Ливио Сарандри: Хөдөлмөрийн хуулийг гурван парламент батлаагүй хэвээр байгаа нь хүндрэл үүсгэж байна

IMG_3290.JPG

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “B+HR Asia” буюу “Ази дахь Бизнес ба Хүний эрх” төслийн багийн ахлагч, ахлах зөвлөх, ноён Ливио Сарандриг 2020 оны 01 дүгээр сарын 31-нд хүлээн авч уулзлаа. Ноён Ливио Сарандри манай улсад энэ сарын 28-31-ний өдрүүдэд айлчилж ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсын Гадаад харилцааны яамны урилгаар бизнес ба хүний эрхийн үндэсний хөтөлбөр боловсруулахад зөвлөх, мэдээлэл цуглуулах зорилгоор холбогдох талуудтай уулзаж байна гэв. Бизнес ба хүний эрхийн үндэсний хөтөлбөрийг боловсруулахад Хүний эрхийн Үндэсний Комисс ихээхэн үүрэгтэй, ялангуяа НҮБ-ын зааварчилгааг хэрэгжүүлэхийг уриалахад оролцоо чухал болохыг зочин онцлов.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст сүүлийн жилүүдэд иргэдээс ирүүлсэн гомдлын цөөнгүй хувийг хөдөлмөрлөх эрхийн зөрчилтэй холбоотой гомдол эзлэх болсон. Үүнд бизнесийн салбарынхан хамарч байгааг ХЭҮК-ын дарга танилцуулаад Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгыг батлуулах чиглэлээр талуудтай хамтран ажиллаж байгаа ч 3 парламент дамжин уг хуулийг батлаагүй хэвээр байгаа нь хүндрэл үүсгэж буйг тодотгож байлаа. Мөн ХЭҮК-оос бизнес ба хүний эрхийн үндэсний хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэгт төлөөллөө оролцуулж хамтран ажиллаж байгаа гэв. Ийнхүү харилцан мэдээлэл солилцсоны дараа цаашдаа сургалт, нөлөөллийн чиглэлээр хамтран ажиллах боломжтойг талууд хэлэлцлээ. Уулзалтад ХЭҮК-ын Ажлын албаны дарга Ч.Алтангэрэл, Гадаад харилцааны яамны Хүний эрхийн хэлтсийн дарга В.Оюу нар байлцлаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)