нислэгийн тоо нэмэгдэх хэрээр жуулчдын тоо өснө. Зочид буудлын тоо ч нэмэгдсэн. Гэсэн ч 2020 онд жуулчдын тоо нэг саяд хүрэх боломжгүй. 600 000-д хүрэх болов уу. Манайхан бодитой, хөрсөнд буусан, судалгаа шинжилгээнд үндэслэсэн шийдвэр гаргах хэрэгтэй. Монголын аялал жуулчлалын гол бүтээгдэхүүнүүдийн нэг нь наадам. Наадам үзэх тасалбар авах нь аяллын бүх компанийн толгойны өвчин болдог. Жуулчдад зориулсан тасалбарын үнэ уг нь 25 ам.доллар ч дамлан худалдагчид 100 ам.долларт хүргэдэг. Төв цэнгэлдэх хүрээлэнг тойруулаад өчнөөн байшин барьчихлаа. Энэ мэт шалтгаанаас болоод аж ахуйн нэгжүүд наадам үзүүлэх аялал зохион байгуулахаас зайлсхийж эхэлсэн. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг дээ. Нэг сая жуулчин хүлээн авахын тулд наад зах нь шинэ цэнгэлдэх хүрээлэн барих шаардлагатай. 

-Олон улсын аялал жуулчлалын “ITB Berlin” үзэсгэлэнд манай улс 2015 онд түнш орноор оролцсон. Уг үзэсгэлэнгийн үр дүн жуулчдын тоонд нөлөөлөхгүй юү? 

-Сүүлийн хоёр жилд дорвитой үр дүн ажиглагдсангүй. 2010 онд уг үзэсгэлэнгийн түншээр Турк оролцсон юм. Тухайн онд 28 сая жуулчин тус улсад аялсан бол дараагийн хоёр жилд нь 31, 34 сая болж нэмэгдсэн. Үүнийг зөвхөн “ITB Berlin”-ий үр дүн гэж үзэх үндэсгүй ч тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Мальдив улс 2016 онд түнш орон болжээ. Хүлээн авсан жуулчдынх нь тоо 2017 онд 1.3, дараа жил нь 1.4 сая болж өссөн юм билээ. Жилд 100 мянгаар л нэмэгдсэн. Манайд ч иймэрхүү л үр дүн гарах байх гэж аялал жуулчлалын салбарынхан таамаглаж буй. Турк шиг сая саяар нэмэгдэх боломжгүй.

-Найм орчим тэрбум төгрөг зарцуулж уг үзэсгэлэнд оролцсоны хэрэг бараг гарахгүй гэсэн үг үү? 

-Мэдээж тодорхой хэмжээний үр дүн гарсан. Түүнийг нь тооцож гаргах ёстой. Гэтэл “ITB Berlin”-д түншээр оролцох ажил хариуцсан төрийн бус байгууллага нь үйл ажиллагаагаа зогсоосон. Тэр үзэсгэлэнд оролцсоныг БОАЖЯ-ныхан өдгөө санаж байгаа, эсэх нь эргэлзээтэй. Ерөөсөө яамны бодлого сонгуулийн мөчлөгийг даган урваж хөрвөсөөр байна. Төр, засгаас аялал жуулчлалын салбарыг төдийлөн ойшоохгүй, нэг яамнаас нөгөөх рүү нь “шидэж” ирсэн. 1998-1999 онд хэрэгжүүлэгч агентлаг байлаа. Дараа нь Зам, тээврийн яамны харьяат болсон. Тэгснээ Байгаль орчны яам руу шилжүүлсэн. Соёл, спортын яамтай ч хавсаргаж үзлээ. Эцсийн дүнд буцаад Байгаль орчны яаманд харьяалагдлаа. Ингэж өөрчлөгдөх бүрт сайд нар нэг мөрөөдлөө дэвшүүлдэг. Хархориныг цогцолбор болгон хөгжүүлнэ гэсэн уриалга урьд нь гарч байлаа. Ц.Оюунгэрэл сайд болонгуутаа шувуу, үлэг гүрвэлийн аялал жуулчлал хөгжүүлнэ гээд л шуурсан. Харин одоо Онон, Балжид Чингис хааны хөшөө барих гэнэ. 

-Нэлээд том цогцолбор барина гэж дуулсан. Жуулчид үзэх бас нэг газар нэмэгдэх ач холбогдолтой биш үү? 

