Л.ОТГОНЦЭЦЭГ: Тусгай сургуулийн багш болсноор тамирчдынхаа сэтгэл зүйг илүү ойлгосон

Найман жил завсарласан волейболын “Үндэсний дээд лиг” энэ жил сэргэсэн нь спорт сонирхогчдыг баярлуулсан. Энэ удаагийн лигт багууд “гал гарсан” тоглолтуудаар өрсөлдөж, аваргуудаа тодруулсан юм. “Монголын волейболын спортын залуу тамирчдын ур чадвар гадаадын тоглогчдоос нэг их дутахааргүй хэмжээнд хүрсэн байна” хэмээн спортын мэргэжилтнүүд ярилцаж байна билээ. Тэдний тоглолтын тэсрэлт, сэтгэл хөдлөлөөс үзэгчид таашаал авсан гэдэгт эргэлзэхгүй байна. Талбайд тамирчдын хор шар, тэсвэр тэвчээр, овсгоо самбаа, баяр хөөр, ялалт, ялагдлын аль аль нь өрнөсөн. Ямар ч тэмцээн ялагчтай өндөрлөдөг. Энэ удаа эмэгтэйчүүдийн багаас ширүүн “тулалдсан” Жан Жин Хун эзэнтэй, спортын мастер Л.Отгонцэцэг дасгалжуулагчтай, С.Булгантамир ахлагчтай “Энагурэ” багийн тамирчид алтан медаль хүртэж, аваргын цом, 15 сая төгрөг гардлаа. “Үндэсний дээд лиг”-ийн тэмцээнд багаа аварга болоход ихээхэн үүрэг гүйцэтгэсэн Л.Отгонцэцэг шилдэг дасгалжуулагчаар шалгарч, залуу тамирчдаар багаа бүрдүүлсэн “Энагурэ” найман жилийн өмнө авч байсан аварга цолоо хамгаалав.

-18 дахь удаагийн лигт “Энагурэ” баг “Хобби эйс”-ийнхэнтэй ана мана өрсөлдөж түрүүллээ. Та багийнхантайгаа уулзаж, баяраа хуваалцав уу?

-Германаас ирээд багийнхантайгаа уулзаж амжаагүй л явна. Том тэмцээний ард гарсан болохоор охид маань лекцээ бичих, хичээлээ нөхөх гээд шалгалтдаа бэлдээд завгүй яваа. Намайг “Энагурэ” багт байх үеэс дасгалжуулагч багштайгаа тамирчид шинэ жилийн баяраа тэмдэглэж ирсэн уламжлалтай. Тиймээс охидтойгоо шинэ оны босгон дээр уулзахаар төлөвлөсөн. Манай багийнхан найман сараас эхэлж бэлтгэл хийсэн. Есдүгээр сард болсон “Тэнүүн-Огоо кап 2019” клубүүдийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсоныхоо дараа Буриадын Улаан-Үдэд зохион байгуулсан олон улсын тэмцээнд амжилттай оролцож түрүүлсэн. Ирэнгүүтээ үргэлжлүүлээд Залуучуудын УАШТ-д өрсөлдлөө. Тэмцээнд оролцох тусам багийнхны ур чадвар сайжирч, туршлага ч хуримтлуулав. Хүчтэй өрсөлдөгчтэй байна гэдэг өөрийгөө хөгжүүлэх том боломж. “Хобби эйс” сайн дасгалжуулагчтай, Л.Хосбаяр, Г.Хонгорзул, Б.Энхзаяа зэрэг чадварлаг тамирчинтай. Хүчтэй багийг буулгаж авах бидэнд амар байгаагүй.

-Тамирчдаа шагнал гардаж авах үед та Герман руу ажлаар явж таарсан гэсэн. Тоглолтын үеэр дасгалжуулагч О.Наранбаатар хичээл зүтгэл гарган багийг тань удирдаж, аваргын цом атгууллаа.

