Л.Болд: Намын бүлэглэлийг авч үлдэхийн тулд Батзанданг хөөж, намайг үлдээж байгаа нь доромжлол юм

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Ж.Батзандан "Ардчилсан нам яахаараа МАНАН, 60 тэрбумын бүлэглэл, Эрдэнэтийн 49 хувийг хулгайлсан нөхдүүдийг дэмжих ёстой юм бэ. Би АН-ын бүлгийн Улс төрийн зөвлөлийн гаргасан шийдвэрийг огт ойлгохгүй байна. Нам харгалзахгүй МАНАН-гийн бүлэглэлийг дэмж гэсэн намын даргын тулгалтыг би дэмжээгүй учраас өнөөдөр намаасаа хөөгдсөн юм байна. Гэхдээ Монголоосоо хөөгдөөгүйдээ их баярлаж байна.

Тун удахгүй МАНАН-гийн толгойлогч М.Энхболдыг УИх-ын даргаас огцруулна. 40 гишүүний бойкот үргэлжилнэ. Мөн С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат тэргүүтэй МАНАН-гийн толгойлогчдыг намын удирдлагаас зайлуулах тэмцэл орон даяар эхэлнэ. МАНАН-гийн халаасанд орсон АН-ын дээрэмчид, тонуулчид зүгээр үлдэнэ гэж битгий андуураарай. Тун удахгүй Монгол орон даяар ардчиллын мянга мянган шударга гишүүд босож, М.Энхболдын халаасанд орсон Эрдэнийг зайлуулах тэмцэл эхэлнэ. Ардчилсан нам шинэчлэгдээгүй байна. Намын даргын сонгуульд миний бие өрсөлдсөнийг та бүхэн санаж байгаа байх. Харин намынхаа эв нэгдлийг бодож сонгуулийн дүнг дуртай, дургүй хүлээж авсан. Гэхдээ миний бодол буруу байж. Би МАНАН гэх мафийн бүлэглэлийн төлөө ажиллаагүй, харин эх орныхоо төлөө ажилласан юм.

Мөн би ганц л эхнэртэй. Гэтэл С.Эрдэнэ дарга нүүрсний бизнес хийдэг эхнэртэй гэж хэлсэн юм шиг байгаа юм. Тэр эхнэрээ хайж байгаа шүү. Гэргий маань эмч мэргэжилтэй хүн бий. Тиймээс нүүрсний компанитай эхнэр надад байхгүй.

Л.Болд "Өнгөрсөн долоо хоногт эрх чөлөөний хувьсгал болсон. Харин АН-аас Засгийн газрыг огцруулах санал гаргаагүй, саналд нь ч гарын үсэг зураагүй. АН-ын дүрмээр бол өөрийнхөө Засгийн газрын эсрэг санал өгөхийг хориглодог. Гэтэл өнөөдөр нам маань коммунист буюу нэг хүний дарангуйллын нам болон хувирчээ. Намын бүлэглэл гэдэг зүйлийг авч үлдэхийн тулд Ж.Батзанданг хөөж, намайг үлдээж доромжилж байна. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Би Ардчилсан намын бүлгээс гарна. Гарах мэдэгдлээ өгсөн. Иймээс АН-ын бүлгийг тарааж байна. Харин шинэчлэлийн хөдөлгөөнд нь нэгдэж, гар бие оролцоно. Харин Ардчилсан намаас гарахгүй. Энэ миний байгуулсан нам.

Ж.Мөнхбат цаанаа жүжиг тоглож байгаа юм. УИХ тарахгүй гэдгийг бүгд мэдэж байгаа. Сонгуульд өрсөлдөх хүртэл намын гишүүн байдаг. Өрсөлдөөд сонгогдсон бол УИХ-ын гишүүн. Төрийн хүн болж байна гэсэн үг. Ардчилал бол цөөнхийн хүндэлдэг нийгэм шүү" гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)