Л.ОД-ЭРДЭНЭ: Монголын эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг дэлхий дахин үнэллээ

Монголын эмч нар дэлхийн мэс заслын хамгийн өндөр технологи болох элэг шилжүүлэн суулгах 100 дахь хагалгаагаа өнгөрсөн сард хийж, уг эмчилгээг 93.5 хувийн амжилттай нутагшуулснаа зарласан. Эл нарийн төвөгтэй мэс заслыг өнгөрсөн хугацаанд удирдаж, багаа олон улсад үнэлүүлснээрээ Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-ийн зөвлөх, доктор, профессор О.Сэргэлэн дэлхийн шилдэг таван мэс засалчийн нэг болсон билээ. Тэгвэл тус эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн бөөрний их эмч, доктор Л.Од-Эрдэнэ мөн дэлхийд данслагдлаа. Тодруулбал, Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэгээс олгодог “Hero woman” шагналыг түүнд хүртээсэн юм. Монголынхоо нэрийг олон улсад сурталчилсан түүнтэй ярилцсанаа хүргэе.

...Манай эмч нарын ур чадвар жил ирэх тусам сайжирч, тэр хэрээр хагалгаа хийх хугацаа ч богиноссон. Өдгөө элэг шилжүүлэн суулгах 103 дахь мэс заслынхаа ард гарсан бол бөөрнийхийг 214 хүнд хийгээд байна. Эмчилгээний үр дүн олон улсынхтай эн тэнцүү байгаа нь том амжилт шүү...

-Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ бол анагаах ухааны хөгжлийн ноён оргил. Манай улс элэг, бөөр, ясны чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээг нутагшуулсан амжилтаараа хөгжиж буй орнууд дундаа дээгүүрт эрэмбэлэгддэг. Таныг эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж үнэлээд “Баатар эмэгтэй”-гээр өргөмжилжээ, баяр хүргэе. Энэ шагналыг танаас гадна гурван эмч хүртсэн гэв үү?

-Тийм ээ, баярлалаа. Энэтхэг, БНХАУ, Филиппиний эмч энэ шагналын эзэн болсон. Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэг (TTS)-ээс хоёр жил тутамд салбарын хөгжлийн ололт амжилт, шинэ технологи, арга туршлагыг дүгнэж, танилцуулах хурал зохион байгуулдаг. Өнөө жилийнхийг БНСУ-ын Сөүл хотод энэ сарын 13-16-нд зохион байгуулах байсан ч цар тахлын улмаас цахимаар хийж байна. Уг хуралд дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын бүх эмч, мэргэжилтэн оролцдогоороо ач холбогдолтой. Энэ үеэр “Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт хурал зохион байгуулсны зэрэгцээ шилдгүүдээ тодрууллаа. Миний хувьд Монгол Улсаа төлөөлж “Нэр нь тодроогүй баатар эмэгтэй” шагнал авсандаа туйлын баяртай байна. Монголын эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ дэлхийн түвшинд хүрч, хөгжиж байгааг дахин баталсан гэж хэлж болно. Энэ бол ганц минийх биш, баг, хамт олны минь хөдөлмөр, ажлын үр дүн.

-“Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд эмэгтэйчүүдийн оролцоо” гэж яагаад онцолсон юм бол?

-АНУ, БНСУ болон Канадын нэр хүндтэй эрдэмтэн, судлаачид Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэгийн хуралд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоог дээшлүүлэх, эл эмчилгээнд оруулж буй хувь нэмрийг үнэлэх зорилгоор 2011 оноос энэхүү бүлэг сэдвийг санаачилсан юм. Эрхтэн шилжүүлэн суулгах олон улсын бусад хурлын үеэр ч иймэрхүү уулзалт зохион байгуулдаг. 2017, 2019 оныход нь би оролцож, “Монголын эрхтэн шилжүүлэн суулгах системд эмэгтэйчүүдийн оролцоо” гэсэн сэдвээр илтгэл тавьж, УНТЭ-ийн Элэг, Ясны чөмөг шилжүүлэн суулгах багийн ахлагч нараа танилцуулсан.

-Та бөөрний эмч, бас энэ чиглэлийн эмчилгээний олон арга нэвтрүүлсэн. Хэзээнээс УНТЭ-т ажиллах болсон юм бэ?

