Ли Көчян: Хоёр орны гадаад худалдаа хэвийн болно гэдэгт найдаж байна

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян өчигдөр /2020.02.27/ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, БНХАУ-д гарсан коронавирусийн (Covid-19) тархалтын үед буюу онцгой нөхцөл байдалд хүрэлцэн ирж, сэтгэлийн дэм өгч байгаад талархал илэрхийллээ.

Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян БНХАУ-д, тэр дундаа Ухань хотод гарсан шинэ төрлийн коронавирусний тархалтыг зогсоохын тулд БНХАУ нээлттэй, ил тод, тоон мэдээллийг цаг хугацаанд нь үнэн зөвөөр өгч байгаа бөгөөд цаашид тархалтыг хяналтад оруулахын тулд дэлхийн улс орнуудтай хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлсэн юм.

Мөн БНХАУ одоогоор коронавирусний эсрэг вакцин гаргаж чадаагүй ч уламжлалт аргаар хийж буй тэмцэл нь үр дүнгээ өгч, өвчний дэгдэлтийг намжаах, хот, аймаг нийлсэн найман газарт онцгой байдлын зэрэглэлийг бууруулахад нөлөөлсөн гэж дүгнэж буй юм байна.

Онцгой байдлын зэрэглэлийг бууруулсан аймгууд нь Монгол Улстай хил залгаж байгаа ч тархалтыг бүрэн хяналтад оруулах хүртлээ сонор сэрэмжээ алдахгүй байж, Монгол Улсын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян хэлсэн үгэндээ онцоллоо.

Түүнчлэн тэрбээр цаг зуурын энэ бэрхшээлийг даван гарснаар хоёр улсын хоорондын гадаад худалдаа, иргэдийн зорчих хөдөлгөөн богино хугацаанд хэвийн болно гэдэгт найдаж байгаа бөгөөд энэ удаагийн айлчлалын үр дүнд хоёр талын харилцаа шинэ түвшинд хүрнэ гэсэн хүлээлттэй байгаа гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мөн энэ удаагийн айлчлал нь хоёр орны эв санааны нэгдлийн илэрхийлэл бөгөөд хөрш орнууд ямар ч цаг үед мэдээлэл солилцож, ойр дотно ажиллах нь аливаа бэрхшээлийг даван туулах үр дүнтэй арга хэрэгсэл хэмээн тэмдэглэж, төр засаг болон ард түмний найрсаг харилцааг бататгасан уулзалт боллоо хэмээн дүгнэсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)