-Тийм ээ, манай багт О.Наранбаатар дасгалжуулагчийн дөрвөн шавь тоглодог. Багийн тоглогчдод зааж зөвлөх нь хүртэл ойр, өөриймсөг байх болов уу гэж бодоод Герман явахаасаа өмнө түүнд санал тавьсан. Саналыг минь хүлээн авч, хариуцлагатай тоглолтод сэтгэл гарган, итгэл дааж, багийг минь хожилд хөтөлсөн О.Наранбаатар, туслах дасгалжуулагч А.Амартүвшин нарт талархсанаа илэрхийлье. А.Амартүвшин бид хоёр дээд сургуульд хамт суралцсан нэг ангийнхан. Герман Монголоос долоон цагийн зөрүүтэй. Тэнд сургалтад суухдаа гэр бүл, байгууллага, багийнхныхаа тоглолт гээд олон зүйлд анхаарч байлаа. Ажилтай байсан ч тоглолтыг шууд бичлэгээр үзэж, зөвлөгөө өгсөн. Сайн дасгалжуулагчийн удирдлагад багаа амжилтад хөтөлсөн ахлагч С.Булгантамир шилдэг тоглогч, П.Энххүслэн шилдэг хаагч, Д.Сосорбурам шилдэг хамгаалагчаар шалгарсанд сэтгэл өндөр байгаа. Миний хувьд шилдэг дасгалжуулагчаар хоёр удаа шалгарлаа. 2018 онд Залуучуудын УАШТ-д багаараа түрүүлэхэд, энэ жилийн “Үндэсний дээд лиг”-ээс. Энэ удаа шилдгээр шалгарсандаа итгээгүй.

-Багийнхан тань Герман руу явах болсныг гэнэт сонсоод хэрхэн хүлээж авав?

-Хэрхэн хүлээж авахыг нь мэдэж байсан тул хэлээгүй. Аваргын төлөө тоглох үед нь хэлэхээр шийдсэн. Энэ тухай сонсчихоод тамирчид маань “Таныг байхгүй бол бид яаж тоглох, хэн дасгалжуулах юм бэ” гээд дуртай байгаагүй. Виз гарчихсан, хойшлуулж болохгүй ажил гарсан тухай хэлтэл багийн ахлагч “Бид 3:0-ээр хожлоо. Та сэтгэл тайван ажлаа амжуулаад ирээрэй” гэсэн. Багаа хожоод, аваргын цом гардахад нь би Германд баярлаад уйлж байлаа. Манай баг хожигдож яваад хожсон. Оноо барьж хожсон болохоор тоглолтоос нь нүд салгаагүй. Германд байсан ч сэтгэл минь Монголд “ирчихсэн”, багийнхантайгаа хамт тоглосон. Түрүүлэхэд нь баярлаад бүр орилсон. Хавь ойрын хүмүүсийг анзаарах сөхөө тэр үед надад байгаагүй. Сэтгэлийн ямар хөдлөл хүнд байдаг билээ, тэр бүгдийг гаргасан. Сэтгэл хямарч, түгшиж, өндөлзөж суусан. Оноо алдангуут “Ээ, яачихав аа та нар, алив үзүүлээд өгөөч манайхаан. Тэгээч, ингээч” гээд утсаа барьчихаад л ганцаараа яриад байлаа. Намайг “Манайхан чадлаа” гээд хашхирахад тэнд байсан хүмүүс баярыг минь хамт хуваалцсан.

-Тамирчнаас дасгалжуулагч болох хэцүү байх аа. Багаа амжилтад хөтлөхийн тулд хариуцлага үүрдэг амаргүй ажил шиг санагддаг.