-Би Дархан-Уул аймгийн орос сургуулийг 1987 онд төгссөн. Тухайн үед хэлний багахан мэдлэгтээ тулгуурлан энэ чиглэлийн мэргэжилтэн болно гэж боддог байлаа. Гадаад хэлний сургалттай дээд сургуульд элсэх гэсэн боловч бичиг баримт дутуугаас хоцорсон. Хими, биологийн хичээлээ давтаж, АУИС-д элссэн нь маш зөв шийдвэр байв. Ингээд АУИС-ийг 1997 онд төгсөөд, ОХУ-д бөөрний нарийн мэргэжил эзэмшсэн. Санк-Петербург хотын АУИС-д докторын зэрэг хамгаалж, 2008 оноос УНТЭ-т бөөрний эмчээр, 2016 оноос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний багт ажиллаж байна. Гемодиализын төв (хуучнаар)-д ажиллаж байхдаа 2014 онд бөөр орлуулах хэвлийн диализ эмчилгээг Монголдоо анх удаа нэвтрүүлсэн нь одоо ч үр дүнгээ өгсөөр байгаа. Одоогоор Олон улсын TTS-ийн гишүүн, Азийн эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэгийн элч төлөөлөгчөөр давхар ажилладаг.

-Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний “сүүдэртэй” тал нь эрхтний наймаа. Тиймээс уг тогтолцооны суурийг анхнаас нь зөв хөгжүүлэх нь чухал гэдэг. УНТЭ-ийнхэн энэ чиглэлээр олон ажил хийсэн санагдана.

-Хэдийгээр бид элэг, бөөр, ясны чөмөг шилжүүлэн суулгаж байгаа ч шинэ технологи хэвээр. Тиймээс цаашид хэрхэн хөгжүүлэх вэ гэж ярьж л байгаа. Энэ чиглэлээр БНСУ-ын “Рафаэль” олон улсын байгууллагыг үүсгэн байгуулагч, Сөүлийн их сургуулийн эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга, доктор, профессор Кюри Антай бид 2007 оноос хойш хамтран ажиллаж ирлээ. Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний суурийг зөв тавих, эмч нарыг сургах, донорыг олон нийтэд зөвөөр ойлгуулж, сурталчлах зэрэг чиглэлээр олон ажил хийсэн. Тухайн үед манай улсад донорыг хэрхэн сонгох, хуваарилах, олдоц муу үед хэрхэн шийдвэрлэх талын хууль, эрх зүйн орчин хангалтгүй байв. Хөгжиж буй орнуудад донорын олдоцгүйгээс эрхтний наймаа газар авсан жишээ олон бий. Үүнээс гадна манай эмнэлгийнхэн төрийн түшээд, эмч, мэргэжилтнүүд, анагаахын оюутнууд, шашны байгууллагуудыг оролцуулсан уулзалт, сургалтууд байнга явуулж, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг сурталчилж, нийгэмд эерэг ойлголт өгсний ачаар Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, олон асуудлыг шийдсэн. Улмаар эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах төрийн албатай болсон нь энэ салбар зөв хөгжихөд маш том үүрэг гүйцэтгэж байгаа. Эрхтэн шилжүүлэн суулгах төв болон эмнэлгүүдийн уялдаа холбоог эл алба хангаж, зохицуулж байна. Ялангуяа амьгүй буюу тархины үхэлтэй донороос эрхтэн авах шаардлага гарахад Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба гол ажлыг “нугалдаг”. Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгахыг Донорын тухай шинэ хуулиар нарийн зохицуулсан. Үүний үр дүнд амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын тоо эрс нэмэгдлээ. Манай улс энэ асуудлыг хуулиар зохицуулахдаа БНСУ, АНУ, Беларусь зэрэг улсын сайн туршлагыг нэвтрүүлсэн.

-Монголд голдуу амьд донороос эрхтэн шилжүүлэн суулгадаг. Гэтэл Азийн улсуудаас бусад оронд нэг хүнийг аврахын тулд нөгөөг нь эрсдэлд оруулдаг ийм тогтолцоог хүлээн зөвшөөрдөггүй. Харин тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэх хууль, эрх зүйн орчныг манай улс бүрдүүлсэн нь сайн хэрэг. Одоогоор эл аргаар хэчнээн хүнд амьдрал бэлэглэсэн бэ?

-Эрүүл хүнээ хамгаалах, цогцсын донорын тоог нэмэгдүүлэхэд дэлхий нийт анхаарч байна. Тэр дундаа Европын орнуудад амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгахыг чухалчилдаг. Азид БНСУ, манай улс л энэ тогтолцоонд шилжиж байгаа. Өндөр хөгжилтэй орнуудад тархины үхэлтэй нэг донороос найман хүнд эрхтэн (хоёр бөөр, элэг, нойр булчирхай, нарийн гэдэс, уушги, зүрх, арьс, яс) шилжүүлэн суулгаж байна. Харин манайд гурав. Одоогоор УНТЭ-т тархины үхэлтэй донороос 29 хүнд бөөр, найман хүнд элэг шилжүүлэн суулгасан. Уг мэс заслыг хийлгэх шаардлагатай, доноргүй өвчтөнүүдэд энэ нь том боломж юм. 2020 он гарснаас хойш гэхэд л тархины үхэлтэй дөрвөн донороос найман хүнд бөөр, дөрвөн хүнд элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийжээ. Тэр дундаа сүүлийн хоёр жилд амьгүй донороос эрхтэн шилжүүлэх мэс засал олон хийсэн байна.

