Ливийн нийслэл мөргөлдөөний голомт болов

Ливийн нийслэл Триполи орчимд тус улсын Засгийн газрыг дэмжигч хүчнүүд болон генерал Халиф Хафтарын удирдсан арми хооронд ширүүн мөргөлдөөн болов. Хафтарын цэргүүд нийслэл рүү гурван чиглэлээр буюу зүүнээс Тажур хот, баруунаас Жанзур дүүрэг, өмнөөс Триполигийн олон улсын нисэх буудал оршдог Бин-Гашир хот талаас давшиж байна. Энэ нисэх буудал ажиллахгүй болсон тул стратегийн ач холбогдолгүй. Одоо бүх нислэгийг нийслэлийн төвөөс зүүн тийш 10 орчим км зайтай орших “Митига” буудлаас үйлдэж буй гэнэ. Тийшээ Хафтарынхны баруун жигүүрийн цохилт чиглэжээ. Юуны түрүүнд Үндэсний банк, улсын телевизийн төв зэрэг бусад чухал объектыг тэрбээр эзлэхийг эрмэлзэж байна.

Зарим гэрчийн мэдээлснээр Ливийн үндэсний армийн цэргүүдийг хотын төвөөс 15 км зайтай газарт харжээ. Триполи хотыг хамгаалахаар Засгийн газрын цэргүүд болон тэднийг дэмжигч, өөрийгөө хамгаалах хүчний отрядууд хөдөлсөн байна.

Гэтэл Засгийн газрыг дэмждэг байсан, исламын шашны томоохон бүлэглэлүүдийн нэг болох “Тогтоон барих тусгай хүчин” Хафтарын талд шилжиж буй тухай нийгмийн сүлжээнүүдэд мэдээлжээ. Хэрэв энэ мэдээлэл нотлогдвол Ерөнхий сайд Фаиз Саражид хүнд цохилт болохыг ВВС уламжилсан байна.

Ф.Сараж телевизээр үг хэлэхдээ генерал Хафтарыг урваж, төрийн эргэлт хийхийг оролдож байна хэмээн буруушаажээ.

“Их-7”-гийн орнууд Ливид болж буй цэргийн ажиллагааг нэн даруй зогсоохыг шаардсан нь юуны түрүүнд Хафтарт чиглэсэн аж. Мөргөлдөөн даамжрахаас зайлсхийхийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс уриалсан байна. Харин ОХУ “Дангаар хэн нэгнийг гэм буруутан болгохоос зайлсхийж, ливичүүд өөрсдөө хувь заяагаа тодорхойлох ёстой” гэжээ. “НАТО-гийн гишүүд 2011 онд Ливид халдсанаар энэ улсад хямрал нүүрлэсэн. Тэр цагаас хойш Ливи сүйрсэн улс болсон. Тэнд үүссэн хар нүхээр дамжин террористууд болон хууль бус зэвсгийн худалдаа өмнө зүгийг зорьж, умард руу хууль бус цагаачдын цуваа хөвөрч байна” гэж Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Египетэд айлчлахдаа мэдэгджээ. Ливийн асуудлыг цэргийн арга хэрэгслээр шийдэх боломжгүй хэмээн Египетийн Гадаад хэргийн сайд Самех Шукри хэлсэн байна. Тус хоёр улс урьд нь генерал Хафтарыг дэмждэг байсан аж.

2011 онд удирдагч Муаммар Каддафийг түлхэн унагаж, хөнөөснөөс хойш Ливид улс төрийн тогтворгүй байдал болоод хоёр засаглал тогтсон билээ. Тус улсын баруун хэсэгт буюу Триполид НҮБ-ын дэмжсэн, олон улсын хамтын нийгэмлэгээс хүлээн зөвшөөрсөн үндэсний зөвшилцлийн Засгийн газар байрладаг бол зүүн нутагт нь генерал Хафтарын командалдаг арми болон парламент байдаг юм.

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт тэрбээр цэргүүддээ Триполи руу давших тушаал өгчээ. Энэ үеэр тус хотод НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш айлчилж явсан юм. Тэрбээр улс төрийн хямралаас гарах гарц хайхаар очсон гэнэ.

Ливийн Ерөнхий сайд Фаиз Сараж Засгийн газрын хүчнээ хөдөлгөж, нийслэлдээ байлдааны бүрэн бэлэн байдал зарласан байна. Генерал Хафтар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзахдаа терроризмыг ялах хүртлээ цэргийн ажиллагааг зогсоохгүй гэдгээ мэдэгджээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)