Луйврын сонгуульд нэр дэвшихгүй гэв

Улс төрийн нам, бие даагчид хамтран өчигдөр 15.00 цагт мэдээлэл хийв. Үүгээр хяналтын тооллогын үйл явцтай холбогдуулан тэд мэдэгдэл гаргаж буйгаа хэллээ. Уг мэдэгдэлд “Нэгдүгээрт, саналын хуудас ямар ч лацгүй, ууттай ирж буй бөгөөд бидний төлөөллийг ойртуулахгүй, хол суулгаж, хяналтын тооллого явуулж байна, түүнд оролцож байгаа төрийн албан хаагчид бүгд эрх баригч намын талд үйлчилж буй, саналын тоо буруу байхад засаж, үргэлжлүүлж байгаа, нэг хүн хоёр болон түүнээс дээш удаа санал өгсөн сонгогчийн мэдээллийг иргэдээс ирүүлсэн” талаар дурджээ.

Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр “Би дахиад сонгуульд нэр дэвшихгүй. Намайг нэр дэвшүүлэх ч үгүй юм байна. Би ийм луйврын сонгуульд дахиж өрсөлдөх ямар ч сонирхолгүй боллоо. Ардчиллын суурь зарчмыг хангахын төлөө, шударга сонгууль зохион байгуулахын тулд бусад нам, эвсэл нэгдэж байна” хэмээв. Түүнчлэн одоогийн СЕХ-г огцруулж, улс төрийн намын тэгш төлөөллийг оролцуулж, сонгуулийн үйл явцыг шалгуулахыг шаардаж байгаагаа илэрхийллээ. Уг шалгалтын дүн гартал УИХ-ын шинэ бүрэлдэхүүнийг хүлээн зөвшөөрөхгүй байхыг Ерөнхийлөгчөөс хүсэв.

Бэлтгэсэн: Б.Нархан