Лаостай агаарын харилцааны гэрээний төсөл солилцлоо

ХБНАБУ-ын нийслэл Катманду хотноо болж буй DGCA-56 хурал салбар хуралдаанууд болон хоёр талт уулзалтуудаар үргэлжилж байна.

ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Алтанцом тэргүүтэй монголын төлөөлөгчид агаарын тээврийн салбарын "Хүний нөөц", "Бээжингийн тунхаглал" сэдэвт салбар хуралдаануудад оролцлоо.

"Хүний нөөц" салбар хуралдаанаар ирэх жилүүдийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээ, тулгамдаж буй асуудлаар санал солилцсон бол "Бээжингийн тунхаглал" сэдэвт хуралдаан дээр улс орнуудын иргэний нисэхийн байгууллагын асуудал хариуцсан сайд нарын ээлжит хуралдааныг 2020 онд товлох асуудлыг хэлэлцэж саналаа нэгтгэлээ.

Монголын төлөөлөгчид БНСУ-ын төлөөлөгчидтэй хоёр талт уулзалт хийсэн. Энэ уулзалт үр дүнтэй болж Солонгосын тал Удирдах түвшний, Мастерийн зэрэг олгох 2 жилийн сургалт болон нисэхийн аюулгүй байдлын чиглэлийн зөвлөх үйлчилгээний хөтөлбөрт хамтран ажиллаж дэмжлэг үзүүлхээ мэдэгдлээ.

Ардчилсан Бүгд Найрамдах Лаос Улсын төлөөлөгчидтэй мөн уулзалт хийж Агаарын харилцааны гэрээний төслийг солилцлоо. Улмаар энэ ондоо багтаан агаарын харилцааны гэрээг үзэглэх асуудлыг ярилцлаа.

Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ИКАО/-ын Техникийн хамтын ажиллагааны товчоо /COSCAP-NA/-ны шинэ дарга ноён Хор Хэ Варгастай мөн уулзалт хийсэн. Тэрбээр техникийн хамтын ажиллагааны цар хүрээг тэлэх, сургалтууд зохион байгуулахаар төлөвлөж байгаа талаар дуулгаж, санал солилцлоо.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)