Л.Мессигийн тансаг амьдрал

Үл хөдлөх хөрөнгө

Л.Месси Барселона хотын хамгийн тансаг дүүрэгт аварга том байшин эзэмшдэг. Тэрбээр 2009 онд зургаан сая еврогоор уг байшинг худалдаж авчээ. Хэд хэдэн террас, том цонхоор нь Гарраф уул, Газар дундын тэнгисийн эрэг харагддаг. Бэлтгэлийн танхимаас гадна хүүхдийн тоглоомын талбай, усан сан, хөлбөмбөгийн талбайг Лео тусгайлан бариулжээ.

Машин

Ихэнх алдартнуудын нэгэн адил Л.Месси төмөр хөлөгт дуртай. Түүний автомашины цуглуулгын “эрдэнэ” нь 1957 оны “Ferrari 335 S spider scaglietti” юм. Лео 2016 онд уг машинаа дуудлага худалдаанаас 32 сая еврогоор худалдаж авсан агаад тухайн үедээ дэлхийн хамгийн үнэтэй машинд тооцогдож байлаа. Сонирхолтой нь, дуудлага худалдаанд түүнтэй үнэ хаялцсан өрсөлдөгчдийн нэг нь К.Роналду байсан гэдэг. Уг машин “Формула-1”, Ле-Маны 24 цагийн уралдаанд оролцож байжээ.

Мөн “Ferrari F 4430 spi¬der” (280 мянган евро), “Maserati granturismo” (210 мянга), “Audi Q7” (90 мянга), “Audi R8” (220 мянга), “Dodge charger SRT8” (26 мянга), “Lexus LX570” (66 мянга) зэрэг үнэтэй машин аргентин тоглогчид бий.

Нисэх онгоц

Л.Месси саяхан хувийн тансаг онгоцтой (13 сая евро) болсон. Уг тийрэлтэт онгоцыг Аргентинд үйлдвэрлэсэн бөгөөд дотроо хоёр бие засах өрөө, гал тогоотой, хоёр нисгэгчээс гадна 16 хүний багтаамжтай. Онгоцны шатан дээр Мессигийн гэр бүлийнхний нэрийг бичжээ.

Гар утас

Лео саяхан 1200 долларын үнэтэй “iPhone XSмax” гар утас худалдаж авсан. Улмаар 24 каратын алтаар бүрснээр, утас нь долоон мянган долларын үнэтэй тансаг эд болон хувирсан байна. Тэрбээр утасныхаа ард “10” дугаар, “Барселона” багийн лого, эхнэр болон хүүхдүүдийнхээ нэрийг бичүүлсэн байна.

Н.Энхбаяр


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)