Луйварчин, хулгайчдыг өөгшүүлсэн нийгэмд тэр зарчмаар нь л “амьдарцгаая”

Ерөөсөө л цөмөөрөө хулгай хийж амьдаръя. Хулгай, луйвар, залилангаар дагнаад явахад хамгийн таатай “хөрс”, ая тухтай орчин нөхцөл Монголд байна.

ЖДҮХС-гийн том гарын тоглогчидтой барьцаж, хэдэн тэрбумаар нь ярихаа байя. Угаасаа хүн нэг бүр нь тэрбум тэрбумын мөнгөтэй хүүдий рүү гараа шургуулах боломж манай эдийн засагт одоохондоо үгүй. Тиймээс савныхаа хэмжээгээр, чадах чадахаараа хулгай, луйвраар мэргэшихэд иргэн болгон дор бүртээ анхаарвал зохилтой мэт бодогдох боллоо. Адаглаад Боловсролын зээлийн сангаас 20 мянган ам.доллар ч болтугай “зээлээд”, Австрали, байг гэхэд өмнөд хөршдөө сурцгаая, та минь. Хятадын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт бүртгүүлэхийн тулд жилийн жилд мянга мянгаараа дугаарлах залуус надтай бүгдээрээ санал нийлэхгүй ч дэмжих хүн цөөнгүй гарна гэдэгт итгэлтэй байна.

Хүний тэтгэлэгт царай алдаж суухаар өөрийн улсынхаа хэчнээн өгөөмөр өглөгчийг санаарай. Зээл нэртэй л болохоос тэртэй тэргүй дээрх сангийн мөнгөөр гадаадад суралцсан залуусын бараг тал нь эх орондоо эргэж ирээд төлбөрөө төлдөггүйг бэлээхэн харцгаалаа. Тэгэхээр тэтгэлгээс ялгаа алга.

Сонгуулийн сураг чимээ ч наашилж, нохойн дуу ойртлоо. Аав, ээжийгээ атга чимх гурил, будаа, аяга таваг, бидон савханаар саналаа худалдахын оронд 

“Манай хүүхдийг л Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр гадаадад суралцахад нь туслалцаа үзүүлнэ үү” 

гэж гуйхыг ятга. Гадаадад мэргэжил, боловсрол эзэмшиж ирээд, эргэн төлөх нөхцөлтэй зээл авахад л дэмжлэг үзүүлээч гэж байгаа учраас гуйсан, гуйлгасан аль алинд нь хал балгүй, хамгийн нэр цэвэр ажиллагаа магадгүй энэ ч байж болох юм шүү. Нэгэнт мөнгөө гаргуулж авсан хойно бол та тухайн сургуульдаа сурна уу, хаяна уу, эргэж ирээд зээлээ төлнө үү, байна уу, мэргэжлээрээ ажиллана уу, болино уу энэ бүхэн Монгол Улсад ямар ч хүртээлгүй тул нуруугаа харуулахад гэмгүй.

Ерөөс 1993 онд Сургалтын төрийн сан нэртэйгээр байгуулсан цагаас хойших түүхэнд боловсролын зээл авсан иргэдийн дунд эцэг, эх нь төр, засгийн өндөр албан тушаал хашиж байсан болон хашдаг хүн олон байгаа хойно энэ давуу талаа тойргийн сонгогчдынхоо үр хүүхдэд л харуулаа биз. Аль 1997-1998 онд Сургалтын төрийн сангаас 40, 50 мянган ам.долларын зээл авсан хүмүүсээс одоо хүртэл төлбөрөө авч чадаагүй байгаа манай төр, засаг 20 жилийн дараа таныг барьтлаа зай ч байна, барилаа гэхэд ял шийтгүүлтлээ хол хэвтэнэ.

