Л.Ган-Эрдэнэ: Үзэгчидтэйгээ хамт дуулж, бүжиглэн, халуун яриа өрнүүлнэ

“Камертон” хамтлаг тоглолтоо хийх болжээ. Энэ талаар хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнээс тодрууллаа.

-Удахгүй болох тоглолтын талаар мэдээлэл өгөөч?

-Манай хамтлаг байгуулагдаад 24 жилийг ардаа үдсэн. Бид саяхан “Хязгааргүй” нэртэй шинэ цомгоо гаргалаа. Цомогт 10 дуу багтсан. Зарим дууныхаа клипийг энэ жилдээ багтааж хийнэ. Ирэх сарын 8-нд “Хайр” тоглолтоо толилуулах гэж байна. 

“Хайр” дууны клипэнд манай хамтлагийнхан гэр бүлээрээ тоглосон. Бидний гэр бүлийнхэн бүгд оролцсон цорын ганц дуу учраас тоглолтоо “Хайр” гэж нэрлэхээр шийдсэн. “Камертон” хамтлаг хайрын тухай их дуулдаг. 

Бүсгүйчүүдэд хандсан дуу ч олон бий. Тиймээс эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр сонсогч бүсгүйчүүддээ нэгэн гайхалтай үдшийг бэлэглэхээр бид дөрөв бэлтгэлээ базааж байгаа.

-Өмнөх тоглолтуудаас юугаараа онцлог вэ?

-Өмнөх тоглолтын үеэр бид дуулж дуусаад тайзны ар руу орчихдог байсан. Харин энэ удаа бид үзэгчидтэйгээ хамт дуулж, бүжиглэн, халуун яриа өрнүүлэхээр төлөвлөсөн. Үзэгчидтэйгээ аль болох ойрхон байж, халуун дулаан орчин үүсгэнэ дээ. Хамтлагийн урын санд бараг 400-500 дуу бий. 

Тэдгээрээс 30-ийг нь дуулахаар төлөвлөж байна. Тоглолт эхлэхээс дуусах хүртэл зохиолын өгүүлэмжтэй, яг л кино үзэх мэт сэтгэгдэл төрүүлнэ. Аливааг ухааруулсан, хайрласан, баярласан, догдлуулсан мэдрэмжийг сонсогчдодоо энэ тоглолтоороо дамжуулан өгөхөөр хичээж байна.

-“Камертон” хамтлаг нийт хэчнээн цомог гаргасан бэ?

-Гаргасан цомог, толилуулсан тоглолт тоо томшгүй. Бид олон гэхээс илүү чанартай, үзэгч сонсогчдын хүртээл болохуйц уран бүтээл хийхийг эрмэлзэж ирсэн. Хэдэн тоглолт, хэчнээн дуу дуулах нь чухал биш. Харин үзэгчдийн хүртээл болсон чанартай уран бүтээл гаргах чухал.

-Хамтлагийн гишүүд цаашид ганцаарчилсан уран бүтээлээ туурвих уу?

-Хамтлаг тарна гэж байхгүй. Бид дөрвийг юу ч салгаж чадахгүй. Хамтлагийн гишүүд бүгдээрээ л ганцаарчилсан уран бүтээл хийж, цомог гаргасан. Бид хамтлагаараа дуулахын зэрэгцээ ганцаарчилсан уран бүтээлээ ч орхихгүй. Учир нь хувь хүний ертөнц, үзэл бодол өөр. 

Өөрийн гэсэн ертөнцөө уран бүтээлээр дамжуулж бусдад хүргэхийг хэн хэн нь хүсэж байгаа. Харин “Камертон” хамтлаг хувь хүний үзэл бодлыг тусгасан бус, сонсогчдынхоо сонирхолд нийцсэн дуунуудыг дуулна. Залуус юу сонсож байна, бусад улсын дуу, хөгжмийн урсгал хэрхэн хөгжиж байгаагаас ихээхэн хамаардаг.

-Танай хамтлагийн цаашдын төлөвлөгөө юү вэ?

-Шинэ цомог, уран бүтээлээ олон нийтэд хүргэсээр байна. Цаг хугацаа өнгөрсөн ч тэд биднийг сонссоор, бид уран бүтээлээ хүргэх болно. Мөнгөөр ч худалдаж авч болдоггүй дурсамж гэж байдаг. Дурсамжийг бид өөрсдөө бүтээж, тархиндаа үүрд хадгалдаг. Бид гуравдугаар сарын 8-ны үдэш сонсогчидтойгоо хамт тийм л сайхан дурсамж бүтээхийг хүсэж байгаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)