Л.ОЛЗВОЙ: Сурах бичиг бол цэвэрхэн хэрэглээд худалддаг эд биш

Шинэ оны өмнөхөн Гавьяат багш цол хүртсэн, ерөнхий боловсролын “Гэрэлт ирээдүй” дунд сургуулийн сургалтын менежер Л.Олзвойтой ярилцлаа. Түүнийг нийслэлийн 24 дүгээр сургуульд монгол хэл, уран зохиолын багш байхаас нь мэдэх юм. Шилдэг багш, заах аргын нэгдлийн ахлагч, дүүрэг, нийслэл, улсын тэргүүний багш, заах арга зүйч, улсын зөвлөх зэрэгтэй багш, монгол хэлний хичээлийн сурах бичиг зохиогчдын нэг, олон ч залуу багшийн багш гэх зэрэг тодотголыг нь, тэр ч бүү хэл шулуун, шударга зантай, бурууд нүд хурцтай гэдгийг нь ч андахгүй.

Говь-Алтай аймгийн уугуул, 1971 онд Алтай хотын төвийн нэгдүгээр арван жилийн сургууль, 1975 онд УБДС-ийг монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр төгссөн. Ажлын гараагаа аймгийнхаа Тайшир сумын дунд сургуульд монгол хэл, уран зохиолын багш, хичээлийн эрхлэгчийн албанаас эхэлсэн тэрбээр 1980-2009 онд 24 дүгээр сургуульд монгол хэл, уран зохиолын багш байв. Харин 2009 оноос өнөөг хүртэл Сонгинохайрхан дүүргийн “Гэрэлт ирээдүй” дунд сургуульд сургалтын менежерээр ажиллаж байна. Боловсролын салбарт тасралтгүй 45 жилийн амьдралаа зориулж яваа түүнд Гавьяат цол олгуулахаар тодорхойлсон солонгос захирал нь “Амьдралын боломжгүй айлуудын хүүхдийг хамруулдаг, сургууль гэхээс илүү асрамжийн газар шиг байсан хамт олныг арав хүрэхгүй жилийн хугацаанд өнөө цагийн хувийн, шилдэг дунд сургуулиудын нэг болгож өөрчилсөн гавьяатай, боловсролын салбарын тэргүүлэх боловсон хүчнүүдийн нэг” гэжээ. Багштай ийнхүү хөөрөлдлөө.

-Ажлын туршлага арвин, хэлэх ч үг жинтэй танаас хамгийн түрүүнд Монголын боловсролд өнөөдөр юу хамгаас илүү чухал байна вэ гэж асуумаар санагдлаа.

-Улс оронд зөв төлөвшсөн хүн олноороо хэрэгтэй байна. Тэгэхээр сурагчдыг төлөвшил сайтай, эх оронч хүмүүс болгон хөгжүүлэх нь Монголын боловсролын зорилго. Зөв монгол хүн бий болгоно гэж яриад байгаа. Зүг, чиг нь бол гарчихаад байгаа нь энэ. Гагцхүү зөв монгол гэж ямар хүн юм, түүнийг бий болгохын тулд юуг яаж хийх, зорилгодоо хэрхэн хүрэх вэ гэдэг чухал. Үүнд багшийн үүрэг, оролцоо ямар байх вэ гэдгийг тодорхойлохын тулд эхний ээлжид зөв хүн гэж хэн бэ гэдгийг томьёолох ёстой. Энэ нь манай сургуулийн зүгээс удирдамж болгон, сургалтын хөтөлбөртөө шингээж авч яваа бүх талын боловсрол олгох сургалтын таван талт зарчмын онолоор бол оюуны чадамж өндөртэй, сэтгэлийн тэнхээтэй, хариуцлагатай, эрүүл бие бялдартай, харилцааны ур чадвартай иргэн юм.

