Леброны дөрөв, “Лейкерс”-ийн 17 дахь цом

NBA-ийн түүхэн дэх хамгийн урт улирал өндөрлөлөө. Орландогийн “баббл”-д хэний ч таамаглаагүй олон үйл явдал болсныг цухас дурдъя. Лигт эхний болон хоёр дахь жилдээ тоглож буй долоон тоглогчийг бүрэлдэхүүндээ багтаасан “Майами” финалд шалгарч, “Денвер” баг цувралд хоёр удаа 3:1- ээр хожигдож байгаад ялж, “Клипперс” бүсийн финалд ч шалгарч чадалгүй бүтэлгүйтэв. Гэвч улирлын гол ялалт олонхын таамаглаж байсанчлан “Лейкерс”-ийнх боллоо. Багийн лидер Л.Жэймс даалгавраа 100 хувь биелүүлж, 10 жилийн дараа аваргын цомыг Лос-Анжелест авчрав. Энэ жил харамсалтайгаар нас барсан К.Брайант 2010 онд аваргын болон үнэ цэнтэй тоглогчийн (MVP)-ийн цомыг барин зогсож байсан бол энэ удаад “Лейкерс”-ийн шинэ баатар олон жил хүлээсэн Ларри О`Брайаны цомыг өргөлөө.

Энэ жилийнх “Лейкерс”-ийн 17 дахь цом болсноор “Бостон”-той ижил тооны аваргын түрүүтэй болов. Тэд Миннеаполист байхдаа таван удаа (1949, 1950, 1952-1954), харин Лос-Анжелест ирээд 12 удаа (1972, 1980, 1982, 1985, 1987, 1988, 2000, 2001, 2002, 2009, 2010, 2020) аваргалсан юм.

“ҮНЭНИЙГ ЯРЬЯ”

Финалд “Голден стэйт” багт бут ниргүүлсний дараа 2018 онд Леброн ингэж хэлсэн билээ. Төрөлх Охайо муждаа хоёр дахиа эргэж ирсэн “Хаан”-ы эрин дуусаж буйг бүгд гадарлаж байлаа. Тэрбээр дөрвөн жилд нэг удаа багаа аварга болгосон ч “Уорриорз”-т гурван удаад ялагдаад байв. Ингээд Леброн замналын шинэ хуудсаа “Лейкерс”-т нээв. Үүнд олон шалтгаан байлаа. Холливудад тэрбээр олон талт бизнесээ улам өргөжүүлж, түүхт багийн лидер болж, сайн хамтрагчтай болсноор дахин нэг удаа аваргалах боломж гарч ирсэн юм.

Гэхдээ эхний улиралдаа тэрбээр хүссэнээ авч чадаагүй. К.Кузма, Б.Инграм, Л.Болл нар Жэймсийн “зэвсэг нэгт” ахан дүүс болж чадсангүй. 2019 оны өвөл “Лейкерс” тал тоглогчдоо өгөөд Э.Дэвисийг авахад бэлэн байсан ч наймаа хэрэгжсэнгүй, харин ч лиг даяар дуулиан шуугиан дэгдээв. Үүний улмаас “Лейкерс” плей-оффт орж чадсангүй.

Шинэ улиралд Л.Жэймс NBA-д ахин олон жил давамгай тоглож чадах Э.Дэвисийн тусламжийг авч эхэллээ. Гэхдээ ингэлээ гээд “Лейкерс” автоматаар супер баг болоогүй. “Хьюстон” (Харден-Уэстбрук), “Клипперс” (Кавай-Жорж)-т шинэ супер хослол үүсэж, “Милуоки”, “Торонто” зэрэг мундаг баг тэдэнд ихээхэн саад учруулахаар байлаа. Тиймээс аварга болохын тулд Леброн өөрийгөө өөрчлөх ёстой болов.

