Л.ОДСАЙХАН: Талын салхинд харваж сурсан минь туршлага боллоо

Сүхбаатар аймгийн зон олон 99 жилийн дараа нум эвшээлгэж, гичир татсан эрхий мэргэн харваачтай боллоо. Сурын алтан зурхайд энэ нутгийнхнаас олон жилийн дараа дуншин байж төрсөн анхны мэргэн цолтон нь Л.Одсайхан. Баяндэлгэр сумын уугуул, аймгийн мэргэн, спортын мастер тэрбээр Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулсны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын үндэсний сурын харваанд түрүүлж, наадамчин олныг баярлуулан огшоосон юм. Түүнийг урьж ярилцлаа.

-Нутаг усныхан тань шинэ цолтой харваачаа хэр сэтгэл өндөр угтаж авав?

-Энэ жилийн наадамд түрүүлж, улсын мэргэн цол хүртлээ. Би наадмын өдрүүдэд утсаа асаагаагүй. Нутгийнхан минь намайг сур харваж байгааг зурагтаар хараад догдолж суусан гэсэн. Хэдэн өдөр баяр хүргэсэн хүмүүсийн утасны дуудлагад дарагдлаа. Одоо ч олны урам хайрлаж, баяр хүргэсэн үгэнд бялуурч сууна. Бөх, сур, шагай харваачдыг нутгийнх нь уулс дагаж ирдэг юм гэсэн. Намайг сурын алтан зурхай ивээж, нутгийн минь Алтановоо, Шилийн богд уул түшлээ.

-Харваачид сурын зурхайд түрүүлэх зорилготой ирдэг. Наадмын өглөө ямар бодолтой гэрээсээ гарсан бэ?

-Наадмын өглөө өөртөө итгэлтэй, зоримог ирсэн ч надад түрүүлэх магадлал маш бага байв. Зурхайд харвахаар гарахын өмнө Монгол Улсын дархан мэргэн Ц.Хүдэрчулуун багш “Салхинаас айж болохгүй. Өөртөө итгэлтэй, зоригтой харва. Халагласан сум нэгийг ч гаргаж болохгүй”, Монгол Улсын даян мэргэн Д.Эрдэнэтуяа эгч “Миний дүү салхины зүг, чигийг сайн мэдэрч харваарай, зоригтой хүн л наадамд түрүүлдэг юм шүү дээ” гэж хэлсэн. Намайг сур харваж эхэлсэн цагаас Д.Эрдэнэтуяа мэргэн “Харваач хүн алдаа гаргаж болохгүй. Нягт нямбай бай, сум болгоныг зөв тооцоолон бодож, харвах хэрэгтэй” гэж сургаж ирсэн. Хашир туршлагатай харваачдын алт шиг сургаал үгийг сонсон, зааж, зөвлөснийг нь өөртөө зөв тунгаан бодсоны ач гарлаа.

-Наадмын өдрүүдийн нар, хур, салхи сур харваачдын тэсвэр тэвчээр, ур чадвар, ухааныг багагүй сорьсон шалгуур байлаа.

-Наадмын салхи, бороо, халуун надад шантрах бэрхшээл болоогүй. Манай Баяндэлгэр сум уудам талтай. Бид нутгийнхаа хээрийн салхинд сур харваж сурсан. Талын салхинд харваж сурсан минь нэг талаар туршлага боллоо. Байгаль дэлхий олон зүйлээр сорьж, шалгасан ч төрийнхөө баяр наадамд азтай, хийморьтой наадав. Сурын зурхайд шинэ мэргэн төрөхөд наадамчин олон баярладаг. “Түмний хайранд жаргана” гэдэг үг бий. Би тийм сайхан мэдрэмжийг наадамчдаас мэдэрсэн. Түрүү байрын төлөө өрсөлдсөн шилдэг харваачдаас хэн түрүүлэх нь тааварлашгүй мөч байв. Олон хүний таавар будилуулж, нутгаасаа төрсөн анхны мэргэн болоход бахархал, баяртай давхцаад өндөр үүрэг, хариуцлага дагаад ирэх шиг санагдсан.

-Улсын мэргэн цол хүртэх эсэхийг шийдэх сүүлийн сумаа харваж байхдаа юун тухай бодов?