Эрүүл бие бялдартай байх нь тэргүүн зорилго. Эрүүл хүн эрүүл ухаантай байна. Үүний цаана амьдралаа авч явах чадвар байдаг. Бид өөрсдийгөө аваад үзэхэд манай үеийнхэн, түүний дараагийнх ч тэр дунд сургуульд сураад л өнгөрсөн. Амьдралд мөрдлөг болгох, насан турш хэрэг болох ухаан төдийлөн заалгаагүй. Бидэнд хэл яриагаа, цагийг яаж удирдахыг, хандлагаа яаж өөрчлөхийг заагаагүй. Бусдыг бараанаас харж, өөрөө сайндаа суралцаж байсан.

-Зааж сургах ёстой юу?

-Тийм ээ. Хүүхдийг хүн болгохын тулд бүхнийг заана. Яавал амьдралаа авч явж чадах вэ, аз жаргалтай сайхан амьдрахын тулд бусадтай яаж харилцаж сурах юм гэх зэргийг бүгдийг заах ёстой.

-Тийм хичээлийн цаг бий юү?

-Бүх төрлийн хичээл заах явцдаа эдгээрийг сурагчдад ойлгуулж, ухааруулж явах замаар шийдэж байна. Харилцаа гэдэг өргөн агуулгатай. Харилцаа юунаас үүсдэг вэ гэхээр би-гээ танихаас эхэлнэ. Өөрийгөө бусдын байранд тавьж харснаар тэднийг хайрлаж, ойлгодог болно. Ингээд ирэхээр бусдад туслах сэтгэл аяндаа төрдөг. Энэ бүхнийг манай улсад дунд сургуульд заадаггүй. Хүн төлөвших хамгийн сайхан үе нь хүүхэд нас, дунд сургуульд сурдаг жилүүд юм. Хүүхдүүдэд ээж, аавыгаа хайрлах ухаан заадаггүй. Хамт олонтойгоо нэгдэж чаддаг, цаашилбал нийгэмд өөрийгөө зөв авч явдаг байхын ухааныг ч хүүхэд насанд нь суулгаж өгөх хэрэгтэй. Ийм мэдлэг, ухааныг хүүхдүүдэд өгснөөр тэд ирээдүйд бүх тал нь хөгжсөн удирдагчид болно. Удирдагч гэхээр заавал олон түмнийг удирдаж, манлайлдаг хүн гэж ойлгож болохгүй. Энд өөрийгөө удирдаж чадах тухай ярьж байгаа юм. Зорилгодоо хүрэхийн тулд үнэнчээр зүтгэж чадаж байгаа бол өөрийгөө удирдаж чадаж байна гэсэн үг. Өөрийгөө удирдаж амжилт гаргахаар дагагчид бий болно. Дагалдагчидтай болсон хүн удирдагч болдог. Түүнээс биш хэн нэгэн өөрийгөө “Би зохион байгуулах авьяастай, дарга болно гэх юм уу”, тийм хүнийг найз нөхөд нь энэ мэтчилэн үнэлж, дарга болгоё гэх зэргээр зүтгүүлэх нь үндэслэл муутай. Хүн өөрөө өөрийгөө удирдаж сурахад дотоодоосоо өөрчлөгддөг юм байна.

-Дунд сургуулийн гэхээс илүү Удирдлагын академийн багштай ярилцаж байгаа мэт сэтгэгдэл төрж байна. Энд ярьсан бүхнийг сурагчдад яаж заадаг юм бэ. Хүүхдүүд хүлээж авч, ойлгохоор хэр байдаг вэ?

