Леброны түүхэн улирал

NBA-ийн түүхэн дэх агуу тоглогчдын нэг Л.Жэймс энэ улиралд ахин нэг удаа аварга болохоор зорьж буй. Түүний “Лос-Анжелес лейкерс” баг одоогоор 14 хожиж, хоёр хожигдсон амжилтаар бүх багийг тэргүүлж байгаа юм. Өнгөрсөн жил хүндхэн улирлыг үдсэн Леброн энэ жил олон сайн туслахтай болсноор байдлыг эргүүлж чадав. Түүний супер замналын түүхэнд ийм эрс эргэлтийн үе олон байсны нэг нь 2005-2006 оны улирал юм

ЛИГТ ГУРАВ ДАХЬ ЖИЛДЭЭ Хэчнээн авьяаслаг ч ганц тоглогч багаа аварга болгож чадахгүй. Гэвч ганц тоглогч багаа өөд нь татаж чадах бөгөөд 2005-2006 оны улирлын өмнө “Кавальерс” баг нэг хүнд тү¬ шиглэсэн хэвээр байх уу, эсвэл түүнийг сайн туслагчдаар хүрээлүүлэх болов уу гэдэг нь тодорхойгүй байлаа. Үл итгэгч, сонжооч нар “Кливлэнд”-ийг ганц хүний баг гэдэгт итгэсэн хэвээр, тэднийг плэй-оффт оролцох болоогүй, “Дорнод” конференцын шилдэг багийн зиндаанд хүрэх нь хаа ч байсан юм гэж үзэж байв. Жэймс харин өөрөөр бодож байсан юм. Тэрбээр өөрийгөө ч, багаа ч сайжирсан гэдэгт хатуу итгэж байв. Үүнийгээ ч нотлон харуулахад бэлэн болжээ.

Хоёр дахь улирал өндөрлөсний дараа зун Жэймс ажилдаа орлоо. Чөлөөт агентуудтай гэрээ байгуулах үе эхлэхийн өмнөхөн тэрбээр багийн удирдлагадаа хандаж шинэ тоглогч авахыг уриалсны дээр наймаа, солилцоо хийх, гэрээ байгуулахад өөрийнх нь санал бодлыг сонсвол сайн сан гэж зөвлөв. Тухайн үед Рэй Аллен, Ларри Хьюиз, Майкл Редд нарын ямар ч багт тус хүргэж чадахуйц сайн хамгаалагч нар “сул” байсан юм. Өмнө нь “Вашингтон визардс” багт тоглож байсан Хьюизийг оноо түүгч, холбон тоглогч болно, Жэймстэй гар нийлнэ гэж үзсний үндсэн дээр “Кавальерс” гэрээ байгуулав. Хэдий бага сага гэмтэл авсан ч Хьюиз “Кавальерс”-ийн амжилтад ихээхэн нөлөөлсөн билээ. Түүнээс гадна “Торонто”-гоос довтлогч Дониелл Маршаллыг элсүүлжээ. 

Зуны сүүл сард Жэймсийн зарим зар сурталчилгаа олны танил болж эхэлсэн нь НАСКАР-ын жолооч Вобби Лабонтегийн машины хамар дээрх Леброны комик бүхий зураг байлаа. Энэ нь “Кока Кола”-тай байгуулсан “Пауэрэйд” ундааных нь суртал¬ чилгаатай холбоотой байсан юм. Хойд Каролинагийнхан өмнө нь Жэймсийн тухай мэддэггүй байсан бол одоо мэддэг боллоо. Мөн бэлтгэлийн зуслан эхлэхээс өмнө хүмүүнлэгийн арга хэмжээнд оролцож, Акронд “Lebrons King for Kids Bike-A-Thon” сан байгуулсан бол “Катрина” хар шуурга НьюОрлеан хот, Миссисипийн эргийг сүйтгэсний дараа тусламжийн машинуудад хүнс, хичээлийн хэрэгсэл, живх ачихад нь сайн дурынханд тусалсан юм. Гол тоглогчийнхоо тусч занд Кливлэндийн фэнүүд ихэд баярлаж байсан ч тун удалгүй, аравдугаар сард Жэймсийн бие тавгүйрхэж, эмнэлэгт хэвтсэн нь тэднийг ихэд айлгав. Бэлтгэлийн үеэр түүний бие гэнэт өвдөж, эмнэлэгт яаралтай хүргэгдсэн бөгөөд эмч нар цээжний булчингийнх нь шөрмөс сунасан гэж оношлов.

