Л.Гантөмөр: Х.Чойбалсан гуайн хэрэглэж байсан цэвэр мөнгөн халбага надад бий

Юу хүсэж, юунд дурладаг, сонирхдогоо мэддэг байх нь аз жаргалтай амьдрах “түлхүүр”. Тиймээс л хүмүүс төрөл бүрийн сонирхолтой зүйлс дагнан цуглуулж, түүнээсээ сэтгэлийн таашаал, баяр баясгалан авдаг. Сайхан бэлгэшээлтэй, сайныг илтгэх зүйлсийг цуглуулж, хоббигоо болгосон эрхмүүд олон. Онцгой, содон цуглуулгатай эрхмүүдийн “жоор”-ыг танилцуулдаг, “Хобби” буландаа халбага цуглуулдаг, Батлан хамгаалах яамны харьяа “Дуулга” студийн захирал Л.Гантөмөрийг урилаа.

-Яагаад халбага цуглуулахаар хорхойссон юм бэ?

-Халбага бол дээшээ харсан сав. Бас үргэлж хоолтой явахыг бэлгэдэж халбага цуглуулж эхэлсэн. Үүнээс гадна хадгалахад эвтэйхэн, үнэ боломжийн, аль ч улсад бэлэг дурсгалын халбага хийдэг. Аяга, таваг ч юм уу, овор ихтэй зүйлсийг хадгалах, арчлахад хүндрэлтэй байх.

-Анхны халбагаа хэзээ, хаанаас авсан бэ?

-Британид амьдарч байхдаа метроны буудлын бэлэг дурсгалын дэлгүүрээс сонирхоод эхний халбагаа авсан. Багадаа бусад хүүхдийн адил ил захидал, марк, тэмдэг цуглуулдаг байв. Тамхины хайрцаг сонирхсон ч гэрт тамхи татдаг хүн байхгүй болоод ч тэр үү, гавьтай цуглуулж чадаагүй. Тэр үеийн хүүхдүүд одоог бодоход цуглуулга хийх, солилцох, цуглуулгаасаа мэдээлэл, түүхийн мэдлэг авах гээд чөлөөт цагаа өнгөрөөх нэг хэлбэр байсан. Анхны халбагаа Британид байсны дурсгал болгоод гэртээ тавьж, дараа нь гадаад оронд явахдаа тухайн орны дурсгал болгож халбага цуглуулж эхэлсэн дээ.

-Одоо хэчнээн халбагатай вэ. Цуглуулгаа хэрхэн арвижуулдаг вэ?

-Төрөлжүүлж цуглуулаагүй л дээ. Гэхдээ хийцээр нь алтлаг, мөнгөлөг ч гэдэг юм уу, сонин хийц, материалтайгаар нь төрөлжүүлээд жаазалж хадгалдаг. Эхэндээ зөвхөн өөрөө л энд тэндээс олж авдаг байлаа. Дараа нь халбага цуглуулдгийг мэдсэн найз нөхөд, дүү нар, хүүхдүүд гадагшаа явахдаа халбага авчирч өгдөг болсон. Одоо 50 гаруй халбага бий. Тоогоо нэмэх гэж улайран цуглуулдаггүй.

-Цуглуулгын тань хамгийн үнэтэй болоод хамгийн сонин түүхтэйгээр таны гарт орсон халбаганы талаар ярина уу.

-Бэлэг дурсгалын халбага бол харьцангуй хямд. Сонин түүхтэй гэвэл, Афганистан улсаас авсан гуулин халбага. Афганистанд албан ажлаар цэргийн баазад байлаа. Тэндээс цуглуулдаг шигээ бэлэг дурсгалын халбага олоогүй. Очсон юм чинь цуглуулгаа нэмэх сонирхолтой л хайгаад л байлаа. Яг явах өдрөө зах дээрээс нь гуулин халбага олсон. Манай уламжлалт эмнэлгийн тан хэмждэг халбага шиг хэлбэртэй, аварга могойн толгойн дүрстэй. Найз нөхөд минь цуглуулгаа нэмэхэд их тус болдог. Номт гээд найз маань 2006 онд Дохад болсон Азийн аваргын тэмцээнд явсан тамирчинд зориуд захиж, дурсгал болгосон. Хуягбаатар гэдэг найз маань Х.Чойбалсан гуайн хэрэглэж байсан цэвэр мөнгөн халбагыг надад бэлэглэсэн. Дүү нар, хүргэн минь бас гадаад руу явахдаа сонин содон халбага олж ирж цуглуулгыг минь арвижуулдаг юм.

-Тантай ижил төрлийн хоббитой хүн олон бий юү. Уулзаж байв уу?

-Халбага цуглуулдаг хүн олон бий. Манай цэргийнхэнд л гэхэд хоёр, гурван хүн байдаг гэж сонссон. Чойжин ламын сүм музейн эрхлэгч Отгонсүрэн бас халбага цуглуулдаг. Бид цуглуулгаа үзэж солилцох талаар яриад л байгаа юм. Харин Урт цагааны гудамжинд байх аа, нэг зоогийн газар ханандаа нэлээд олон халбаганы цуглуулга өлгөсөн байсан шүү. Фэйсбүүк дэх группэд ч юм уу нэгдвэл цуглуулгаа солилцох, нэмэх гээд л олон сонирхолтой ажил хийх байх.

-Ямар нэг зүйлд дурлаж, сонирхон цуглуулдаг байх нь ямар давуу талтай вэ?

-Хүн сонирхсон зүйлдээ сэтгэлээ зориулан, түүнээсээ мэдлэг олж авах, чөлөөт цагаа зөв өнгөрөөх, ижил сонирхолтой хүмүүстэй уулзаж яриа өрнүүлэх, хоббигоороо нэгдэх гээд олон талын ач холбогдолтой. Би Монгол цэргийн музейд ажиллаж байхдаа 2009 онд “Хобби” нэртэй үзэсгэлэн дэлгэн, цэргийн салбарын цуглуулагч нарыг уулзуулах, тэднийг сурталчлах талаар олон ажил зохиож байлаа. Манай цэргийнхэн сүүлийн жилүүдэд гадаадын олон оронд үүрэг гүйцэтгэж, ажил үүргийнхээ зэрэгцээ сонирхол хоббигоо нэмэгдүүлж байдгийг олж мэдсэн юм. Тэгээд эхний удаа удирдах тушаалын алба хаагчдын хоббигоор үзэсгэлэнгээ гаргаж медальон, луужин, хутга, тэмдэг, аяга, харандаа, их бууны загвар гээд нэлээд олон төрлийн цуглуулгаар үзэсгэлэн гаргасан. “Хобби” үзэсгэлэн уламжлал болж, жил бүр Монгол цэргийн музейд гардагт баярладаг. Ер нь цуглуулагч нартай уулзаж ярилцах, санал бодлоо хуваалцах дуртай. Саяхан модель, тэр дотроо цэргийн техникийн модель цуглуулдаг, хийдэг залуустай танилцаж, хамтарч ажиллахаар ярилцсан. Цэргийн түүхийг хүүхэд, залууст хамгийн хялбараар ойлгуулах, тэдний техник сэтгэлгээ мэдлэгийг тэлэх зорилготой төсөл хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

-Халбага цуглуулахаас өөр хобби танд бий юү?

-Би сүүлийн үед цэцэг, тэр дундаа шүүст ургамлыг зохиомжилж тарих хоббитой болоод байгаа. Өндөр, том, үзэсгэлэнтэй цэцэгтэй биш, жижиг, царай муутай, өргөстэй ургамлуудад татагдах болсон.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)