Л.Наранбаатар: Цэвэр зэс үйлдвэрлэе л гэвэл уран баяжуулах төслийг хамт хөгжүүлэх ёстой

 

Эрдэс баялгийн эдийн засагч Л.Наранбаатартай ярилцлаа.  

-Нүүрсний үнэ өсөж байна. Энэ нь хэр урт хугацаанд үргэлжлэх боломжтой бол?

-Үүнийг үүлэн чөлөөгөөр туссан нарны гэрэл л гэж харах хэрэгтэй. Энэ нь төдийлөн урт хугацаанд үргэлжлэхгүй. Учир нь манай коксжих нүүрсний гол импортлогч Хятад улс цаашид нүүрсний хэрэглээнээс татгалзаж, уран болон сэргээгдэх эрчим хүчнийхийг өсгөх тов тодорхой зорилготой байна. Судалгаанаас харахад, Хятадын гангийн хэрэглээ ойрын таван жилийн хугацаанд өсөлтгүй байх төлөв бий. Тиймээс үнэ өссөн нь Хятадын Засгийн газар нүүрсний уурхайнуудын ажиллах хоногийг багасгасантай холбоотой түр зуурын үзэгдэл юм. Цаашид хүчин чадлаа өсгөж таарна. Үүнээс гадна Хятад улс хэрэглэж буй коксжих нүүрснийхээ 90 хувийг дотоодоосоо хангадаг. Энэ хэмжээгээ цаашид өсгөх байр суурьтай байгаа. Мөн ОХУ, Австрали, Индонез зэрэг орон үйлдвэрлэлийн өртгөө бууруулж, өрсөлдөх чадвараа өсгөж байна.

-Ерөнхий сайд ТЭЗҮ нь бэлэн болсон нэг ч төсөл байхгүй гэж хэлсэн. Үнэхээр хөрөнгө оруулах төсөл байхгүй байна уу?

-Би үүнтэй санал нийлэхгүй байгаа. Харин ч ТЭЗҮ нь бэлэн хэд хэдэн мега төсөл шийдлээ хүлээгээд байж байна. Үүнд Тавантолгой ордын хөрөнгө оруулалтын гэрээ хамаарна. Төмөр зам, уурхайг хөгжүүлэх аж, баяжуулах үйлдвэр зэрэгт дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөсөн. Мөн ураны баяжуулах үйлдвэрийн бэлэн төсөл бий. Үүнийг Япон, Франц, Монголын хамтарсан компани хэрэгжүүлэх бөгөөд 1.5 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулна. Мөн “Тавантолгойн цахилгаан станц”-ын төсөл шийдлээ хүлээж байна. Үүнийг хурдан барихгүй бол Тавантолгой ордоос гардаг эрчим хүчний нүүрс нь хаягдал болж буй юм. Тиймээс үүнийг ашиглах хэрэгтэй. “Оюутолгой” компани жилд 250-300 сая ам.долларын эрчим хүч Хятадаас импортолдог. Ийм үргүй зардал гаргахгүйн төлөө уг төслийн ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй. Мөн хойд бүсийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлэх нь чухал байна. Овоотын коксжих нүүрсний уурхайгаас Эрдэнэт хүртэл төмөр зам тавихад гурав орчим тэрбум ам.доллар шаардлагатай. Засгийн газар ойрын дөрвөн жилийн хугацаанд энэ хэдэн төслийг эхлүүлэхэд 10 орчим тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт орохоор байна. Мөн энэ нь экспортын орлогыг багадаа дөрвөн тэрбум ам.доллароор нэмэгдүүлнэ. Энэ мэтчилэн шийдэл хүлээсэн олон ажил байна.

-Уул уурхайн дэд сайд энэ Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд зэсийн үйлдвэр барина гэж мэдэгдлээ. Энэ үйлдвэрийг ураныхтай холбох ямар боломж байна вэ?

-Монгол Улс зэс үйлдвэрлэнэ л гэж байгаа бол уран баяжуулах төслийг урагшлуулах хэрэгтэй. Учир нь зэс хайлуулах үйлдвэрээс гарч байгаа хүхрийн хүчил гэдэг хорт бодис нь ураны баяжмалыг гаргаж авах хам хэрэглээ юм. Ураны баяжмалыг газрын гүнд уусгах хэлбэрээр нь хөгжүүлбэл хүхрийн хүчлийг 300 м-ийн газрын гүнд байгаль орчинд хор хохиролгүйгээр булшлах боломжтой. Ингэснээр цэвэр зэстэй болох монголчуудын мөрөөдөл ч биелнэ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд зэсийн үйлдвэрийг барьж байгуулна гэсэн хэрнээ ураны төслийн талаар тодорхой зүйл яриагүй. Хэрэв ураны үйлдвэрийг орхивол зэс баяжуулах төсөл бүтэхгүй.