-Би “Энагурэ” багт 2008 онд хөл тавьсан. Тэр үед МУБИС-ийн биеийн тамирын ангид спорт тоглоомын багш дасгалжуулагч мэргэжлээр суралцаж байв. Тамирчин хүн бие, сэтгэл зүйн бэлтгэл ямар байх ёстойг солонгос дасгалжуулагчаас сурсан. Оюутан байхдаа энэ бүхнийг тодорхой хэмжээгээр заалгасан болохоор дөхөм байлаа. Сургуулиа 2012 онд дүүргэсэн жилээ “Монгол туургатан” тэмцээнд оролцоход Монголын волейболын холбооноос дасгалжуулагчаар ажиллах санал ирсэн. Түүнээс хойш тамирчнаас дасгалжуулагчийн эгнээнд шилжсэн дээ.

“ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ” ВОЛЕЙБОЛ СОНИРХОГЧДЫГ БУЦААН АВЧИРЛАА

-Хөгжөөн дэмжигчдийн хүлээлтийн цангааг тайлж, сэтгэлийг нь огшоон, суудлаас нь өндөлзүүлсэн эл тэмцээнд онцлох, содон зүйл их байв. Тэмцээнийг сонирхолтой болгохын тулд Монголын тамирчид багтаа АНУ, Япон, ОХУ-аас легионер урьсан нь тоглолтыг өрсөлдөөнтэй болголоо.

-Волейболын дээд лигийн тэмцээнийг үзэгчид их хүлээсэн нь анзаарагдсан. Тэр дундаа эрэгтэйчүүдийн баг гадаадаас легионер тоглогчид урьсан нь тэмцээнийг улам сонирхолтой болголоо. Волейболын тамирчдын ур чадвар сайжирсан, гадаад, дотоодын тэмцээнд оролцож өөрсдийгөө хөгжүүлснээ тоглолтоороо харууллаа. Тухайлбал, АНУ, Японоос анх удаа Монголд легионер тамирчид ирж тоглолоо. Монголын спорт сонирхогчид легионер тоглогч ямар байдаг, тухайн багийн тоглолтод хэрхэн нөлөөлж, тоглолтын уур амьсгалыг хожил руу яаж хөтөлдгийг харсан байх. Тэмцээнийг орчинд нь үзэхэд сэтгэл огшдог. Үзэгчид сэтгэл хөдлөлөө тоглолтын торгон агшнуудад гаргадаг. Сонирхолтой, гоё тэмцээнээс тэд сэтгэлийн таашаал, эрч хүч аваад гардаг юм. Волейболын лигт нэг хэсэгтээ л тасарчихсан байсан үзэгчдийг энэ тэмцээн эргүүлэн авчирлаа. Спортын төв ордонд хөл тавьж, тухлаагүй, ажил ихтэй завгүй гүйсэн нөхдийг ч энэ лиг цэнхэр дэлгэцийн өмнө уясан гэдэгт итгэлтэй байна.

-Таныг спорт хэрхэн татав. Багийнхаа эгч нарын бөмбөгийг зөөсөөр байгаад л тамирчин болсон тухай дурссан санагдана.

