К.Роналду: Намайг тайван орхи гэмээр үе гардаг

Португалын шигшээ болон Италийн “Ювентус” багийн довтлогч К.Роналду “Insparya group”-тэй хамтран Мадрид хотод шинэ бизнес эхлүүлсэн байна. Тус компани Португалд үс шилжүүлэн суулгах 10 эмнэлэгтэй бөгөөд Испанийн нийслэлд салбараа нээхийн тулд нэрт хөлбөмбөгчтэй хамтарчээ. К.Роналду шинэ бизнес төслийнхөө хүрээнд ICON сэтгүүлд ярилцлага өгснийг товчлон хүргэе.

БИЗНЕСИЙН САЙН БАГ БҮРДҮҮЛСЭН

Хөрөнгө оруулах шинэ бизнес сонгохдоо би гэр бүлийнхэн болон ойр дотнын хүмүүстэйгээ зөвлөдөг. Хөлбөмбөг бус, бизнесийн тухай хэт их бодож байна гэж хэн нэг нь зэмлэж магадгүй. Гэхдээ өнөөдөр би ажил хэрэгч асуудал шийдсэн ч маргааш нь талбайдаа гарч, бэлтгэлээ хийнэ, дараагийн тоглолтод бүх анхаарлаа хандуулдаг. Би их сайн баг бүрдүүлсэн учраас бизнестээ санаа зовох шаардлага бараг гардаггүй.

Гэхдээ үс шилжүүлэн суулгах эмнэлэг, зочид буудлын сүлжээ, спортын танхим зэрэг бизнес эрхэлдэг хөлбөмбөгч тийм ч олон байхгүй гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Амжилт тэнгэрээс гэнэт унаж ирэхгүй. Хичээн хөдөлмөрлөх хэрэгтэй.

АМЖИЛТ ДАГАСАН ДАРАМТ

Өөрийгөө шилдэг гэдгийг харуулах шаардлага жил бүр гардаг болохоор заримдаа хүмүүсийн дарамт, хүлээлт намайг бухимдуулж, ядраадаг. Хэцүү шүү. Зөвхөн үзэгчид төдийгүй ойр дотнынхондоо ч өөрийгөө харуулах хэрэг гардаг. Гэр бүл, ээж, хүү маань “Криш, чи маргааш заавал ялаарай” гэж хэлдэг юм. Нэг талаас энэ нь намайг илүү шийдэмгий, зоригтой болгодог. Гэвч заримдаа “Намайг тайван орхи л доо” гэмээр санагддаг л юм.

Би бүр багаасаа л ийм дарамтад өссөн. Мадридад хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн үнэтэй тоглогч болж ирсэн. Манчестерт харин 23 настайдаа “Алтан бөмбөг” авсны дараа хүмүүс “Тэр одоо бүр сайжрах ёстой” гэж ярьж байлаа. Энэ мэтчилэн дарамт намайг сүүлийн 10-12 жил байнга дагаж байна.

ХӨЛБӨМБӨГИЙН ТАЛААР

Би хөлбөмбөгийг талбайд гараад ялж, үр дүнд хүрэх ёстой үүрэг даалгавар гэж үздэг. “Надад бөмбөг өг” гэсэн ганцхан бодолтой талбайд гардаг байсан үе бий. Гэхдээ одоо ингэж бодохоо больсон. “Одоо тэр 33, 34, 35 нас хүрчихсэн, тоглохоо болих хэрэгтэй” гэж ярьдаг хүмүүст хариу өгөхийг хичээдэг. Тэдний буруу болохыг харуулахыг хүсдэг.

НАМАЙГ РОБОТ ГЭЖ БОДДОГ НЬ ЮУ Л БОЛ

Хүмүүс намайг робот гэж боддог нь юу л бол. Гэхдээ намайг огт бэрхшээлгүй хүн гэж боддог шиг санагддаг. Гунигладаггүй, санаа зовдоггүй. Хүмүүс миний амжилт, мөнгийг л боддог. “Сая доллартой байж юундаа гуньж, сэтгэлээр унадаг байна аа” гэх мэтчилэн. Гэхдээ хүмүүс хэзээ ч над шиг бодохгүй гэдгийг би ойлгож байгаа. Тэд миний туулсныг үзэж өнгөрүүлээгүй шүү дээ. Намайг алдаа гаргах бүрт, муу тоглоход шүүмжилдэг хүмүүс байдаг. Энэ бол амьдралын минь нэг хэсэг гэдгийг би ойлгодог.

Гэхдээ би дэлхийн нэр хүндтэй хүмүүсийн нэг учраас бүхнийг нуух боломж тун бага. Заримд нь би таалагдана, заримд нь үгүй. Хүнийг өндөрт гарах тусам улам олон хүн доош нь буулгахыг хичээдэг. Гэвч би гэр бүлийнхээ, хөлбөмбөгийн талбай дээрх асуудлаа шийдвэрлэсээр ирсэн. Зөвхөн үхлийг л аргалж болохгүй байх.

ХӨЛБӨМБӨГЧДИЙН НӨХӨРЛӨЛ

“Реал”, “Ювентус”-ийн хувцас солих өрөөнд тоглогчид хөлбөмбөгийн энгийн зүйлсийн талаар ярилцдаг. Тун сайн харилцаатай тоглогчид надад бий. Гэхдээ нөхөрлөл гэхээр... Энэ нь мэргэжил нэгтнүүдийн чинь дунд загвар өмсөгчөөс олон найз бий юу гэж асуухтай адилхан. Тийм ээ гэж хариулсан ч тэднийг гэртээ хоолонд урих нь юу л бол. Би ч мөн үүнтэй адил.

СПОРТОО ОРХИСНЫ ДАРАА

Дасгалжуулагч болж магадгүй л юм. Гэхдээ ямар ч тохиолдолд Барселонагийн наран шарлагын газарт очиж амрахгүй. Энэ бол миний инээж баясахаар хот биш. Хэд хэдэн удаа тэндхийн наран шарлагын газарт очсон ч хүмүүс нь Криштиануд тийм ч таатай ханддаггүй нь мэдрэгдсэн. Гэхдээ энэ бол спортын өрсөлдөөнөөс л шалтгаалсан зүйл.

МАДРИД ХОТЫН ТУХАЙ

Би энэ хотод есөн жил амьдарсан, хүүхдүүд маань энд төрсөн. Үүнийг мартахын аргагүй. Мадрид хот надад ихийг өгсөн учраас чухам энд бизнестэй болохыг хүссэн юм. Энэ хотынхон надад их сайн ханддаг болохоор би хэдэн хүнийг ч болов ажлын байртай болгохыг хичээсэн хэрэг. Гудамжинд таарсан хүмүүс “Криш, гэртээ тавтай морил” гэдэг. Үүнийг сонсох надад сайхан байдаг.

Эцэст нь өгүүлэхэд, К.Роналду Энэтхэгийн “Graphic India” компанитай хамтран хүүхдэд зориулсан комикс ном, хүүхэлдэйн цуврал кино бүтээж байна. Комикс цувралын эхний хэсэг болох “Striker force 7” ном худалдаанд гарсан бөгөөд Роналду супер баатар болж дэлхийг авардаг тухай өгүүлдэг ажээ.

Н.Энхбаяр


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)