Луйварчид, дэлхийн терроризмтой тэмцэгч

Британийн “Ми-5” албаны шинэ тэргүүнээр Кен Маккаллум томилогдон, үүрэгт ажилдаа тун саяхан оржээ. Тагнуулын офицероор 25 жил үндэсний аюулгүй байдлын янз бүрийн чиглэлээр ажилласан туршлагатай тэрбээр ЗХУ-ын Тагнуулын ерөнхий газрын офицер агсан Сергей Скрипалийг хордуулсан хэргийн мөрдөн шалгах ажиллагааг удирдсан нэгэн. Тэрчлэн Кен Маккаллум Британийн нийслэлд 2012 онд болсон олимпын наадмын аюулгүй байдлыг хангасан, Умард Ирландад терроризмтой, исламын хэт давруу үзэл, кибер аюултай тэмцсэн аж. Өнгөрсөн гуравдугаар сарын 30-нд Британийн Аюулаас хамгаалах алба буюу “Ми-5” (Энэ нь ДХЯ-нд харьяалагддаг бол “МИ-6” буюу Британийн Тагнуулын газар нь ГХЯ-нд харьяалагддаг) шинэ ерөнхий захиралтай болж буйг Дотоод хэргийн сайд Прити Патель зарласан юм.

Шинэ албан тушаалд томилогдсон Кен Маккаллумд шинэ төрлийн коронавирусээс гадна террорист, гадаадын тагнуулын ажиллагааны байнга хувиран өөрчлөгддөг аюул сорилт болж байна. Тэрбээр шинэ ажил хүлээн авахаасаа өмнө тус байгууллагын орлогч даргаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан Эндрю Паркерын халааг авсан байв. Үүнээс өмнө 2017 онд Кен Маккаллум Тагнуулын албаны орлогч даргаар ажиллахдаа шуурхай болон мөрдөн шалгах бүх ажиллагааг хариуцдаг байсны дотор 2017 оны террорист халдлага, 2018 онд Оросын тагнуулчийн аминд халдсан хэргийн мөрдөн шалгах ажиллагааг биечлэн хариуцжээ. Дараа нь тэрбээр “Ми-6” буюу Тагнуулын газрын даргаар томилогдсон аж.

“Ми-5”-ыг 1909 онд дэлхийн I дайны өмнө Германы тагнуулынхантай тэмцэхээр байгуулсан бөгөөд сөрөх тагнуул, терроризмтой тэмцэх ажил хариуцдаг тусгай алба юм. Харин дэлхийн II дайны үеэр германчуудаас мэдээлэл авах, хүйтэн дайн эхэлснээр Зөвлөлтийн тагнуултай тэмцэх ажил хариуцаж байжээ. 1990- ээд онд эхлээд Умард Ирландын террористуудын, дараа нь исламын хэт давруу үзэлтнүүдийн аюултай тэмцэхийг үйл ажиллагааныхаа гол чиглэл болгосон байна. “Ми-5”-ын шинэ тэргүүн залуу хүн бөгөөд Ерөнхий сайдынхаа дотнын танил. Түүнийг тагнуул, аюулаас хамгаалах албаныхан нь илэн далангүй, найдвартай, их ухаантай хэмээн үнэлж, хүндэтгэдэг. Британийн “Press association” агентлаг “Ми-5”-ын нэг эх сурвалжийн хэлснийг уламжилснаар “Энэ томилгоо бүх хүнд таалагдсан”, нэг ч ажилтан үгүйсгээгүй гэнэ. Харин Лондоны болон гадаадын улс төрийн ажиглагчид “Нэгдсэн Вант Улс Шотландын салан тусгаарлах улам газар авч буй үзлийн их дарамт дор буй үед тус орны хамгийн хариуцлагатай албан тушаалуудын нэгэнд шотланд хүн томилсон нь гайхалтай нүүдэл” хэмээн тэмдэглэжээ.