Магадгүй орчин цагийн хамгийн шилдэг сагсан бөмбөгчин, хоёр багтай хамт гурван удаа аваргалсан, тэр тусмаа 34 настай хүнд өөрчлөлт хийх нь амаргүй байх. Гэвч Леброн аварга болохын тулд энэ замыг сонгож, юуны өмнө хамгаалалтаа сайжруулсан юм. Энэ улиралд Леброн Х.Олажювоноос хойших хамгийн олон талт хамгаалан тоглогч болсон. Тэрбээр хамгаалалтад багийн андууддаа тусалж, гурван онооны шугамыг сайн манасны зэрэгцээ довтолгоогоо мартаагүй. Тийм ч учраас Леброн плей-оффт 29.8 оноо, самбараас 11.8 удаа бөмбөг авч, 8.5 дамжуулалт дунджилжээ. Мөн ийм шалтгааны улмаас финалын тоглолтын үнэ цэнтэй тоглогчоор дуу нэгтэй нэрлэгдэв.

ӨСӨХ БОЛОМЖ

NBA-ийн шилдэг таван тоглогчийн хоёр нь нэг багт байгаа тохиолдолд аваргалах амархан нь тодорхой. Леброн, Энтони хоёр 2004 оноос хойш улирлын “Бэлгэдлийн нэгдүгээр баг”-т нэрлэгдсэн анхны багийн анд болсон юм. Тухайн үед ийм амжилтад хүрсэн хоёр тоглогчийг Шакил, Коби гэж дууддаг байсныг сануулъя. Түүнээс гадна Леброн улирлын MVP-ийн санал асуулгад, Дэвис “Оны шилдэг хамгаалан тоглогч”-ийн шагналд Я.Антетокунмпогийн ард бичигдсэн.

“Бид хоёр бие биедээ атаархдаггүй. Энэ бол өсөж дэвжих шилдэг арга. Мэргэжлийн спортод хүчээ нэгтгэдэг андууд бий. Өөр өөрийн багт лидер нь байсан тоглогчид нэгдэж, лигт давамгай тоглохоор хичээж болно. Ийм үед атаархал төрдөг гэдэгт би итгэдэг. Харин бидэнд тийм зүйл байхгүй” гэж Леброн өгүүлсэн юм.

“Лейкерс” энэ улиралд аварга болсон нь тэдэнд улам сайжрах боломжийг нээж байна. Ийм багт од асан ахмад тоглогч бага цалинтайгаар тоглохыг хүсдэг. Энэ нь К.Кузма, А.Карусо, Хортон Такер зэрэг тоглогчид өсөж дэвжих боломж олгох юм. Тиймээс энэ ялалт шинэ “династи”-гийн эхлэл болж чадна гэдэгт олон хүн итгэж байгаа. Учир нь “Лейкерс” баг олон жилийн дараа зөвхөн ганц аваргын цомоор сэтгэл ханахыг хүсэхгүй. Хоёрдугаарт, Леброн дахин 1-2 цомоор өөрийн нэр хүнд, өвийг баяжуулахыг гарцаагүй хүснэ. Гуравдугаарт, түүхэн дэх хамгийн хүнд улирлыг өнгөрүүлсэн NBA-д шинэ “супер” баг хэрэгтэй.

Эцэст нь, өөр нэгэн сонирхолтой баримтын талаар товч өгүүлье. Леброныг “Лейкерс”-т ирэхтэй зэрэгцээд том хүү Бронни нь Лос-Анжелест шинэ сургуульд элссэн. Тэрбээр дунд сургуульдаа дахин хоёр жил сурах ёстой. Тухайн үед их сургуульд суралгүйгээр шууд NBA-д элсэхийг лигийн удирдлага зөвшөөрөх бүрэн боломжтой. Ингэсэн тохиолдолд Леброн хүүтэйгээ нэг багт тоглосон анхны сагсан бөмбөгч болж, түүхэнд нэрээ бичүүлнэ. Ийм зүйл К.Брайант, М.Жорданы хэнд ч тохиогоогүй юм. Хэрэв ийм зүйл болбол Леброн ямар ч жагсаалтад Майкл, Кобигийн өмнө бичигдэх нь гарцаагүй.

Бэлтгэсэн: Н.Энх 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)