ЛИВИЙН БОСОГЧИД МӨНГӨГҮЙ БОЛЖЭЭ

Ливийн удирдагч М.Каддафийн дэглэмийн эсрэг тэмцэгчид мөнгөөр дутагдаж буйгаа илэрхийлж, АНУ болон Европын холбооноос тусламж хүссэн тухай “Ройтерс” мэдээлжээ.

Босогчдыг удирдаж буй хүмүүс Ливийн Санхүү, газрын тосны нөөцийн газрын дарга Али Тархунитай Бенгази хотод уулзах үедээ энэ талаар мэдэгдсэн байна. Али Тархуни “М.Каддафийн Засгийн газартай хамтарч ажиллаж байсан гадаадын компаниудтай гэрээ хийхэд бид бэлэн байна. Эс тэгвэл босогчдын хоол хүнс, бензин, сум дуусаж байгаа” гэсэн аж.

Түүнээс гадна Шилжилтийн үндэсний зөвлөл барууны орнуудын амласан тусламжийг хүлээж байгааг тэрбээр онцолжээ. Сөрөг хүчнийхний хяналтад байгаа газраас газрын тос, байгалийн хий олборлох бүрэн боломжтойг тэрбээр дурдаж байсан гэнэ. Одоогийн байдлаар Францын “Total”, ХБНГУын “Wintershall” компанитай Ливийн босогчид хэлэлцээр хийх санал дэвшүүлээд байна.

Энэ сарын 9-нд Арабын нэгдсэн Эмират улсын Абу-Даби хотод Араб, Европын орнуудын төлөөлөгчид чуулж, Ливид болж буй үйл явдлын талаар хэлэлцсэн билээ. Эл уулзалтын үеэр Ливийн босогчдод Итали улс 400 сая, Франц 290, Кувейт 180 сая ам.долларын тусламж үзүүлэхээ мэдэгдсэн юм.

НАТО АНДУУРАВ

Ливийн босогчдод санхүүгийн хүндрэлээс гадна бас нэгэн том асуудал үүсээд байна. Өнгөрөгч пүрэв гаригт НАТО-гийн цэргүүд босогчдыг М.Каддафийн армийнхан хэмээн андуурч бөмбөгдсөнөөс босогчдын талаас 16 хүн нас барж, хэд хэдэн танк сүйдсэн тухай АР мэдээлсэн билээ.

Мөн зургаан их буу, босогчдын машинууд бөмбөгдөлтөд өртсөн гэнэ.

Х.Гэрэл


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)