-Арга барил бий. Бид бүх сурагчаараа өдрийн тэмдэглэл хөтлүүлдэг. Хүүхдүүд дэвтэртээ өнөөдөр юу хийж, хаагуур явсан тухайгаа биш, харин ямар хичээлээс, эсвэл хэний ямар ярианаас юу ойлгож авсан тухайгаа, эс бөгөөс юу ойлгоогүйгээ бичдэг. Өдөр бүр ингэж өөртэйгөө ажиллахад аливааг ялгаж сурдаг. Хүүхдүүд сайтар төвлөрөөд бичих явцдаа тэдэнд хичээлүүдээс, амьдралаас ч тэр мэдэхгүйгээс мэддэг нь их байдгийг анзаардаг. Гагцхүү ялгаж чаддаг болох нь чухал учраас бичүүлдэг, өөрөөр хэлбэл, өөрсдийг нь ажиллуулдаг гэсэн үг. Мэдэхгүйгээ ялгаж, тодорхойлсон хүүхэд өнөөхөө маргааш ойлгож авах зорилго тавина. Тэгэхээр өнөөдрийн хийснээ дүгнэж, маргаашийнхыгаа төлөвлөдөг учраас өдрийн тэмдэглэл нь хүнийг удирдах, дотоод ертөнцөө мэдрэх хэрэгсэл болдог. Соёлтой хүмүүс ер нь тэмдэглэл хөтөлдөг шүү дээ. Хүн өөрийгөө таньснаар дотоод хүчээ мэдэрдэг. Хүнд байдаг агуу их дотоод хүч нь авьяас, чадвараар гарч, илэрдэг байна. Жишээ нь, химийн хичээлээр багш задлан шинжилгээний аргаар асуудлын гүнд орж, доторхыг нь бүгдийг нь ухаж гарган, тарааж тавиад харахад бүх юм тодорхой болно. Тарааж тавьснаа харж, ойлгож аваад буцаагаад нэгтгэнэ.

-Машины хөдөлгүүр задлаад буцааж боохтой адил уу?

-Яг тийм. Тэгж задлан шинжлээд буцааж нэгтгэх үед хүнд, хүүхдэд шинэ бодол орж ирнэ. Энэ ийм байдаг юм бол тэгвэл яах вэ, цаашид яаж өөрчилж болох вэ, цоо шинээр гаргаж ирж болох уу гэхчлэн бодож эхлэхэд сурах, ухаарах хүсэл төрж, мөрөөдөлд автдаг. Ийнхүү аливаа юмны утга, учрыг ойлгоод ирэхээр цааш нь ухаж ойлгох, өөр юм эрж, хайх аргад шилждэг. Улам гүнзгийрүүлэн судлаад ирэхээр авьяас болж хувирдаг байна. Авьяасаа тодруулаад авбал үүндээ түшиглэн мэргэжлээ сонгож, эзэмшдэг байх нь. Мэргэжил эзэмшихийн тухайд ярихад, хэн нэгнийг мундаг гэж харж явдаг бол, түүн шиг сайн мэргэжилтэн болно доо гэж хүсэж тэмүүлэх нь гадна талаас өдөөгдөж байгаа хэлбэр юм. Тухайлбал, өөрөө нэг зохиол, найруулал ч юм уу задалж уншсанаар хүний тухай дотоод ертөнцөөс нь ингэж гаргаж бичдэг байх нь, би ч гэсэн тэгж бичье гэх зэргээр сэтгэж, өөрийн дур хүсэл, чадвартаа дулдуйдаж мэргэжил эзэмшвэл амжилтад хүрдэг нь түүх, туршлагаар нотлогддог. Мэргэжил эзэмших, эзэмшүүлэх гэдэг ийм нарийн.

Дахиж хэлэхэд хүн дотоод ертөнцдөө сууж өгсөн юмандаа тулгуурлан мэргэжил сонговол амжилттай замнаж, үр бүтээлтэй ажиллаж, амьдардаг байх нь. Ийм нөхцөлд хүн илүү хөгждөг. Энэ тухай гадаадын сайн эх сурвалжуудад хүний жинхэнэ авьяас, чадвар гэж бичээд, яриад байгаа юм. Хүний жинхэнэ авьяас, чадварыг нээж хөгжүүлсэн бол тэр багш мөн. Тийм багш Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын хэлснээр ус мөрнийг далайд үдээд, байрандаа үлддэг өглөгч юм. Багш өөрөө үлдэнэ, жинхэнэ авьяас, чадварыг нь нээсэн шавь нар нь явж өгнө. Сурагчдынхаа замыг зааж, чиглүүлж тавьсан багш хөгжиж, дэвжсэн шавь нарынхаа мэддэг, сэтгэдэг, боддогт хүрэхээ байдаг бөгөөд энэ нь муу, муухай юм биш. Тэр багш дахиад л бага насны хүүхдүүдтэй ажиллан, амьдралынх нь замд илгээх болно.