Одоо тэгвэл найман настай балчраас наян настай буурал хүртэл үйлдэж болох энгийн, ахуйн шинжтэй хулгай руу оръё. Үүнийг хийхийн тулд халаасны хулгайч нар шиг заавал төрөлжсөн, нарийн мэргэжлийн “дамжаа” дүүргэх албагүй. Тодруулбал, салан задгай хүмүүсийн энд тэнд мартаж орхисон эд зүйлсийг “гол гаргах”-ыг хэлээд байгаа юм. Үүнийг хуулийн хэллэгт хулгай биш гэж үздэг бөгөөд “Гээгдмэл эд зүйлийг ашигласан” гэдэг боловсон нэр томьёотой болгосон. Нэгэнт эрх зүйт Монгол Улсын төр, засаг үүнийг хулгай биш гэж үздэг учраас 300 мянган төгрөгөөс дотогш үнийн дүн бүхий эд зүйлс хулгайлсан нөхөрт эрүүгийн болон зөрчлийн ямар ч хариуцлага хүлээлгэхгүй, арга хэмжээ авахгүйг дуулгахад таатай байна. 

Ухаандаа та 300 мянган төгрөгтэй түрийвч “оллоо” гэхэд 1000 төгрөгийг дотор нь үлдээгээд, 299 мянгыг нь авбал эрүүгийн хариуцлагаас мултарчихна. Өнөөх сүрхий, юм л бол торгоно, шийтгэнэ гэж далайлгах болсон Зөрчлийн тухай хуульд ч “гээгдмэл эд зүйлийг ашиглах” гэдэг зүйл заалт байхгүй учраас цагдаагийнхан таны араас чаргууцалдах вий гэж Саяхан нэг найз минь Улсын гуравдугаар төв эмнэлэгт хүн үзүүлж яваад цүнхээ хулгайд (хуулийн хэллэгээр бол гээгдмэл эд зүйл) алдсан юм. Өвчтөний ар гэрийнхний хүлээлгийн өрөөнд эмчтэй уулзаад гарахдаа цүнхээ мартсанаа санаж, хэдхэн хормын дараа очиход хэдийн “эзнээ” олсон байж. Тэр даруй цагдаа дуудан, хуулийн дагуу асуудлаа шийдүүлэх гэсэн биш сүүлдээ бөөн явдал суудал, зардал чирэгдэл болж, төрийн байгууллагын хүнд суртал, хуудуутай хуулийг зүхэхээс наагуур явсан. 

Харьяалах газарт нь гаргасан өргөдөл гомдлын дагуу эмнэлгийн камер шүүгээд хулгайчийг барих юм бодтол байцаагч “Юуны түрүүнд энэ компанид очоод, хохирлын үнэлгээгээ тогтоолгоод ир. Хэрэв гээгдмэл эд зүйлсийн чинь хохирлын дүн 300 мянган төгрөгөөс дээш байвал Эрүүгийн хуулиар шийднэ. Хүрэхгүй бол энэ тохиолдолд цагдаа, прокуророос хэрэг нээхгүй. Зөрчлийн тухай хуульд ч ийм заалт байхгүй тул хуулийн хариуцлага хүлээхээргүй зөрчилд хэрэг нээвэл бид өөрсдөө ашиг сонирхлын зөрчилтэй гэгдээд буруудна” гэжээ. “Азаар” найзын минь гээсэн эд зүйлсийн үнийн дүн 300 мянгаас дээш давсан тул цагдаа, прокуророос хэрэг үүсгэсэн гэх боловч өнөө хүртэл “урт гарт”-ыг барих нь байтугай, эмнэлгийн камерын бичлэгийг ч шүүж үзээгүй гээд бод. Тэгэхээр алдсан хүн арван тамтай, авсан нь ганц тамтай гэдэг монгол ардын зүйр үг яах аргагүй үнэн болж таарлаа. 

...Урьд нь энэ хэмжээний мөнгөн дүнгийн хохиролтой хэрэг, зөрчлийг шийдэх журам хэрэгжиж байгаад Зөрчлийн тухай хууль батлагдахад халаагаа өгсний л “ач” шүү дээ. Дүлийдээ найдаж унгараг гэгчээр тэгтлээ найдан хүлээж байсан хуульд нь ийм заалт ороогүй нь үнэндээ хөнгөн хуумгай явдал болсныг хэрэгжүүлэгч хууль хяналтынхан өнгөрсөн хойно нь хэлж байна. Одоо яая гэх вэ дээ...