-Би сурагч байхаасаа волейбол тоглосон. Тавдугаар ангид орохдоо Л.Оюунчимэг, Н.Энхтайван багш нарын удирдлагад волейболоор хичээллэсэн. Аравдугаар ангийн сурагч байхдаа волейболын УАШТ-д оролцсон тэр жил солонгос дасгалжуулагчийн хараанд өртсөн. Тэр дасгалжуулагч бидний тоглолтыг үзэж байгаад тамирчин сонгон авч байсан юм билээ. Шалгуурт нь тэнцсэн тул “Энагурэ” багийн захирал надтай уулзаж, санал тавьснаар энэ багт нэгдсэн. Өмнө нь зурагтаар л хардаг байсан Г.Цэцэгжаргал, Д.Уянга, А.Уранчимэг эгч нарыг үзээд “Гайхалтай гоё тоглодог эмэгтэйчүүдтэй нэг багт хамт тоглох гэж үү дээ” гэж өөртөө итгэж ядсан. Бүр зүүд зэрэглээ мэт санагдаж байлаа. Тамирчнаар анх ирээд эгч нарт бишгүй зэмлүүлж, бөмбөгийг нь зөөгөөд гүйж явсан он жилүүдэд олон зүйл сурсандаа баярладаг. Урмаар урагшилдаг тамирчин байхад шүүмжлүүлээд өөрийгөө хурцалдаг нь ч бий. Эгч нарт шүүмжлүүлэх тусам зөвөөр хүлээн авч, өөрийгөө хурцалж хөгжүүлдэг байлаа. Өдий зэрэгтэй яваа минь эгч нарын зааж, зөвлөсөнтэй холбоотой. Тамирчин байхдаа тэднийг тэмцээнтэй үед өглөө эрт хоол зэхэж, ойр зуурын амжуулах ажилд нь гүйнэ. Үе үеийн тамирчдад хэрэгжиж ирсэн энэ уламжлал “Энагурэ”-д одоо ч хэвээрээ. Тамирчид нэгнээ хүндлэх ёс зүйд тэднээс суралцсан. Тоглолтын талбайд бид өрсөлдөгч ч гэлээ энгийн үед сайхан нөхөрлөдөг эгч, дүүс. Спортын талбар биднийг үргэлж ойр, эвсэг, эрч хүчтэй, өөдрөг байлгадаг.

-Тамирчдынхаа сэтгэл зүйг дасгалжуулагч нь л сайн мэддэг. Эмэгтэйчүүдийн багийг удирдаж ажиллахад давуу тал олон уу?

-Тамирчны сэтгэл зүйд өөрийнх нь зан чанараас гадна ар гэрийнх нь байдал, ойр дотнын хүмүүсийн хүрээлэл нөлөөлдөг. Эрэгтэй хүүхдүүдийг бодвол охид их мэдрэмжтэй, бас эмзэг. Хичээлдээ мэриймтгий, гэрийнхэндээ санаа тавьж, гоо сайхандаа анхаарна, тоглолтод хэрэг болох санаануудыг олох гэж хичээдэг. Би тамирчдынхаа гэрийнхэнтэй үргэлж холбоотой байдаг. Эцэг, эх нь ч хүүхдүүдээ сайн ойлгож, дэмждэг. Манай багт тоглодог охид сургуулийнхаа сургалтын төлбөрт санаа зовдоггүй. Тамирчдыг ур чадвараар нь шалгаруулаад, сургалтын төлбөрөөс нь 50, 80, 100 хувь чөлөөлдөг. Миний хувьд гэр бүл, ажил, багийнхандаа анхаарах гээд өмнөхөөсөө ачаалал ихэссэн. Тамирчин хүнийг гэр бүл нь дэмжвэл амжилт гаргадаг. Манай багийн захирлыг Жан Жин Хун, дасгалжуулагчийг Чон Юн Ха гэдэг. ОУХМ Б.Хэрлэн багш дасгалжуулагчаар нэг хэсэг ажилласан. Энэ гурван хүний туршлагаас багийнхаа тамирчидтай хэрхэн ойр ажиллах, эмэгтэй тамирчдын сэтгэл зүйг яаж мэдэрч, ойлголцох чадвараас суралцсан. Захирал маань спорт хувцасны үйлдвэртэй. Манай баг тэмцээн болгонд шинэ хувцастай тоглодог. Тамирчдын хувцас жигдрэлтээс багууд санаа авч, хувцаслалтдаа анхаарал хандуулдаг болсон. Би охидынхоо тоглолтын бичлэгийг давтаж үзэх дуртай. Алдаа, оноог нь харж дүгнэлт хийдэг юм. Нөхөр маань “Чи багийнхантайгаа өдөржин хамт байдаг байж юуг нь үздэг юм бэ, сувгаа сольж, өөр юм үзье л дээ” гэдэг.

ХАНИЙН МИНЬ УРМЫН ҮГ ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧИЙН ШАГНАЛААС Ч ИЛҮҮ САНАГДСАН

-Таны нөхөр бас волейбол тоглодог байх аа?

