Л.Эрхэмбаяр: УИХ-ын дарга З.Энхболдыг зориуд унагаах гэж оролдож байна

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 8-нд УИХ-ын дарга З.Энхболдыг албан тушаалаасаа сайн дураар огцрохыг шаардсан бичиг хүргүүлсэн.

Тэгвэл үүнтэй холбоотойгоор УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нар мэдээлэл хийлээ.  

АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр “АН-ын дарга З.Энхболдыг албан тушаалаасаа сайн дураар татгалзахыг МАН-ын бүлэг шаарджээ. Энэ нь МАН-ын бүлэг хувь хүн рүү дайрсан, З.Энхболд даргыг харлуулан, гутаан доромжлохын тулд шаардах бичиг илгээсэн гэж харагдаж байна. Жишээ нь, ээлжит бус чуулганаар цөмийн хог хаягдалалтай холбоотой хуулийг батлах гэж байхад МАН-ынхан чуулгандаа ирэхгүй байж БНХАУ-ын коммунист намынхантай уулзаад явж байсан. Яг үнэндээ МАН-ын үед авсан зээлээ халамжаар тараасан. Харин АН-ынхан авсан зээлээр зам, барилга, гүүр барьсан. Ипотекийн зээлийн хүүг бууруулсаны төлөө хариуцлага тооцох хэрэгтэй гэж байна. Яагаад зээлийн хүүг бууруулахын төлөө ажиллаж байгаа хүнд хариуцлага тооцох гээд байгаа юм. Иргэдээ тав тухтай амьдруулахын төлөөх үйл хэргээс АН ухрахгүй. Чуулганы хуралдаанд хэлэлцэж буй асуудлаар өөр зүйл ярилцсан тохиолдолд хурлын дэг бариулсан, сахилга хариуцлагатай байлгасных нь төлөө өөрийг нь эргээд ажлаасаа татгалз гэж байна. УИХ-ын гишүүн дэгээ барьдаг, зөвхөн хэлэлцэж буй асуудлаар ярьж сурах ёстой. Микрофон харахаараа улстөрждөг, замбараагүй байдлаа МАН-ын эрхэм гишүүд хазаарлах хэрэгтэй.

Өнөөдрийн чуулганы хурал дээр хүртэл Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах гээд явж байхад Ч.Хүрэлбаатар тэргүүтэй УИХ-ын гишүүд нь шал буруу юм яриад явж байх жишээтэй. Юмыг Эцэст нь ард түмний Тавантолгойг ард түмэндээ авч үлдэж байхад буруутгасан мэт агуулгатай байна. Сонгууль дөхөж байгаа учраас улс төрийн оноо цуглуулах гэж явуургүй үйлдэл гаргахаа зогсоо гэж МАН-ын бүлгээс шаардаж байна” гэж мэдэгдэл хийсэн юм.

Харин АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “МАН-ынхан шаардаж байгаа хоёр хуудас бичигт ямар ч авцалдаа үндэслэл алга. Сонгуулийн дараа УИХ-ын даргыг сонгох гэж байхад МАН-ын бүлэг дотроо хуралдаад УИХ-ын даргыг сонгох ажлын зориудаар тасалдуулж байсан. Тиймээс Дэгийн тухай хуулийн дагуу УИХ-ын даргаа албан ёсоор сонгосон. Хэрэв энэ нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа юм бол Үндсэн хуулийнЦэцэд хандах ёстой. Өнөөдрийг хүртэл ямар ч акц үзүүлээгүй байж байснаа сонгууль дөхөж байхад шаардах бичиг хүргүүлж байгаа нь авцалдахгүй байна" хэмээн онцоллоо.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)