К.Силвад барьсан Зул сарын бэлэг

NBA-ийн “Майами хит” багийнхан шинэ тоглогч Крис Силвад Зул сарын хамгийн сэтгэл хөдөлгөм бэлэг барьжээ. Тодруулбал, түүний ээжийг Габон улсаас Флоридад авчирч, хүүтэй нь уулзуулсан аж. Гурван жил хол байсан ээж, хүү хоёр энэ үеэр нулимсаа барьж дийлээгүй гэнэ. Эл түүх хэрхэн эхэлснийг сонирхъё.

К.Силва 2012 онд АНУ-д иржээ. Англи хэл мэдэхгүй Крис Габоноос Нью-Йоркт ирэхийн тулд гурван удаа онгоц сэлгэж суусан аж. Хэлнээс гадна сагсан бөмбөгийн үндсэн дүрмүүдийг ч ухаарч амжаагүй Крис Нью-Жерсигийн нэгэн сургуульд элсэн оров. Тэрбээр эх орондоо цагариг руу бөмбөг шидэж тоглодог байснаас бус зохион байгуулалттай тоглолт, тэмцээнд огт оролцож байгаагүй.

Крис АНУ-д суралцах хугацаандаа ганц удаа Габонд очиж, гэр бүлтэйгээ хоёр долоо хоног өнгөрүүлсэн гэнэ. Америкийн цагаачлалын дүрэм, журам маш хатуу төдийгүй байн байн аялах мөнгө ч К.Силвад байсангүй.

Тэрбээр 2019 онд их сургуулиа төгссөн ч NBA-ийн нэг ч баг түүнийг драфтаас сонгож авсангүй. Харин тоглогч сонгож авдаг стандарт бус аргаараа алдартай “Хит” л түүнтэй хоёр талт гэрээ байгуулав. Гурван сарын өмнө габон тоглогч өөрийн түүхээ багийн андууддаа ярьж өгсөн агаад тэр үед ерөнхий дасгалжуулагч Э.Споэльстрад Крисийг ээжтэй нь уулзуулах санаа төржээ.

Арванхоёрдугаар сарын эхээр К.Силва “Хит”-ийн үндсэн бүрэлдэхүүнд багтав. Багийн удирдлага NBA-д хандаж, тоглогчдоо гэнэтийн бэлэг барихад нь туслахыг хүссэн гэнэ. Комиссар А.Силвер, лигийн гадаад харилцааны албаны дэд ерөнхийлөгч К.Бохуни хамтран ажилласны хүчинд Америкт К.Силвагийн ээжийг авчрах “үйл ажиллагаа”-г хэрэгжүүлсэн байна. “Үнэхээр онцгой явдал боллоо, миний сэтгэлийн гүнд хүрч чадлаа” хэмээн баярлаж хөөрсөн Крис багийнхандаа өгүүлсэн байна. Ээжтэйгээ уулзахаас илүү бэлэг гэж юу байх билээ.

Бэлтгэсэн: Э: Манлайбаатар


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)