-Сүүлчийн сум сур харваачийн амжилт, алдар нэр, хувь заяа гээд олон зүйлийг шийддэг юм билээ. Бүх сумаа алдахгүй харвахыг хичээж, анхаарлаа төвлөрүүлсэн. Багшийн минь ухаан, багийн маань харваачдын “Салхитай наадамд зоригтой хүн түрүүлдэг юм” гэж хэлсэн үг наадмын түрүү харваачаар тодрох торгон мөчийг надад авчирсан.

МЭРГЭН ЦОЛ МИНИЙ ЗОРИЛГОО БИЕЛҮҮЛСЭН МӨРӨӨДӨЛ МИНЬ БАЙВ

-Түрүү харваачаар тодрох агшин танд амархан олдоогүй. Энэ цагаас эхлээд улсын мэргэн гэж дуудуулах боллоо. Шинэ цолондоо хэр дасаж байна вэ?

-Спортод амжилт гаргана гэдэг олон жил уйгагүй хөдөлмөрлөсөн хичээл зүтгэлтэй холбоотой. Нутгийнхаа үе үеийн сур харваачдын итгэл найдварын хүчинд би амжилт гаргалаа. Олны хайр хүндлэл, итгэлийг дааж явах эрхэмлэх зүйлийн минь нэг. Аймгийнхаа залуусыг мэргэн харваач болох анхны шанг нь энэ амжилтаараа татлаа. Сурын талбайд бэлтгэл хийж байхад нэг найз минь намайг цаашлуулж “Мэргэн, мэргэн” гэж дуудахад багш цочиж, гайхсандаа эргэн харж билээ. Түүнээс хойш манай галын харваачид “Энэ жилийн наадмаар чи мэргэн болох байх аа” гэж ярьдаг болов. Найзынхаа амны билгээр улсын цолтон болж, мэргэн хэмээн дуудуулж байна. Миний хувьд алтан шар зурхайд нум, сум агсаж, олон хавар, намрыг угтаж үджээ. Өөрийгөө зоригжуулж, тэсвэр тэвчээр гаргасан минь талаар болсонгүй. Мэргэн цол хүртээрэй гэж олон хүн ерөөсөн. Намайг аз түшсэн, хийморь ч тэтгэлээ. Яг ийм амжилтыг олон жил хүлээсэн. Мэргэн цол миний хүсэн хүлээсэн, бас зорилгоо биелүүлсэн мөрөөдөл минь байв.

-Сурын спортод анх хөл тавьж, нум сумтай нөхөрлөсөн түүхээсээ сонирхуулаач.

-2007 онд сурын спортод хөл тавихад Сүхбаатар аймгийн мэргэн, спортын мастер С.Байгальмаа багш анх хөтөлсөн. Намайг сур харваач болоход хамгийн их дэмжсэн хүн бол ээж минь. Надад “Ээж нь чамд нум, сум авч өгье. Миний охин сур харва” гэж урам хайрлаж билээ. Тухайн үед тэтгэврийн мөнгө 150 мянган төгрөг байв. Аймгийн үндэсний сурын холбооны тэргүүн Ц.Мөнхбаяраас лизингээр нум авч өгөн, сураар хичээллүүлсэн. Сурын спортоор хичээллэлээ гэж ээж сар бүр 50 мянган төгрөгөөр шагнадаг байлаа. Би 2009 оноос эхэлж улсын наадамд сур харвасан. Эмэгтэй сур харваачдаас миний нүдэнд хамгийн түрүүнд туссан хүн бол даян мэргэн Д.Эрдэнэтуяа. Анх хараад л “Ямар гоё эгч сур харвадаг юм бэ” гэж бодож байв. Түүнээс сурын талбайд эмэгтэй харваач биеэ хэрхэн зөв авч явахыг суралцсан.

-Сурын спортоор хичээллэдэг иртэй, бяртай эрчүүдтэй эн зэрэгцэн цэц сорьдог олон эмэгтэй бий. Та ч бас тэдний нэг.