ГЛАЗГОГИЙН ЗАЛУУ

“Ми-5”-ын 18 дахь ерөнхий захирал нь тус албаны хамгийн залуу удирдагч. Үнэндээ түүний яг хэдэн настай нь төрийн нууц. Ийм мэдээлэл Кен, түүний гэр бүлийн аюулгүй байдалд халтай байж болзошгүй тул хүүхэдтэй гэдгээс өөр тодорхой зүйл байдаггүй аж. Төрсөн он нь тодорхойгүй ч хүүхэд насных нь тухай зарим мэдээлэл бий. Тэрбээр Глазго хотод тийм ч чинээлэг бус гэр бүлд мэндэлжээ. Учир нь тэрбээр улсын сургуульд сурсан аж. Математик сонирхдог учраас дунд сургуулиа төгсөөд Глзагогийн их сургуульд энэ чиглэлээрээ үргэлжлүүлэн суралцжээ. “Ми-5” ажилтан элсүүлж байгааг мэдсэн Кен Маккаллум өөрийн танилцуулгаа илгээсэн аж. “Гудамжнаас” ажилтан элсүүлдгээрээ Британийн сөрөх тагнуулынхан алдартай.

ТЭРС ҮЗЭЛТНҮҮДИЙГ “НАМНАГЧ”

Кен Маккаллум 1995 онд ажилд орсон бөгөөд эхний хэдэн жил хэт үзэлтнүүдтэй тэмцжээ. Тодруулбал, Умард Ирландын хэт давруу үзэлтнүүдийн бүлэглэлүүдтэй үргэлжлүүлэн тэмцсэн байна. Тэд энхийн гэрээний болзлыг хүлээн зөвшөөрөхөөс эрс татгалздаг. Мөн Британийн эрх баригчид, католик, эсвэл протестант шашинтнуудын эсрэг тэмцэгчид юм.

Энэ үед залуу Кен Маккаллумд бусдаас илүүгээ харуулах боломж гарчээ. 1998 онд Умард Ирландын Ома гэдэг жижиг хотод террорист ажиллагаа болж, 29 хүн амь үрэгдэж, 200 гаруй оршин суугч шархадсан. Кен Маккаллум эл хэргийг мөрдөн шалгахад оролцсон бөгөөд уг ажлын хэсгийн тэргүүн биш ч, гол дүрүүдийн нэгэнд нь тоглосон гэж зарим эх сурвалж ярьжээ. Террорист халдлагыг мөрдөн шалгах ажиллагаа онцгой үр дүнд хүрэлгүй дууссан билээ. Гэхдээ гэмт этгээдүүдийг илрүүлсэн. Тэдний гэмт буруутайд цагдаагийнхан, аюулгүй байдлын албаныхан маш итгэлтэй байсан бөгөөд тус албаныхны шахалтаар Хууль зүйн яам хэрэгтнүүдэд ял шийтгэжээ. Дараа нь цагдаагийнхан ч, “Ми-5”-ынхан ч мэдээллийн эх сурвалжуудаа дэлгээгүй. “Илэрхий” гол гэрч Прокурорын газрын итгэлийг хүлээгээгүй аж. Тиймээс ч эл хэрэг шүүх шатанд хүрээгүй гэнэ.

ОЛИМПЫН ХАРУУЛ, БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АНД

Ома хотод болсон террорист ажиллагааны тухай хавтаст хэрэг шүүхийн шатанд азгүйтсэн ч Кен Маккаллумын карьерт огт нөлөөлөөгүй. Харин ч эсрэгээр. Хэд хэдэн сонины эх сурвалжуудын мэдээлснээр тэрбээр Британийн тусгай албаны зүгээс Умард Ирландад энхийн үйл явц зохион байгуулахад оролцжээ. Энэ үйл явц бүхэлдээ амжилттай болж, сөргөлдөгч хоёр талын гол террорист аснууд бүгд улстөрч болсон аж. Кен Маккаллум өөр ажилд шилжиж, ирландуудтай бус, исламын террористуудтай тэмцэж эхэлжээ. Тийнхүү тэрбээр Лондонд болсон террорист ажиллагаануудыг мөрдөн шалгахад гол үүрэг гүйцэтгэсэн байна.