Бразил, Беларусь зэрэг улсад ихэвчлэн амьгүй донороос эрхтэн шилжүүлдэг хатуу хууль, журамтай. Жишээ нь, Беларусьт иргэд нь гэнэтийн шалтгаанаар нас барвал эд, эрхтэн нь улсын өмч байхаар хуульчилсан. Харин Азийн орнууд бурхны шашинтай учир хүний эд, эрхтэнд болгоомжтой ханддаг. Гэсэн ч иргэд одооноос энэ талаар ойлгож байгаа нь талархууштай.

-Манайд элэг, бөөр шилжүүлэн суулгах мэс заслын зардал олон улсынхаас хэд дахин хямд. Нийт өртгийнх нь 75-80 хувийг улсаас санхүүжүүлдэг. Гэхдээ энэ нь хязгаартай байдаг болохоор жилд хийдэг хагалгааны тоо цөөн байдаг болов уу?

-Тийм ээ. Манай улс иргэдийнхээ эрүүл мэндийн зардлын ачааллыг аль болох үүрэлцэж байгаа нь сайн хэрэг. Иргэдийн амьжиргааны түвшин ч үүнтэй салшгүй холбоотой. Жишээ нь, манай улсад бөөр шилжүүлэн суулгах мэс заслын иргэнээс гарах зардал гадаадынхаас 80-90 хувь хямд. Цаашид улс даатгалын тогтолцоогоо улам сайжруулж, уух эмийнх нь үнийг ч хөнгөлөхөөр ярьж байна. Улсаас уг эмчилгээнд төсөвлөдөг мөнгө нь бага буюу жилд 50 хүнд элэг, бөөр суулгуулах зардлыг тусгадаг. Манай эмч нарын ур чадвар жил ирэх тусам сайжирч, тэр хэрээр хагалгаа хийх хугацаа ч богиноссон. Өдгөө элэг шилжүүлэн суулгах 103 дахь мэс заслынхаа ард гарсан бол бөөрнийхийг 214 хүнд хийгээд байна. Эмчилгээний үр дүн олон улсынхтай эн тэнцүү байгаа нь том амжилт шүү. Цаашид тоног төхөөрөмжөө сайжруулах, эм, эмнэлгийн хэрэгслийн байнгын нөөц бүрдүүлэх асуудал тулгамдаж байгаа.

-Гадаадаас үйлчлүүлэгч авах боломжтой юу?

-Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийдэггүй улс цөөнгүй. Манайхтай газар нутгийн хувьд ойрхон Тува, Киргизстан, Азербайжаны иргэд Туркт бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэдэг. Тэд манай улсыг сонговол өртөг, зардал ч хямд. Тэгэхээр гадаад харилцаагаа хөгжүүлж, сурталчлах ажлууд алсдаа хийнэ.

-Таныг их зарчимч, бас цалин бага, ачаалал их гэж огт гомдоллодоггүй хэмээн хамт олон нь хэлсэн.

-Би мэргэжлээрээ үргэлж бахархаж, аав, ээждээ талархдаг. Үйлчлүүлэгчийнхээ талархсан сэтгэлээр л урам авч, урагшилдаг. Тэрнээс биш, цалин, ажлын ачаалал ярих дургүй, миний л сонгосон зам шүү дээ. Бөөрний архаг дутагдалтай, олон жил диализ эмчилгээ хийлгэж байгаа өвчтөнүүдтэй өнгөрсөн хугацаанд ажиллалаа. Болдог бол бүгдэд нь л бөөр шилжүүлэн суулгаж өгөх сөн гэж боддог.

Миний хань хувиараа бизнес эрхэлдэг. Бид дөрвөн хүүхэдтэй. Тэд минь бүгд том болцгоосон. Хамгийн бага хүү энэ жил ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд, АШУҮИС-д элслээ. Том хүү минь ОХУ-д дээд сургуулиа төгсөж, мэргэжлээрээ ажилладаг. Хоёр дахь хүү ч гэсэн Москвад сэтгэлзүйч мэрэгжлээр, охин эх орондоо их сургуульд сурч байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)