Гэвч давтан шинжилгээний дараа Жэймсийн уушгины хальс үрэвссэнийг тогтоожээ. Тун богино хугацаанд эрчимтэй эмчилгээ хийлгэснээр Жэймс талбайдаа цоо эрүүл болоод эргэж ирлээ. “ОНООНЫ МАШИН” Улирал эхлэнгүүт оноо авах, багаа тэргүү¬ лэх гээд өөрийн чаддаг ажлаа Жэймс хийх боллоо. Шинэ улирал эхлээд хоёр долоо хоног өнгөрч байтал өөрийг нь өдий залуу насандаа өндөр амжилтад хүрсний илэрхийлэл болсон нэгэн шинэ дээд амжилтыг Жэймс тогтоов. “Орландо мэжик”-ийг ялсан тоглолтод Жэймс хамгийн залуудаа 4000 оноо авсан тоглогч боллоо. Энэ өдөр тэрбээр 20 нас, 318 өдөртэй байсан бол өмнөх дээд амжилтыг тогтоохдоо Коби Брайант 21 нас, 216 өдөртэй байсан юм. Гэвч “Кавальерс”-ийн тоглолттой харьцуулахад уг дээд амжилт бараг юу ч биш байлаа.

Тэд туршлагажиж, урьдынхаас хавьгүй илүү гар нийлэн тоглох болжээ. Өөрсөдтэй нь адилхан, залуухан бас ирээдүйтэй багт тооцогдож байсан “Чикаго буллз”-тай арванхоёрдугаар сард тоглоход Жэймс л тоглолтын үр дүнг шийдвэрлэв. Тэрбээр 37 оноо авч багаа тэргүүлснээр ялалт байгуулахад тун бэрх ордонд тооцогддог. “Юнайтед центр”-т “Буллз”-ыг 108:100-гаар “Кавс” хожжээ. “Манайх мундаг баг. Сайн ч баг. Бид “Дорнод” конференцын шилдэг багуудын нэг болоход ойрхон байна” гэж тэр үед Жэймс өгүүлж байсан юм. “Дорнод” конференцад илт давамгай, мундаг баг тэр үед байгаагүй учир Жэймсийн төлөвлөгөө ёсоор тэд удалгүй “Детройт”, “Чикаго” шиг конференцынхоо тэргүүлэгчдийн нэг болоход дөхжээ. Оны төгсгөлд Жэймс 21 нас хүрлээ. Арванхоёрдугаар сарын 30-наас хоёр хоногийн өмнө Кливлэнд хотын нэртэй, алдартай хү¬ мүүст 50 болон 300 долларын үнэтэй урилга тараажээ.

Кливлэндийн “House of Blues”-т болсон уг арга хэмжээнээс олсон орлогын зарим хэсэг нь буяны санд очсон билээ. Анхны машинаа буюу “хаммер” жийпээ авч байхдаа улс даяар шуугиан дэгдээж байсан Жэймс төрсөн өдрийн баяртаа цоо шинэ хар “Роллс Ройс” хөлөглөж ирэв. Төрсөн өдрийн баатар маань эсрэг өнгийн буюу цав цагаан хослолоор гоёсон байв. Хамаг юм нь бэлэн энэ залууд ямар бэлэг өгөх вэ гэдгээ шийдвэрлэх нь зочдын “толгойны өвчин” болсон гэдэг. Жэймст хүссэн бүхнээ авах мөнгө байлаа. Түүнд тохирох хамгийн хорхой хүргэм бэлэг бол NBA-ийн аваргын цом байсныг тэр үед тийм ч олон хүн санаагүй биз ээ. Харамсалтай нь, ийм бэлгийг баяр ёслол дээр бэлээхэн өгчихдөггүй, хэрэв Жэймс үнэхээр ийм цомын эзэн болохыг хүсэж байвал үүний төлөө маш их хөдөлмөрлөх ёстой байлаа. 

Жэймсийн талбай дээрх тоглолт, талбайн гаднах амьдрал, аль аль нь хэвлэлийнхний байнга бичдэг сэдэв болоод байсан хэдий ч ихэнх нь сайн мэдээ. Өөртэй нь адил алдар нэртэй бусад тамирчнаас ялгаатай нь Жэймс хууль зөрчиж байсангүй, шөнийн клубт хэрэг төвөг тарьж явсангүй, согтуугаар машин жолоодох гэх мэт муу үйл хийсэн удаагүй. Инээмсэглэл, хөдөлмөрч зангаараа тэрбээр сагсан бөмбөгийн “сайн жаал”-аар тодроод байв. 2005-2006 оны улирал үргэлжлэх тусам ойрын хэдэн жилд үзэгдэж харагдаагүй хү¬ чирхэг “Кавальерс” баг бүрдсэн нь илэрхий болж, плей-оффын амжилт зүүд мөрөөдөл биш гэдэг нь илт боллоо. Нэгдүгээр сарын 21-нд “Юта жааз”-ыг ялахад Жэймс 51 оноо, үүнийхээ 32-ыг тоглолтын хоёрдугаар хагаст авчээ. Цаг хугацаа өнгөрөөд удаагүй мэт санагдавч Жэймс аль хэдийн 5000 оноо авчээ. Заншил ёсоор тэрбээр ийм амжилтад хүрсэн хамгийн залуу тоглогч болов.

Бэлтгэсэн: Н.Энхбаяр


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)