-Сурын талбайд олон хоног бэлтгэл хийхээр гарын хуруунууд эвэршдэг. Хүнтэй гар барихаас хүртэл заримдаа санаа зовно. Тэр үед одоогийнх шиг эрхийвч элбэг байсангүй. Нэг өдөр бэлтгэл хийж ирчихээд ээжээс “Танд эрхийвч хийх арьс бий юү, хуруу минь эвэршээд хэцүүдлээ” гэлээ. Өглөө сэртэл ээж “Үүнийг оллоо, эрхийвч хийгээрэй” гээд өгөв. Ээжийнхээ өгсөн арьсаар С.Байгальмаа багшаар эрхийвч хийлгэж, зунжин бэлтгэл хийсэн. Нэг өдөр ээж сонин гутал өмсөөд ирлээ. Хартал нэг гутлынх нь түрүү богино харагдаад болдоггүй. Гайхаад “Ээж ээ, гутал чинь ямар сонин түрүүтэй юм бэ. Өмдөө гадуур нь тавьж өмсөөч” гэхэд “Ээж нь чамд эрхийвч хэрэг болоод байна гэхээр нь гутлынхаа түрүүнээс тайраад өгчихсөн юм” гэж билээ. Үр хүүхдийнхээ төлөө үнэ цэнтэй зүйлээ харамгүй зольж чадах сэтгэл эх хүнээс л гардаг юм байна гэдгийг тэр үед ойлгосон. Тэгсэн хойтон жил нь ээж “Сур харваачид мөнгөн эрхийвч хэрэглэдэг гэнэ” гээд эрэгтэй хүний суран бүсний хоёр мөнгөн толь аваад ирэв. Гайхаад л “Энэ хэний бүсний толь вэ” гэхэд “Аавынх нь бүснийх. Хайгаад эхэлбэл алга болчихож гээд ээж нь аргалчихна” гэж хэлээд бөөн инээдэм болж байлаа. Хааяа шантарсан үедээ “Сур харвахаа больдог ч юм уу даа, хэцүү санагдаад байна” гэхээр ээж “Сур харваа сайхан спорт, хаяж болохгүй. Чи харвахгүй гэж гутарч сууснаас харваж үзчихээд ямрыг нь мэдэр. Аливаа зүйлийг эхэлсэн бол үр дүнг нь заавал үзэх хэрэгтэй” гэж хэлдэг юм. Хүүгээ хэдхэн сартай байхад нөхөртөө үлдээчихээд сурын талбайд ирж, бэлтгэл хийхэд хөхний минь сүү дээл нэвтэртэл нордог байлаа. Саад, бэрхшээлтэй тулгарах тусам бие, сэтгэлийн хатаар даван туулсан удаа надад олон бий. Хүү минь энэ намар сургуульд орно. Аавыгаа дуурайж ирээдүйд бөх болох байх. Би сур харвааныхаа шагналын мөнгөөр ээждээ хамгийн түрүүнд гутал авч өгнө гэж бодож байснаа мартдаггүй юм.

НӨХӨР МИНЬ “СУР, АМЬДРАЛ ХОЁРЫН АЛЬ НЭГИЙГ НЬ СОНГОЁ” ГЭЖ ХЭЛСЭН

-Таны аав, дүү тань шагай харвадаг, ах нь барилддаг, эгч тань хүндийг өргөлтийн дасгалжуулагч, харин та сур харваач. Тэгэхээр танайхан спортоор амьсгалдаг гэр бүл байна.

-Тийм ээ, манай гэр бүл үндэсний спортоор хичээллэдэг. Бидний спортод дуртай болсон минь ааваас улбаатай. Наадамчин олонтойгоо наадан цэнгэж, үндэснийхээ өв соёлыг аав, ах, дүүгийнхээ хамт тээж яваадаа баярладаг. Өвөг дээдсээс минь бидэнд үлдээсэн ийм сайхан хишиг, буян хүн бүрт тохиохгүй. Аав минь шагай сайхан харвана, харьшгүй мэргэн цолтой. Ээж залуудаа волейбол тоглодог байсан. Ах Л.Ганбаатар аймгийн начин, эгч Л.Одгэрэл хүндийг өргөлтийн ОУХМ, олон улсын шүүгч. Токиогийн олимпын хүндийг өргөлтийн тэмцээнийг шүүх эрх авсан. Дүү Л.Ганхуяг шагай харваач. Аймгийн мэргэн, сагсан бөмбөгийн спортын мастер цолтой. Миний ханийг Б.Наранцогт гэдэг. Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харьяат. Үндэсний бөх барилддаг, сумын заан цолтой. Одоо бөхийн барилдаан тайлбарладаг. Бид биеийн тамирын багш мэргэжилтэй. Миний аав хээгүй, гүндүүгий хүн бий. Ааваас илүү ах минь надад наадмын эхний өдрөөс эхлээд чих тавина. Бөх тайлбарлахын хажуугаар “Миний дүүгийн нум нь ямар байна. Харвааны дундуур амарч байгаарай. Ах нь дүүдээ итгэж байгаа шүү. Наадмаа сайхан амжилтаар өндөрлүүлээрэй” гэж зөвлөдөг. 2013 онд нөхөртэйгөө гэрлэж, хүүтэй болсон. Гэр бүл минь ойлгож, дэмждэгийн хүчинд сурын спортоо орхилгүй үргэлжлүүллээ. Эмэгтэй хүн ар гэрийнхээ хамаг ажлыг эр нөхөртөө даатгачихаад, зуны гурван сар сурын талбайд бэлтгэл хийж өнжинө гэдэг хэцүү. Намайг амжилт гаргачихаасай гэж дэмжсэндээ нөхөр минь бүхнийг тэвчиж, үр хүүхдээ асарч халамжлахын хажуугаар, ар гэрийнхээ ажлыг миний оролцоогүйгээр амжуулж ирсэн. Энэ бол хэр баргийн эр хүнээс гарахгүй тэвчээр. Хэрвээ спортын амьдрал ойлгодоггүй хүнтэй суусан бол гэр бүл, эсвэл спортын аль нэгийг нь л сонгох байсан болов уу.

