Леброн Жэймс ирэх улиралд ямар амжилт үзүүлэх вэ

NBA-ийн 2019-2020 оны улирал өчигдөр эхэллээ. Өмнөх жилүүдтэй харьцуулбал аваргын төлөөх өрсөлдөөн маш ширүүн болох магадлалтай. Шинэ улирлын нэг гол дүр нь Л.Жэймс байх болно. Тэрбээр NBA-ийн түүхэнд нэрээ нэгэнт мөнхөлсөн боловч ирж буй улиралд олон үзүүлэлтээр амжилтаа ахиулах боломжтойг шинжээчид тэмдэглэж байна. Одоогийн байдлаар “Лейкерс”-ийн 23 дугаартай тоглогч NBA-ийн түүхэнд дараах байрт бичигдэж буй.

  • 32 543 оноо, IV байр
  • 8662 дамжуулалт, X байр
  • 8880 удаа самбараас бөмбөг авсан, 54 дүгээр байр
  • 1937 бөмбөг таслалт, XVI байр
  • 921 блок, 110 дугаар байр

Спортын ESPN вэбсайт Л.Жэймсийг ирэх улиралд доорх үзүүлэлтийг үзүүлнэ гэж таамагласан байна. Түүнийг танилцуулбал, 25.2 оноо + 8.2 самбар + 8.1 дамжуулалт + 1.3 бөмбөг таслалт + 0.7 блок. Мэдээж Леброны хувьд гэмтэл бэртэл, амралт зэргээс шалтгаалж цөөн тоглолтод оролцох, Э.Дэвис ирсэн учир оноо авах нь багасах зэрэг эрсдэл байгаа ч энэ бүхнийг харгалзан үзээд түүнийг 2019-2020 оны улиралд статистик үзүүлэлтээр лигийн түүхэнд хэр олон байр ахихыг тооцоолъё.

  • Нийт авсан оноогоор К.Брайнтыг гүйцэж, III байрт орно.
  • Оновчтой дамжуулалтаар Г.Пэйтон, А.Томасыг ардаа орхиж, VIII байрт орж ирнэ. К.Полыг хараахан гүйцэхгүй болов уу.
  • Л.Берд, Д.Жордан нарын найман тоглогчийг гүйцсэнээр самбараас бөмбөг авалтаар 46 дугаар байрт орно.
  • Бөмбөг таслалтаар XIII байрт бичигдэнэ. Өөрөөр хэлбэл, К.Брайнт, А.Айверсоноос илүү гарна.
  • Нийт блокшотын тоогоор 105 дугаар байрт орж ирэх болов уу. К.Бош, С.Пиппен нарын таван тоглогчийг гүйцэх боломжтой.

Хэрэв Леброн ирэх улиралд гэмтэл бэртлээс хол байж чадвал 40 000 оноо, 10 000 дамжуулалт, самбараас 10 мянган бөмбөг авч, 2000 бөмбөг тасалж, 1000 блок тавина гэсэн супер тоон үзүүлэлтийн эзэн болсон NBA-ийн түүхэн дэх анхны тоглогч болох нь. Харин плэй-оффт Л.Жэймсийн амжилт бүр ч сүрдмээр байна.

  • 6911 оноо, I байр. Агуу М.Жордан Леброноос бараг 1000 оноо дутуу бол одоогийн тоглогчдоос К.Дюрант плэй-оффт 4043, С.Көрри 2968, Ж.Харден 2654 оноо авчээ.
  • 1687 дамжуулалт, III байр. “Лейкерс”-ийн домог М.Жонсоны 2346 дамжуулалт өгсөн мөнхийн гэмээр амжилтад Леброн хүрэхгүй л болов уу. Харин 1839 дамжуулалт өгсөн Ж.Стоктоны өмнө орох нь тодорхой биз ээ. NBA-д тоглож буй тамирчдаас Р.Рондо (981), К.Пол (865) нар түүнээс хол хоцорч байна.
  • 2122 удаа самбараас бөмбөг авсан, VI байр. Энэ үзүүлэлтээр Леброн домогт Б.Расселл, У.Чэмберленийг гүйцэхгүй боловч онолын үүднээс авч үзвэл III байрт бичигдэж буй Т.Данканы (2859) өмнө орох боломж бий. Идэвхтэй тоглогчдоос Л.Ховард (1315), П.Гасоль (1246), Д.Грийн (1149) гурав л мянгаас олон удаа самбараас бөмбөг авчээ.
  • 419 бөмбөг таслалт, I байр. Л.Жэймс энэ үзүүлэлтээр С.Пиппен, М.Жордан, М.Жонсон, Ж.Стоктон зэрэг агуу тоглогчийн өмнө бичигддэг. К.Пол (222), Ж.Харден (205) бөмбөг таслалтаар Леброноос хол хоцорч байна.
  • 232 блок, XV байр. Плэй-оффын статистик үзүүлэлтээр лигийн түүхэнд эхний 10-т Леброны багтаагүй цорын ганц ангилал.

Гэхдээ X байрт бичигдэж буй Д.Мутомбо нийт 251 блок хийсэн учир Л.Жэймс түүний урд бичигдэх бүрэн боломжтой.

Бэлтгэсэн: Н.Энхбаяр


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)