Түүний амжилтыг ч зохих ёсоор үнэлсэн гэдэг. Кен Маккаллумыг 40 нас хүрээгүй байхад нь 2012 оны Лондоны олимпын аюулгүй байдлыг хангах талаарх бүх чиглэлийн ажлыг даатгажээ. Чухам тэр үед Лондон хотын дарга асан Борис Жонсонтой тэрбээр нөхөрлөсөн аж. Лондоны наадмын аюулгүй байдлыг дээд зэргийн түвшинд хангасан Кен Маккаллум өөрт хамгийн их таалагддаг, тоон технологийг хөгжүүлэх, үүнийг улсынхаа аюулгүй байдлын албанд нэвтрүүлэх ажилд эргэн оржээ. “Ми-5”- аас Бизнес, шинэчлэлийн хэрэг эрхэлсэн яамны ажилд шилжсэн тэрбээр сөрөх тагнуулын боловсон хүчин хэвээр үлдсэн нь мэдээж. Энд тэрбээр хувийн бизнесийн төлөөлөгчидтэй харилцаж, тэдний ажиллагааг сөрөг тагнуулынхантай холбох гол үүрэг хүлээжээ.

ХУУЛЬ БУС ХЭРГИЙН ЭСРЭГ МАСТЕР

“Ми-5”-ын ажилдаа Кен Маккаллум нэг жилийн дараа эргэн орж, албандаа технологийн асуудал хариуцахын сацуу атомын хуучин цахилгаан станцуудыг ашиглалтаас гаргах чухал бөгөөд хариуцлагатай үйл хэрэгт үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхлыг төлөөлөн оролцов. Тэрбээр холбогдох газрын удирдлагын Захирлуудын зөвлөлд хүртэл багтжээ. Чухам тэр үед Кен Маккаллумыг албаных нь хамгийн өндөр албан тушаалд бэлдэж байгаа нь тодорхой болсон аж. Эхлээд тэрбээр ерөнхий захирлын стратегийн асуудал хариуцсан орлогчоор ажиллажээ. Эл албан тушаалыг хашихдаа аюулгүй байдлын салбарын шинэ хууль боловсруулах, Британийн тагнуулын хамтын нийгэмлэгт багтдаг бусад байгууллагатай, юуны түрүүнд, Төрийн холбооны штаб (электрон тагнуул) болон “Ми-6” нууц албатай хийх хамтын ажиллагааг өргөжүүлэх гэсэн хоёр чиглэлийг хариуцсан байна. Үүнээс хоёр жилийн дараа 2017 онд Кен “Ми-5”-ын ерөнхий захирлын гол орлогч болж, Лондон, Манчестерт болсон террорист ажиллагааг мөрдөн шалгах ажлыг удирджээ. Харин 2018 онд Оросын тагнуулч агсан Сергей Скрипаль, түүний охины аминд халдсан гэх хэргийн буюу Солсбергийн хямрал болж, мөрдөн шалгах ажлыг тэрбээр удирдсан байна.

Солсбергийн халдлагын түүхэнд Ома хотод болсон террорист ажиллагааны түүх давтагджээ. Кен Маккаллумаар удирдуулсан мөрдөн шалгах ажиллагаагаар гэм буруутныг маш хурдан тогтоосон байна. “Ми-5”-ын удирдагчид олны өмнө мэдэгдэл хийдэггүй, ирээдүйд юу хийхээ ярьдаггүй. Гэсэн ч Аюулгүй байдлын албанд Кен Маккаллумын урьд хийсэн ажлаас үзвэл тоон технологийг цаашид хөгжүүлэх, сөрөх тагнуул болон терроризмтой тэмцэхэд ашиглах талаарх түүний тэргүүлэх зорилт нь ажил хэрэг болох өндөр магадлалтай байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)