-Таныг хамгийн их хурцалж, урам өгдөг хүн бол нөхөр тань байх нь.

-Тамирчин хүний амьдрал амар биш. Бие, сэтгэлийн хат тэвчээрээс гадна ар гэрийнхнийх нь ойлгох байдал, дэм тус, хандлага их хэрэг болдог. Үндэсний сур харваа ухаан, тооцоолон бодох, ур чадвар шаарддаг сэтгэл зүйн спорт. Өнгөрсөн хавар нөхөр “Энэ жил амжилт муутай харвавал ирэх жилээс хоёулаа амьдралдаа анхаарал хандуулъя. Чи спортын амьдралаар олон жил замналаа. Сур, амьдрал хоёрын аль нэгийг нь сонгоё ” гэж хэлсэн. Энэ нь нэг талаар намайг амжилт гаргачихаасай гэсэндээ хурцалж шахсан нь тэр. Нөхрийнхөө хэлсэн үгнээс спортын амжилтыг хүн залуу насандаа гаргадаг. Тиймээс өөрт байгаа ур чадвар, авьяас, хүчээ дайчилж гарга гэсэн санаа байна гэж ойлгосон.

НУМ, СУМ ХОЁР МИНЬ САЙХАН ТААРЛАА

-Сурын харваачдад хамгийн эрхэмлэдэг зүйл нь нум байдаг. Хэний урласан нумаар харваж, мэргэн цол хүртэв?

-Монгол Улсын даяар дуурсах мэргэн Ж.Бат -төмөр ахын урласан нум, улсын гоц мэргэн Д.Мөнхгэрэлийн хийсэн сумаар харваж түрүүллээ. Нум, сум хоёр минь сайхан таарлаа.Цаг агаарын байдалд нум хувирч, өөрчлөгддөг тул харваачид ааш, занг нь сайн мэднэ. Манай багийн эмэгтэй харваачид бэлтгэл хийхдээ “Би урьд насандаа Ану, харин чи Мандухай цэцэн хатан байсан” гэж нэгнээ цаашлуулж хөгжилддөг юм. Харваач хүн хувь тохиолоор сурын талбайд хөл тавьдаг. Сур харвадаг эмэгтэйчүүдээс зоримог, шийдэмгий зан чанар, дээл, хувцас, эд хэрэглэлээс нь үндэсний спортын өв соёл харагддаг. Хүн үндэснийхээ өв соёлын зүйлд хүндэтгэлтэй хандах нь сайхан зүйл. Гэрийнхээ хойморт нум, сум залахад хар, цагаан хэл ам, таагүй муу зүйлээс хамгаалдаг гэх яриа бий.

-Бөх, сур харваачид тухайн жилийнхээ ээлтэй өнгийг сонгож гоёлоо зэхдэг. Танд ягаан өнгөтэй дээл сайхан зохисон байна билээ.

-Үндэсний их баяр наадмаар сайхан дээл өмсөөд сурын талбайд нум татаж зогсоход хийморь сэргэдэг юм. Энэ жилийн наадмын хоёр дахь өдөр хадам ээжийнхээ бэлэглэсэн дээлээр гоёсон. Гар, ухааныхаа урыг шингээж, урласан дээлийг нь өмсөж, улсын цол хүртлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)