Л.Эрдэнэчимэг дүүргийн эмнэлгийн нөхцөл байдалтай танилцав

Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн нөхцөл байдалтай танилцав. Тус эмнэлэг нь хуучнаар хүүхдийн 2 дугаар эмнэлэг нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд 165 ортой хэдий ч өнөөдрийн байдлаар 286 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Үүний гуравны нэг нь буюу 95 хүүхэд нь Баянгол дүүргээс ирж хэвтжээ. Учир нь Баянгол дүүрэг хүүхдийн эмнэлэггүйгээс тус дүүргийн 19 хорооны хүүхэд Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлдэг байна. Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, эхний ээлжинд Баянгол дүүргийн харьяаллын хүүхдүүдийг дүүрэг рүү нь шилжүүлэх ажлыг зохион байгуулах хэрэгтэй юм байна гэлээ. Мөн Сонгинохайрхан дүүрэгт баригдах жишиг эмнэлгийн барилгын ажлыг яаравчлуулах талаар Нийслэлийн удирдлагууд болон холбогдох хүмүүстэй уулзаж ярилцана гэдгээ тус эмнэлгийн ерөнхий эмч Б.Галсанцэдэнд дуулгасан. Ерөнхий эмч Б.Галсанцэдэн, сүүлийн жилүүдэд төрөлт нэмэгдэж байгаатай холбоотой ачаалал буурахгүй байсаар байна хэмээгээд бид хүүхэд багачуудыг эндэгдэлд хүргэхгүйн  төлөө бүхий л чадлаараа ажиллаж байна гэлээ. Мөн тэрээр нийслэл тусгайлсан хүүхдийн эмнэлэгтэй болох шаардлагатайг онцолж байлаа. Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг илүү цагаар ажиллаж байгаа эмч, сувилагч болон ажилчдын илүү цагийн хөлсний асуудлыг хэрхэн шийдэж байгааг тодруулахад ерөнхий эмч Б.Галсанцэдэн ажилтнуудын илүү цагийн хөлсийг цаг хугацаанд нь олгож байгаа гэлээ. Мөн тэрээр эмнэлгийн ор хүрэлцэхгүй байгаагаас 75 хүүхдийн эвхдэг ор дэлгэн хонгилдоо хүлээн авч эмчилж байгааг дуулгасан юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)