-Техник, эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулахад би үндэсний зөвлөхөөр ажилласан юм. “Гоё хөшөөтэй болно, аймаг хөгжинө” гээд нутгийн иргэд баярлаад л байна лээ. Үнэндээ бол орон нутаг хөгжихгүй шүү дээ. Нутгийн малчныг тэнд ажиллуулахгүй, хотынхон л очно. Хөвсгөлтэй яг адил. Жанхай дахь цаатнуудын отогт цаатан, дархад хүн нэг ч байхгүй. Хотын наймаачид цаатны хувцас өмсчихсөн суудаг. Олон газарт очсон туршлагатай аялагч хуурамч гэдгийг нь ойлгоод, дахин тэнд очихыг хүсэхгүй. Би хөшөө барихыг дэмжихгүй. Гэхдээ нэгэнт шийдвэр нь гарсан болохоор олигтойхон юм бариасай л гэж бодож байна. Аялал жуулчлалд жинхэнэ байдал буюу authenticity гэдэг ойлголт маш чухал. Хөгжил хүрээгүй буйд газрууд, мал маллан аж төрдөг нүүдэлчид нь монголчуудын бодит байдал буюу жуулчид үзэхийг хүсдэг гол зүйл нь. Гэтэл манайхан тэр бодит зүйлээ хиймэл болгох гэж зүтгэдэг. Жуулчид Цонжинболдогт очоод Чингис хааны хөшөөг нэг их сонирхохгүй. Барьсан оныг нь асуугаад боллоо. Ур хийц нь болхи, цохихоор хөндий төмөр дуугарч байхад хэн сонирхох билээ. Сум, аймгийн удирдлага аялал жуулчлал хөгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөө баталдаг. Сайн хэрэг. Гэхдээ хийх гол ажил нь хөшөө босгох. Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумд 350 сая төгрөгөөр Алунгоо хатны хөшөө барих юм гэнэ. Аймаг, сумуудын дарга нарыг Өвөрмонгол руу аялуулж туршлага судлуулдаг болсонтой энэ нь холбоотой гэж би боддог. 

-Ямар учиртай юм бэ? 

-Сум, аймгийн Засаг дарга нар сүүлийн жилүүдэд Өвөрмонголоос аялал жуулчлал хөгжүүлэх туршлага их судалсан байна. Тэнд дандаа л хөшөө буюу хиймэл зүйлс байдаг. Бид 2014 онд тэнд судалгаа хийсэн. Өвөрмонголын аялал жуулчлалын гол зах зээл нь хятадууд. Гэхдээ баян хятадууд биш. Олон газраар жуулчилж үзээгүй, хямд үнэ төлж олноороо аялдаг хөдөөгийн иргэд. Ерөөсөө л тэдэнд зориулсан зах зээл гэж хэлсэн ч болно. Өөрсдөө энэ зах зээлдээ сэтгэл ханачихсан. “Бид гадаадын жуулчин авахыг хүсэхгүй байна” гэдэг юм билээ. Монголд олон жил аялал жуулчлалын бизнес эрхэлсэн туршлагатай хүмүүс “Өвөрмонгол руу Америк, Япон, Франц, Германы жуулчид очдоггүй, бүх зүйл нь хуурамч учраас” гэж ярьдаг. 

-Адал явдалт, явган гэх мэт аяллын шинэ төрөл бий болсоор байна. Алийг нь манайд голлон хөгжүүлэх ёстой вэ?

-Дэлхий дахинд аялал жуулчлал эрс өөрчлөгдөж байгаа. Туршлага олж авах хүсэлтэй, нутгийн иргэдтэй харилцдаг, өөрийгөө жуулчин биш, experiential traveler буюу туршлага олж авдаг аялагч гэж нэрлэх хүн олширсон. Жуулчдыг автобус, машинд суулгаад, нэг газраас нөгөөх рүү хүргэдэг аяллыг манайхан 20 гаруй жил зохион байгууллаа. Гэтэл жуулчид малчин айлд очиж амьдарч, хамт хоол хийх хүсэлт тавьдаг болсон. Бас Улаанбаатарын төвийн болон гэр хорооллын айлд зочлох хүсэлтэй хүн ч цөөнгүй. Мөн аяллын үеэр сайн дурын ажил хийх, нутгийн иргэдэд туслах санал тавьдаг. Жуулчдын сонирхол өөрчлөгдсөн тул бид эрэлтэд тулгуурлан, хөтөлбөр, бүтээгдэхүүнээ баяжуулах хэрэгтэй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (19)