-Хүүхдийг багаас нь зөв хүн болгон төлөвшүүлэх чиглэлд хийх анхны алхмын ажлуудаас нэрлэнэ үү?

-Ер нь хүүхдийг яаж хөгжүүлэх вэ, ямар хүн болгохыг зориод байгаа юм бэ гэдэг том зураг харагддаг л даа. Шударга, аливаад чин сэтгэлээс ханддаг, бусдад тусалдаг, ирээдүйд Монголыг удирдах тийм хүүхдүүдийг сургаж, хүмүүжүүлэх, хөгжүүлэхийг зорьж ажиллахад ямар шат дарааллаар юу хийх нь тодорхой болж байгаа юм. Зүгээр бодоод яваад байх юм бол юунд ч хүрэхгүй. Өнөөдөр нийгэмд шударга зан, явдал, хүн, үйл хэрэгтэй байна. Хүүхдийг яаж шударга болгох вэ гэж асуух байх. Гэрийн даалгавраа хүнээр хэлүүлэлгүй, чанартай хийдэг болгохоос эхэлнэ. Гэрийн даалгавраа сайн хийхгүй бол дараагийн хичээлийг хүлээж авч чадахгүй гэдгийг хүүхэд ойлгодог байх ёстой. Математик, монгол хэл заахын өмнө хандлагыг нь өөрчлөх хэрэгтэй. Даалгавраа хийдэггүй хүүхэд шударга биш. Тэгэхээр багш хүүхдээс “Даалгавраа яагаад хийгээгүй юм бэ” гэж асуухын оронд “Чи хэрвээ даалгавраа хийгээд ирдэг бол, өөрөөр хэлбэл шударга байдаг бол Линкольн шиг ерөнхийлөгч болж чадна. 

Үгүй бол чадахгүй. Чамайг шударга байвал багш нь баярлана. Чи бодоорой” гэх хэрэгтэй. Тэгэхэд хүүхэд бодоод, эцсийн дүнд даалгавраа хийж ирдэг болно. Гэрийн даалгавар хийх нь шударга үйл юм байна гэдгийг ухаарна. Мөн шударга байна гэдэг нь болсон үйл явдлыг чимэг, хачиргүй байгаагаар нь ярихыг хэлнэ. Ийм төлөвшилтэй, юмыг ялгаж чаддаг болсон хүүхэд сонголт тулгарахад шударга талыг сонгож чадна. Шударга байна гэдэг нь бас эмх цэгцтэй байхыг хэлнэ. Хүүхэд өсөх тусмаа ийм зан чанартай болсон байхад өнөөх даалгавар хийх, эсэх тухай асуудал өчүүхэн жижиг санагдана. Хүмүүжил гэдэг ийм энгийнээс эхэлдэг агуу, алсын хараатай ухаан. Багш бол хүн хөгжүүлэх ажил хийдэг л хүн. Түүнээс биш мэдлэгийг нэгээс нөгөөд дамжуулагч байх ёсгүй юм. Бусдын төлөө гэсэн сэтгэлтэй хүн багш байж чадна. Өнөөдөр заасан хичээлийг нь, хэлж өгсөн аргыг нь ангид суугаа 30 хүүхэд бүгд ойлгосон бол тэр багш. Түүнээс биш самбарын өмнө зогсож номд буйг дамжуулаад, сурагчид ойлгосон, эсэхийг магадлах ч үгүй гараад явдаг бол хүүхдийг хохироож байгаа хэрэг.

-Чадварын тухайд та юу хэлэх вэ. Мэргэжилдээ маш сайн хэрнээ овилгогүй хүмүүс байх юм.

