Л.Гантөмөрийн шинэ сэдэв

УИХ-ын гишүүн асан тэрбээр Ардчилсан намын даргад нэр дэвшинэ гэдгээ ил тод зарлалаа. Бусад өрсөлдөгчтэй нь харьцуулахад л тэр арай залуу болохоос УИХ-д хэдэнтээ сонгогдсон, ялгаагүй л “хуучин хүү”. Гэвч сонгууль бүрээр нэг шинэ сэдэв сонгож, PR хийн “шинэчлэгдэх” гэж үздэгээрээ ялгаатай. 2008 оны УИХ-ын сонгуулиар тэрбээр төрийн албанд том жийп машин унахыг зогсоож, түүнд зарцуулах шатахууны зардлыг хэмнэхийг уриалж байлаа.

Сонгуулийн сурталчилгаагаа ч дугуйтай залуусаар хийлгэсэн нь тухайн үедээ содон байсан, бас амжилт олж сонгогдсон. Энэ удаа бол тэр АН-ын олон хүний адил “лааз өшиглөж” байна. Гэхдээ намын даргын төлөө өрсөлдөх “шинэ” хүн болохоор оролдож эхлэв. Түүний шинэ сэдэв нь фракц. “Нэг ардчилал” хэмээх фракцад хамаарагдан, бүлэглэлийн улс төр хийж, үр дүнд нь сайд болсон эрхэм.

Харин УИХ-ын гишүүн байхаа больмогц л гэнэт фракцад дургүй болжээ. “Нэг ардчилал” фракцаа татан буулгалаа хэмээн мэдэгдэж, фракц л буруу бүхний уурхай байсан хэмээн тунхаглав. Энэ нь үнэн. Гэхдээ өмнө нь З.Энхболд намын дарга болмогцоо “АН фракцгүй боллоо” хэмээн мэдэгдсэн, үнэндээ мөрөөдсөн.

Учир нь мэдэгдэх төдийд л олон жилийн турш батажсан фракцын улс төр алга болчихгүй. Одоо Л.Гантөмөрийн ээлж иржээ. АН-ынхан “Задарлаа гээд л алга болчихгүй. Энэ бол түүний шинэ сэдэв, намын даргын төлөөх марафоных нь PR” хэмээн ярьж эхэлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)