Л.БОЛД АВИЛГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАРТ ХАНДЖЭЭ

 УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд Авилгатай тэмцэх газарт хандан өргөдөл гаргажээ. Тэрбээр өргөдөлдөө, сүүлийн үед намайг Батлан хамгаалахын сайд байх үедээ хууль бус ажилд оролцсон, эрх мэдлээ урвуулан ашигласан гэх агуулгатай мэдээллүүд зохион байгуулалттай гарах боллоо.  Тухайн цаг үед нь хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан энэ мэт хэрэгт холбогдолгүй гэдгээ мэдээлж хариу өгч байсан ч улам даамжирч, зохион байгуулалтад орж, улс төрийн захиалгаар хэн нэгний удирдлага дор хийгдэж байгаа нь мэдрэгдэх болсон тул танай байгууллагад хандаж байна гэжээ. 

Эдгээр яригдаж, бичигдэж буй асуудлуудад намайг холбогдолгүй болохыг, энэ бүх гүтгэлэг, зохион байгуулалттай гүжирдлэгийн цаана хэн байгааг тодруулж, улс төрийн өндөр хариуцлагатай албаа зохих ёсоор нь хаших боломжийг бүрдүүлэхэд  туслалцаа үзүүлнэ үү хэмээн УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд Авилгатай тэмцэх газраас хүсчээ. Ер нь сүүлийн өдрүүдэд Засгийн газрын гишүүдийг зохион байгуулалттай доромжлох, гүтгэх үйл явц эрчимтэй ажиглагдаж байна. 

Энэ нь нэг талаас хэвлэл мэдээлэл, олон нийтийн зүгээс хяналт тавьж,  улс төрийн эрх мэдлийг ашигласан байж болзошгүй гэх хардлагыг илэрхийлж буй мэт боловч  нөгөө талаас хэт туйлшруулан гүтгэх, зохион байгуулалттай болсон байгаа нь анхаарал татах болжээ.



Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)