-Энд багшийн тухай ярьж байгаа болохоор тэр чиглэлдээ ярья. Чадвартай ч сэтгэл байхгүй бол багш гэхэд хэцүү. Багш бол хүний толгойтой ажилладаг. Хүүхдийг сургангаа төлөвшүүлж байдаг. Хүүхэд тоо бодохын тулд шударга байж, сэтгэлээсээ хандах юм бол утга учрыг нь ухаж ойлгоно. Сургаж байгаа шавь нь ийм төлөвшилтэй байх юм бол тэр багшийг хүн хүмүүжүүлэх, хөгжүүлэх анхны алхмаа хийж байна гэж үзнэ. Түүнээс биш багш, сурагчид нь чин сэтгэлээсээ өөрийнх нь зааж байгаад анхаарч байна уу, үгүй юү, тоо бодохын тулд өөрийгөө зоригжуулж байна уу, сэтгэлийн тэнхээтэй байгаа, эсэхийг анзаарахгүй, хичээл зааж дууслаа гэсэн шиг гараад явчихдаг байх юм бол үр дүн гарахгүй, ерөөс утга байхгүй.

-Хүүхэд төлөвшүүлэх онол олон байдаг уу?

-Бид социализмын үеэс ажиллаж эхэлсэн, нэг нийгмээс нөгөөд шилжих явцад өөрөө өөрсдийгөө таньж мэдэх гэж хичээж ирсэн хүмүүс. Нэрт сурган хүмүүжүүлэгч В.А.Сухомлинскийн арга барил хуучраагүй. Түүнийг санаж явдаг. Онол, арга барил олон байдаг ч, хамгийн шилмэл нь гэж сонгосон, БНСУ-д үр дүнгээ өгсөн бүх талын боловсрол олгох сургалтын таван талт зарчимд үндэслэсэн арга барилыг одоогоор шүтэн биширч хэрэглэж байна.

-Энэ зарчмыг сургалт, хүмүүжлийн ажилдаа мөрдлөг болгодог багш манай улсад хэр олон бэ?

-Манай сургууль л хэрэгжүүлж байна. Сургуульдаа, сурагчдадаа туршаад, үр дүнг нь хараад, ирээдүйд асар их ашиг өгөх юм байна гэж ойлгоод, болж өгвөл үүнийг улс даяар хэрэгжүүлэх сэн гэж бодож явна. Улсынхаа боловсролын стандарт, зохих шаардлагуудыг зайлшгүй, хөдөлшгүй баримтлахын сацуу энэ хөтөлбөрөөс “Оюуны цаг” хэмээх, багш, сурагчид хичээлийн үндсэн цагийн өмнө 30-хан минутыг өөрсдөдөө зориулдаг заншилтай болсон маань маш их үр дүн өгч байгаа. Манайхан өглөө 07.45 цагт цуглаад 08.00-д энэ хичээлээ эхэлдэг. Ямар нэг сэдэв бүхий эх уншиж, задлан шинжилгээ хийх, сонгодог хөгжим сонсох, уран зураг, ном уншихад тус бүрт нь арав, арван минут зарцуулдаг. Манай энэ хичээл, арга барилыг бусад сургууль судалж, туршлага хэмээн хэрэгжүүлж эхэлж байгаа.

-Багш нар сурагчдадаа гэрийн даалгавар их өгч байгаагаас хүүхдүүд хичээлдээ, бараг л сургуульд явах дургүй болж байна гэсэн яриа байна. Танай сургууль хэр их даалгавар өгдөг вэ?

-Даалгавар их, бага байх гэхээсээ илүү сурагчид даалгавраа дурлаж хийж байна уу, үгүй юү гэдэг чухал. Манай хүүхдүүд бол номоо идэх нь холгүйгээр ашигладаг. Сурах бичиг бол цэвэрхэн хэрэглээд, худалдах эд биш. Навсайтал эргүүлж байвал зохих хэрэглэгдэхүүн.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (27)