ЛИМБЭ СУРТАЛЧЛАХ ТҮР ТАНХИМТАЙ БОЛОВ

“Тэр аялгуу хээр талын униарт хөх алсад тэнгэрийн хаяа манантан, хааяа хааяахан сэвэлзэх салхинд хялганы толгой ганхан бөхөлзөөд түүний дээгүүр хүний сэтгэлийн уйтгарт дуу намуухнаа элин халихыг дүрслэх мэт” хэмээн Төрийн шагналт, зохиолч П.Пүрэвсүрэн лимбэний эгшгийн тухай бичжээ. Хургачин хүүхдүүд тарвага, зурамны нүхтэй товгор газарт ургадаг гишүүний хатсан голд нүх гарган үлээж тоглодог байснаас аялгуу нь шувуудын жиргээ, байгалийн сайхантай зүйрлэгддэг эл хөгжмийн зэмсэг үүссэн домог бий.

Монголчууд лимбийг олон зууны турш өвлөн, хөгжүүлэхдээ битүү амьсгаагаар хөгжимдөх өвөрмөц арга барилыг буй болгосноороо дэлхийн лимбэчдийн түүхэнд гавьяатай. Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх өвөрмөц арга битүү амьсгааг ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн Яаралтай хамгаалах шаардлагатай биет бус өвийн жагсаалтад бүртгэсэн. Төвд хэлний глинг-бү хэмээх нэрнээс хөндлөн бишгүүрийн лимбэ гэдэг нэр гаралтай гэнэ.

Эрт цагт лимбийг хулсаар хийж байсан бол орчин цагт гууль, хуванцраар урладаг болжээ. Орчин үеийн лимбэ 610-360 мм урт, 25-30 мм голчтой юм байна. Соёлын өвийн төв, Монголын лимбэчдийн холбоо, Театрын музей хамтран лимбэний битүү амьсгааг сурталчлан таниулах түр танхим, “Лимбэний эгшиг” гэрэл зураг, лимбэний үзэсгэлэн дэлгэжээ. Үзэсгэлэнд лимбэний битүү амьсгааны уламжлалыг мэргэжлийн сургалтын хөтөлбөрийн агуулгад тусгах үндэс суурийг тавьсан алдарт хөгжимчин Л.Цэрэндорж, гавьяат жүжигчин М.Дорж, М.Бадам, Д.Галсантогтох тэргүүтэй үе үеийн уран бүтээлчдийн түүх өгүүлэх гэрэл зураг, намтар, лимбэ, өргөмжлөл, хэвлүүлсэн ном тэргүүтнийг дэлгэжээ.

Энэ тухай Монголын лимбэчдийн холбооны тэргүүн Ц.Цэвэгсүрэнгээс тодрууллаа.

-Монголын театрын музейд байгуулсан түр танхимд ямар үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байна вэ?

-Соёлын энэ биет бус өвийг ЮНЕСКО-д бүртгүүлснээр битүү амьсгаагаар лимбэдэх арга барилыг олон нийтэд сурталчлах, өвлөн тээгчийн тоог нэмэгдүүлэх, устаж үгүй болохоос хамгаалан сэргээх үүрэгтэй. Энэ ажлын хүрээнд битүү амьсгаагаар лимбэдэхийг сонирхон суралцагчдад зориулж танхим нээлээ. Уг аргад суралцах хүсэлтэй хүмүүст сургалт зохион байгуулахаар төлөвлөж байна.

-Монголд хэд орчим лимбэчин байдаг вэ?

-Мэргэжлийн сургуульд сурсан 60 гаруй лимбэчин байдгаас өдгөө 20-иодхон нь энэ чиглэлээрээ дагнадаг. ХБК, СУИС-д 20 гаруй хүүхэд суралцаж байна. Идэвхтэй тоглодог 40 орчим хүний дотор уламжлалт арга барил эзэмшсэн буюу битүү амьсгаагаар лимбэддэг нь 20 гаруйхан бий. Энэ бол Монголын хүн амын тоотой харьцуулахад маш бага тоо гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)