-Гэр бүлийн минь хүнийг Н.Энх-Эрдэнэ гэдэг. Өмнөговь аймгийн харьяат. Волейбол сонирхож тоглодог. Хааяа нөхөр минь хүүгээ тэвэрч ирээд манай багийнхны бэлтгэл хийхийг хараад зөвлөгөө өгдөг. Нөхрийнхөө хоржоонтой, шар малтсан шүүмжлэлээс багийнхныхаа алдаа дутагдлыг олж хардаг. Биднийг спорт учруулсан. Манай нөхөр солгой довтолгоотой, өндөр үсэрдэг. Намар ажилдаа ороход “Чи бөмбөг хөөгөөд хүү, бид хоёрыг ер тоохгүй юм. Айлын эзэгтэй байж гэртээ анхаарал хандуулсангүй” гэж гомдоллосон. Нөхрөө гомдоллох тусам багийнхныхаа бэлтгэлийг шаргуу хийлгэдэг байлаа. Тэгсэн “Үндэсний дээд лиг 2019” тэмцээнд баг маань түрүүлэхэд “Найман сараас хойш яг юуны төлөө яах гээд өөрийгөө, гэр бүлээ мартаад зүтгэж байсныг чинь одоо л ойлголоо. Багаа ийм өндөр амжилтад хөтөлсөн ханиараа бахархаж байна. Хүү, бид хоёр танай багийг түрүүлсэнд их баярласан шүү” гэж хэлсэн. Нэг хэсэгтээ л гомдоллож, туньсан нөхрөө ажлыг минь ойлгосонд их баярласан. Ханийн минь урам хайрласан үг нь шилдэг дасгалжуулагчийн шагналаас ч илүү үнэ цэнтэй санагдсан. Намайг Герман явахад “Сайн яваад ирээрэй. Чамайг ажилтай байсан ч багийн охид итгэл найдварыг чинь алдахгүй түрүүлэх байх” гэж хэлэхэд өөрийн эрхгүй сэтгэл огшоод ирсэн. Багаа түрүүлнэ гэдэг итгэл өвөртөлж хилийн дээс алхсан.

-Баянзүрх дүүргийн тусгай боловсролын 55 дугаар сургуульд багшилдгийг тань ярилцахаар ирэхдээ л мэдлээ.

-Би энэ сургуульд хөдөлгөөн засал, эмчилгээний биеийн тамирын багшаар ажилладаг. Монгол Улсын гавьяат багш Ч.Ганбилэг тус сургуулийн захирал. Сургуульд хөгжлийн бэрхшээлтэй 500 гаруй хүүхэд суралцдаг. Манайхан энгийн сургуулийн багш нараас ачаалалтай ажилладаг. Саажилттай, аутизм, даунтай хүүхдүүд сурдаг болохоор жирийн хүүхдүүдээс илүү асаргаа, халамж шаарддаг. Нэг багш хичээл заасан бол дараагийн багшид заавал хүргэж өгнө. Захирал маань волейбол тоглодог болохоор спортыг их дэмждэг. Сургуулийнхаа тамирчид, багш нарын ар гэрийн байдлыг ойлгож анхаарал хандуулдаг. Намайг тэмцээнтэй үед цалинтай чөлөө олгодог. Би ажлаа тараад багийнхан руугаа очих гэж тэмүүлдэг байсан бол одоо хүү рүүгээ яардаг болжээ.