-Хятадын зах зээлд нүүрсний үнэ өссөн ч ашиг нь манай аж ахуйн нэгжүүдэд наалдахгүй байна. Нүүрсээ яаж үнэд хүргэх вэ?

-Тээвэрлэлтийн зардлаа бууруулах буюу төмөр замаа барьж байгуулах хэрэгтэй байна. Нүүрсний чанараа нэмэгдүүлж, овор хэмжээг нь багасгах, өртөг шингээхийн тулд баяжуулах ёстой. Мөн нүүрс экспортолж буй боомтуудаа олон улсын шинж чанартай болгох ажлыг эхлэх хэрэгтэй. Ингэж чадвал Хятад гэдэг ганц худалдан авагчаас хамаарахгүйгээр Япон, Солонгос зэрэг оронд борлуулж нүүрсээ үнэд хүрч, өртөг нь буурна. Мөн Тавантолгой ордын үнэ цэнэ бүхэлдээ өсөх юм. Ингэснээр 1072 хувьцаа амь орж, өгөөжөө өгнө. Үүнээс өөр гарц байхгүй. Засгийн газар энэ ажлыг хийгээсэй гэж хүсэж байна. Энэ удаагийн “Discover Mongolia” чуулганы үеэр Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг дахин авч үзнэ хэмээн мэдэгдсэн нь хөрөнгө оруулагчдад таатай мэдээлэл байлаа.

-Үүнийг өмнөх гэрээг үргэлжлүүлнэ гэж ойлгож болох уу?

-Уул уурхайн дэд сайд Х.Бадамсүрэн хэнтэй, хэрхэн хамтарч ажиллахаа удахгүй шийдвэрлэнэ гэсэн. Тиймээс Засгийн газарт өөр хувилбар байхыг үгүйсгэх аргагүй. Миний хувьд энэ ордыг үр ашигтай, бүтээмжтэйгээр л ашиглах нь чухал.

-Зах зээл хүндэрсэн үед Тавантолгойн ордыг ашиглахаар шинэ хөрөнгө оруулагч орж ирэх боломж бий юү?

-Хөрөнгө оруулагчийн итгэлийг олохын тулд өмнөх хэлэлцээрээ үргэлжлүүлэх нь зөв болов уу гэсэн байр суурьтай байгаа. Тэд манай улсад хөрөнгө оруулахын төлөө цаг хугацаа, хөрөнгө мөнгөө зарцуулж байна шүү дээ. Монголд хөрөнгө оруулах сонирхолтой хүмүүстэй яриа хэлэлцээрээ тууштай хийж чадахгүй, ийш тийш үсчээд байвал энэ ордыг хэзээ ч эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй гэж бодож байна.

-Хятадын хэрэгжүүлж буй бодлогоос харвал цаашид энэ улсын зах зээлд коксжих нүүрс борлуулах нь улам л хүндрэлтэй болох нь. Тэгвэл гангийн үйлдвэрлэлээ өсгөхөө мэдэгдээд байгаа Энэтхэгт найдаж болох уу?

-Хятадын зах зээлээс гэрэл гэгээ харагдахгүй байна. Хятад улсын гангийн үйлдвэрлэл болон хэрэглээ нь цаашид өсөхөөргүй байгаа. Харин Энэтхэг улсын эдийн засаг өсөж байна. Тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди “Бид гангийн үйлдвэрлэлээс ойрын хугацаанд Хятадыг тэргүүлнэ” гэсэн нь энэ найдлага төрүүлж буй юм. Хэрэв Энэтхэгийн энэ амбиц биеллээ олбол Хятадын төвийн бүсийн коксжих нүүрсний үйлдвэрлэгчид тус улс руу нүүрсээ нийлүүлж эхэлнэ. Ингэснээр Хятадад эрэлт өсөх болов уу гэж бодож байна.

-Энэтхэг рүү шууд нүүрс нийлүүлээд өрсөлдөх боломж байхгүй юу?

-Байхгүй.

-Ойрын хугацаанд зэсийн баяжмалын үнэ өсөх таамагтай байгаа гэсэн. Харин катодын зэсийнх төдийлөн өсөхгүй болов уу гэж шинжээчид үзэж байгаа. Тэгэхээр зэс боловсруулах үйлдвэр барих нь хэр ашигтай вэ?

