Л.Эрдэнэцогт: Хар тамхи тээвэрлэсэн дөрвөн хэрэгт манай 49 хүн холбогдсон

Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг мөрдөх тасаг байгуулагдаад удаагүй байна. Тус тасгийн дарга, цагдаагийн хошууч Л.Эрдэнэцогттой ярилцлаа.

-Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой урьд өмнө дуулдаж байгаагүй хэрэг цөөнгүй гарах боллоо. Танай тасаг байгуулагдаад хэчнээн хэрэгт мөрдөн байцаалт явуулж байна вэ?

-Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэргийг мөрдөх бие даасан тасаг байгуулагдаад үйл ажиллагаа явуулж байна.

Сүүлийн үед олны анхаарал татаад буй энэ төрлийн гэмт хэргийг мөрдөх мөрдөн байцаагч нарыг мэргэшүүлэх, тэднээр дамжуулж анхан шатны нэгжид ажиллаж байгаа ажилтнуудаа мэргэжлийн удирдлагаар хангах зорилготой.

Манай тасгийн ажилтнууд өнөөдрийн байдлаар 49 холбогдогчтой дөрвөн хэрэгт мөрдөн байцаалт явуулж байна. Мөн Чингэлтэй, Баянгол, Баянзүрх дүүргийн мөрдөн байцаах тасгийнхан таван хэрэг шалгаж байгаа.

-Хар тамхи хэмээх тахлын золиос болж монголчууд гадаадад хэд хэдээрээ эрүүгийн хэрэгт холбогдож, зарим нь ялын дээд хэмжээ хүртэл сонсоод байна. Манай иргэд энэ төрлийн хэрэгт яагаад ингэж олноороо холбогдоод байна вэ?

-Амьдрал ядуу, өрхийн орлого бага байгаагаас шалтгаалж сүүлийн үед манай иргэд амар хялбар аргаар мөнгө олох гэсэн ухвар мөчид үйлдлээсээ болж олноороо хэрэгт холбогдоод байна.

Өнөөдөр манайд шалгуулж байгаа энэ 49 хүн бүгд хар тамхи тээвэрлэсэн. Энэ хүмүүс Малайз, Вьетнам, Макао, Филиппин, Бангладеш, БНХАУ зэрэг Зүүн өмнөд Азийн орнуудад хар тамхи зөөвөрлөсөн нь тогтоогдсон.

-Нэг хэсэг манайхан каннабисийн төрлийн мансууруулах бодисыг бие биедээ худалдсан, хэрэглэсэн хэрэгт холбогддог байсан?

-Тийм ээ. Нэг хэсэг манай залуус мансууруулах бодис хэрэглэж байгаад баригддаг байсан бол сүүлдээ тээвэрлэгч боллоо. Олны танил хамтлагийн дуучид холбогдсон хэргийг шүүхээр шийдвэрлэснээс хойш энэ төрлийн гэмт хэргийн хор уршгийг иргэд ойлгон, сонирхож, хэрэглэх залуусын тоо буурсан гэсэн таатай үзүүлэлт гарсан.

Гэвч хэрэглэгчээс тээвэрлэгч болоод байгаа нь харамсалтай. Сүүлийн үеийн статистик судалгаанаас харахад 2008 онд 19 холбогдогчтой 10 хэрэгт, 2009 онд 39 холбогдогчтой 11 хэрэгт, 2010 он гарсаар есөн хэрэгт 53-55 хүн холбогдон шалгуулж байна.

-Зүүн өмнөд Азийн орнуудыг хамарсан хар тамхины “Алтан гурвалжин” гэх гэмт бүлэглэл байдаг гэсэн. Энэ хүмүүс тэдний золиос болсон гэж ойлгож болох уу?

-Манай хэд хэдэн иргэн хилийн чанадад хар тамхи тээвэрлэсэн хэргээр шалгагдаж байгаа. Хамгийн сүүлийн үеийн жишээ гэхэд Хонконгод дөрвөн залуу баригдсан. Түүнээс гадна БНХАУ-д саяхан Э гэдэг залуу саатуулагдлаа.

Тэдэнтэй хамт хар тамхи тээвэрлэсэн хүмүүсийг бид тогтоож шалгаж байна. Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг даяарчлалаас шалтгаалж, аль улсад үйлдэгдсэнээсээ хамаарахгүй баригдсан газраа эрүүгийн хариуцлага хүлээхээр байдаг.

Энэ 49 хүнтэй холбоотой дөрвөн хэргийн тухайд гол зохион байгуулагчид нь эрэн сурвалжлагдаж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Магадгүй таны хэлсэнчлэн уг гэмт бүлэглэлийн золиос болсон байхыг үгүйсгэхгүй.

-Энэ төрлийн хэргийн золиос болсон хүмүүс хэдий хэрийн насныхан байна вэ. Мөнгө зардал, бичиг баримтыг нь хэн хаанаас авч өгдөг юм бол?

-Энд нас хүйс нэг их хамаарахгүй. Янз бүрийн насны хүмүүс байдаг. Маш аюултай, эрсдэлтэй ажилд өөрсдийнхөө амь насыг золиосолж байгаагаа энэ хүмүүс мэддэг ч мөнгөнөөс болж тэр бүхнийг хийдэг. Бүх зардлыг нь цаад тал буюу зохион байгуулагчид нь дааж, бичиг баримт, онгоцны тийз, зочид буудлын хөлсийг нь төлж байна. Энэ баригдаад байгаа хүмүүсийн зарим нь хэд хэдэн удаа ийм ажил хийсэн, “Азаа үзэж баригдталаа явна” хэмээн ярьж байсан хүн ч бий.