Хааяа бэлтгэлээ үгүйлсэн үед сургуулийнхаа зааланд багш нартайгаа хөлсөө гартал сагсан бөмбөг, волейбол тоглож эрч хүч авдаг юм. Манай багийн Г.Цэцэгжаргал эгч надад “Чи Баянзүрх дүүргийн 55 дугаар сургуульд багшлах уу” гэж анх санал тавьсан. Захиралтай нь уулзах гээд сургуулийн хаалгаар ортол намуухан орчин угтсан. Үнэнийг хэлэхэд саажилттай хүүхдүүдтэй орчинд ажиллаж үзээгүй тул эхэндээ эмээдэг байлаа. Олон хоног бодож байж шийдвэрээ гаргасан. Энэ сургуулийн хамт олон их эвсэг, багш нар сурагчдад аав, ээжээс нь дутахааргүй анхаардаг. Ийм хүүхдүүд дуу цөөнтэй. Тиймээс сэтгэл зүйг нь сайн ойлгож, урам өгдөг байх хэрэгтэй. Бид ч хүүхдүүдээ ирээдүйд энгийн хүмүүс шиг ажил хөдөлмөр эрхлүүлэхийн төлөө чармайн ажилладаг. Хүүхэд бүртэй нэг бүрчлэн ажиллана. Нэг хүүхдэд 20 минут зарцуулдаг. Тамирчдынхаа сэтгэл зүйг ойлгоход энэ бүхэн их нөлөөлдөг. Хэрвээ би энэ сургуульд ажилладаггүй байсан бол тэр олон ажлыг зэрэг амжуулж чадахгүй болов уу.

-Спортын гараагаа Хөвсгөл нутгаас эхэлсэн үү. Аав, ээж тань дэмжиж, оролцсон тэмцээн болгоныг тань алгасахгүй үздэг байсан тухай нутгийнхаа тамирчдаас сонссон.

-Тийм ээ. Би Дорнод аймагт төрсөн. Гэхдээ Хөвсгөл нутгаас спортын гараагаа эхэлсэн болохоор төрсөн нутгаас минь ялгаагүй санагддаг. Надад А үсэг заасан багш, волейболын дугуйланд ороход зааж, сургасан дасгалжуулагчид минь энэ нутгийнх. Би тэмцээний дараа ээжтэйгээ ярьдаг. Намайг хожлоо гэхээр их баярлана. Хожигдчихлоо гэхээр “Өө яасан бэ, яагаад хожигдчихов, юунаас болов” гээд санаа нь зовдог. Оролцсон тэмцээнүүдийг минь үзсээр байгаад аав, ээж хоёр тамирчин хүний жаргал, зовлонг ойлгодог болсон. Бэлтгэл хийгээд ирэхэд ээж халуун, хоол цайтай угтана. Тамирчин хүний гэр бүл бусдынхаас олон зүйлээр ялгардаг. Тэмцээн эхэлбэл аав, ээж, хань минь сураг тавина. Ялбал хамт баярлаж, ялагдахад хамтдаа гонсойно. 

Амьдралын баяр, гунигийг хамт хуваалцдаг хүмүүс бол гэр бүлийнхэн. Нөхөр, хүүгээ инээгээд угтахад стресс, ядаргаа тэр даруй мартагддаг. Би спортын зам сонгосондоо баярладаг. Ажил, амьдралыг минь учир утгатай болгодог мэргэжилдээ ч дуртай. Хэрвээ тамирчин биш бол ажил, гэр гэсэн дэндүү уйтгартай жимээр явах байсан болов уу. Спортоор хичээллэсэн хүн ажил, амьдралынхаа гарааг зөв эхэлдэг. Албан байгууллагууд залуусыг ажилд орохоор анкет бөглөхөд нь “Сагсан бөмбөг, волейбол тоглодог уу” гэж асуудаг. Хэрвээ спортоор хичээллэдэг бол сонгож авах жишээтэй. Өнөө цагт спортоор дамжуулаад тухайн байгууллага нэр хүндээ өргөх болж. Өөрийгөө эрүүл байлгах хамгийн зөв арга бол спортоор хичээллэх. Спортоор хичээллэсэн хүн тууштай байдаг. Бас сэтгэл зүйгээ тогтвортой байлгаж, өөрийгөө олон зүйлд дайчилж хөгжүүлдэг.

Бэлтгэсэн: Г.Батцэцэг


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)