Монголд 900 мянган төгрөгийн цалин гар дээрээ авахын тулд компьютерын ард хөшөө болтлоо суудаг, эсвэл хуруу хумсаа хуйхлах нь холгүй хүнд хүчир ажил хийдэг хүн маш олон. Гэтэл тэдний бүтэн сар махийтал зүтгэж байж олох мөнгийг “урт гартнууд” хэдхэн удаагийн үйлдлээрээ босгочихоод, хөл хөсөр, гар газар тарвалзаж амьдрах эрх зүйн орчин ийнхүү нэгэнт бүрджээ. Энэ төрлийн гэмт хэрэгт мэдээж хамгийн тохиромжтой газруудын нэг нь яалт ч үгүй эмнэлэг. Эмнэлэгт ихэвчлэн уймарсан, сандарсан, анхаарал нь сарнисан хүмүүс байхаас гадна зайлшгүй мөнгөтэй явж таардаг. Тэднийг анаж байгаад бага гэлтгүй “гээгдмэл” эд зүйл цуглуулаад байхад ямар нэг ял шийтгэл хүлээхгүй, хуулийн хүрээнд эвтэйхэн амьдраад байж болохоор юм шиг ээ. Урьд нь энэ хэмжээний мөнгөн дүнгийн хохиролтой хэрэг, зөрчлийг шийдэх журам хэрэгжиж байгаад Зөрчлийн тухай хууль батлагдахад халаагаа өгсний л “ач” шүү дээ. Дүлийдээ найдаж унгараг гэгчээр тэгтлээ найдан хүлээж байсан хуульд нь ийм заалт ороогүй нь үнэндээ хөнгөн хуумгай явдал болсныг хэрэгжүүлэгч хууль хяналтынхан өнгөрсөн хойно нь хэлж байна. Одоо яая гэх вэ дээ.

Хулгай, луйвар, залилангийн эрдэмд суралцахаар сонирхож буй хүмүүст дуулгах бас нэг таатай мэдээ гэвэл “алдаатай гүйлгээ хийх” гэдэг заалт Зөрчлийн тухай хуульд ороогүй үлдсэн юм билээ. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн мунгинуу нөхөр таны данс руу андуураад 300 мянган төгрөгөөс доош үнийн дүнтэй мөнгө шилжүүлсэн тохиолдолд та түүнийг нь заавал буцааж өгөх албагүй гэсэн үг. Зүв зүгээр сууж байхад л 295 мянган төгрөг таны данс руу “гүйгээд” ороод ирвэл “Би яаж мэдэх вэ. Ямар таны халаасыг ухсан биш” гэсэн шүү юм хэлээд сууж бай. Яах вэ, нөгөө хүн чинь айхтар заргач, хэл амтай хүн байж таараад энэ асуудлыг заавал шийдүүлнэ гээд Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж болох юм билээ. Гэвч тэр болтол бас л зай ч байна, лай ч байна.

Эцэст нь, зорилго нэгтнүүд та бүхэндээ дуулгахад, Зөрчлийн тухай хуульд бидэнд хамаатай цорын ганц заалт бий. Тус хуулийн 8.6.1-т “хулгайлах” буюу Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулна гэжээ. Нэг үгээр хэлбэл, заавал бусдыг эд зүйлсээ мартаж, гээгээсэй гээд хүлээж цөхөхийн оронд хараажаар 300 мянгаас доош үнийн дүнтэй юмыг бол ганц нэг удаа дэлсчихээд албадан сургалтад суух, эсвэл 7-30 хоног саатуулагдах нь байна шүү дээ. Ам ташсан хэрээ гэдэг л болчихгүй бол иймэрхүү маягаар амьдраад байж болох дог оо.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)