Үүнээс болж ах дүү хамаатан садан, найз нөхдийгөө гэмт хэргийн золиос болгож буй хүн ч байна. Өдгөө Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг мөрдөх тасагт шалгуулж буй дөрвөн хэргийн холбогдогч нар хоорондоо ах дүү, найз нөхөд, хамаатан садан. Тэд нэгнийгээ ийм ажил байна, их мөнгө олдог гэж ярьж амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүмүүсийг буруу замд оруулж байгаа нь харамсалтай.

- Л . Б а й г а л м а а г “золиосолсон” Л.Гантуул, Ё.Оюунбилэг нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Шалтгаан нь юу байсан юм бэ?

-Уг хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт явуулж дуусгаад прокурорын хяналтад шилж үүлсэн. Нэгэн хүнийг олж саатуулах ёстой байсан.

-Наадмын дараахан солонгосчууд Буян-Ухаагийн боомтоор мансууруулах бодис оруулж ирээд саатуулагдсан. Энэ хэрэг шийдэгдсэн үү?

-Энэ оны долдугаар сарын 16-нд Буянт-Ухаагийн шалган нэвтрүүлэх боомтоор 40 гаруй ширхэг бодис оруулж ирсэн нь каннабисийн төрлийн мансууруулах бодис байна гэж Гаалийн төв лабораторит шинжлээд дүгнэлт гарсан.

Гэтэл энэ нь шалгалтын явцад каннабисын төрлийн бодис агуулдаг эм болох нь Мэргэжлийн хяналтын төв лабораторийн шинжилгээгээр батлагдсан. Бүр олон улсын эмийн бодисын жагсаалтад бүртгэлтэй юм байна. Эмийн үйлчилгээг нэмэгдүүлэх зорилгоор бага хэмжээгээр каннабис хольдог юм билээ.

-Манайд зэрлэг олсны ургамал их ургадаг гэсэн. Нэг хэсэг Орхон аймгийн Цагдаагийн газрынхан устгах чиглэлээр ажил зохион байгуулж байгаад чимээгүй боллоо. Ер нь мансууруулах бодисын хэрэглээнээс урьдчилан сэргийлэх зорилгоор ямар арга хэмжээ зохион байгуулахаар танай тасгаас төлөвлөж байна вэ?

-Шинэ тутам байгуулагдсан манай тасаг энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор ажил зохион байгуулж эхэлж байна. Юуны түрүүнд иргэдэд хууль эрх зүйн орчин, мансууруулах бодисын хор хө- нөөл, гэмт хэрэгт оролцсон тохиолдолд ямар хор уршигтай вэ гэдгийг таниулах, өөрсдийнхөө боловсон хүчнийг мэргэшүүлэх чиглэлээр ажил зохиож байна. Мөрдөн байцаагч нараа хар тамхи мансууруулах бодистой тэмцэх чиглэлээр сургалтад хамруулахгүй бол өнөөдөр бид практик туршлагаараа л хэрэг мөрдөж байна шүү дээ.

Түүнээс гадна хар тамхи, мансууруулах бодисыг шинжлэх мэргэшсэн лабораторитой болох шаардлагатай. Тэгэхгүй бол эм, хар тамхиа ялгахгүй байгааг дээр өгүүлсэн баримт харууллаа. Манайд хар тамхи, мансууруулах бодис шинжилдэг итгэмжлэгдсэн ганцхан лабораторитой. Тэр нь Гаалийн төв лаборатори.

Түүнийхээ хүчин чадлыг нэмэх шаардлагатай байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжлүүлэх гэхээр заримдаа дээж байхгүй гээд шинжилдэггүй. Түүнчлэн шинжээчдийг бэлтгэх, хилийн шалган нэвтрүүлэх боомтын танхимыг иж бүрэн камержуулах хэрэгтэй байна.

Өнөөдөр “Чингис хаан” нисэх буудалд байгаа зургаан камер нь гурван өөр байгууллагад харьяалагдаж байна шүү дээ. Каннабисийн төрлийн ургамлын тархац, ургалтыг зогсоох гэхээр нэлээд ярвигтай. Учир нь энэ бодис тоосонцроор үрээ цацдаг, хөрс голохгүй, хаана ч амархан ургадаг гэсэн.

- Ш и н ж э э ч д и й г мэргэшүүлэх гэснээс хар тамхи мансууруулах бодистой холбоотой хэрэгт томилсон шинжээчийн дүгнэлт гарахгүй уддаг. Үүнээс болж зарим хэргийн мөрдөн байцаалт удааширч олны хардлагыг төрүүлдэг шүү дээ?

-Хуульд шинжээч томилсон байгууллага төлбөрийг нь гаргахаар заасан байдаг. Гэтэл цагдаагийн байгууллагын төсөв ямар байдаг билээ.

Төлбөрийг нь төлж чадахгүйд хүрэх тохиолдол зөвхөн хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгт төдийгүй өөр төрлийн хэрэгт ч байдаг. Энэ мэт байдлаас болж шинжээчийн дүгнэлт удаашрах явдал бий.

Г.Цолмон


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)