-Зэсийн үнэ өсөж буурах нь үйлдвэрийг өгөөжид нөлөөлөхгүй. Энэ үйлдвэр зэс хайлуулах болон цэвэршүүлж ашгаа олдог юм. Манайд байхгүй учир “Эрдэнэт”, “Оюутолгой” компаниуд баяжмалаа гадаадын зэс хайлуулах үйлдвэрт өгч байгаа. Олон улсын биржийн цэвэр зэсийн үнээс хайлуулах үйлдвэрийн ашиг болон тээвэрлэлтийн зардал, хорогдлыг хасаж байж манай баяжмалын ханш тогтдог юм. Манай улс ийм үйлдвэртэй болчихвол давхар ашиг олох боломжтой учир энэ үйлдвэр бол стратегийн ач холбогдолтой юм.

-Зэсийн үйлдвэрийг хаана барих нь тохиромжтой вэ?

-Миний бодлоор энэ үйлдвэрийг Дундговьд барьсан нь тохиромжтой. Учир нь Эрдэнэт үйлдвэрээс Дундговь хүртэл зэсийн хүдэр тээвэрлэх зардал төдийлөн өндөр биш. Мөн манай ураны гол гол ордууд энэ аймагт байгаа учир хүхрийн хүчлээ хол тээвэрлэх шаардлагагүй. Үүнээс гадна “Эрдэнэт үйлдвэр”-ийн нөөц дуусахад Оюутолгой ордоос түүхий эдээ татах учир Дундговь нь илүү сонголт юм. Зэс хайлуулах үйлдвэр нь металлургийн томоохон үйлдвэр учир говийн бүсэд байрших нь оновчтой болов уу.

-Цэвэр зэс гаргаж авъя гэвэл ураны үйлдвэрлэлийг хөгжүүлэх хэрэгтэй гэлээ. Гэтэл уран баяжуулах үйлдвэрийг эсэргүүцэх хүмүүс бий.

-Манай улсад ил аргаар уран баяжуулах үйлдвэрийг хориглох хэрэгтэй. Харин Казахстан болон Европ тивийн орнуудад хэрэглэж байгаа газрын гүнд боловсруулах байгаль орчинд хор нөлөөгүй аргыг ашиглаж болно. Энэ бол ямар ч хор хөнөөлгүй арга юм. Тиймээс олон нийтэд ураны талаар зөв ойлголт өгөх хэрэгтэй. Энэ бол манай улс хараат бусаар хөгжих арга юм.

-Хайгуулын салбар “гэсэж” байгаа ч төдийлөн урагшлахгүй байна. Цаашид хайгуулын аль чиглэлд анхаарах нь чухал вэ?

-Хайгуулын салбарт хөрөнгө оруулах нь хөрөнгө оруулагчдад өгөөжтэй. Учир нь ийм төслүүдийн хөрөнгө ихэвчлэн олон улсын хөрөнгийн биржүүдээс босдог. 2008-2012 он бол хайгуулын салбар сэргэх алтан үе байсан. Тухайн үед хайгуулын салбарт жилд 500 сая ам.доллар орж байв. Одоо хайгуулыг сэргээхийн тулд жижиг, дунд хөрөнгө оруулагч, хайгуулчдыг татах хэрэгтэй. Гэхдээ нүүрсний салбарт хайгуул хийх нь ашиггүй. Харин алт, уран, лити зэргийг хайхад хөрөнгө оруулах боломж бий. Лити бол цахилгаан машины хөдөлгүүрийн гол түүхий эд юм. “Тесла” компани 2020 он гэхэд жилд 500 мянган ширхэг цахилгаан машин үйлдвэрлэдэг болно. Хятад улс машинуудаа цахилгаан хөдөлгүүр рүү шилжүүлэх бодлогыг хэрэгжүүлж байна. Эндээс харахад лити ойрын үед моодонд орох нь. Энэ түүхий эдийн үнэ хоёр жилийн дараа гэхэд бараг хоёр дахин өснө гэдэг таамгийг шинжээчид дэвшүүлж байна. Энэ мэтчилэн дэлхийн эдийн засаг хаашаа явж байна, хөрш орнуудын маань бодлого хааш чиглэж байна вэ, эдийн засгийнх нь бүтэц хэрхэн өөрчлөгдөв гэдгийг судалж, геологи хайгуулын салбарын хөгжлийг тэр рүү чиглүүлэх хэрэгтэй. Үүнд хөрөнгө оруулагчдыг хэрхэн татах вэ гэдгээ одооноос тодорхойлъё. Том төслүүдэд анхаарал хандуулж цаг алдах хэрэггүй. Жижиг, дунд хөрөнгө оруулагчид боломжийн төслүүдийг бэлдээд өгнө. Энэ нь манай эдийн засагт урт хугацаанд өгөөжтэй. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)