К.РОНАЛДУ: Италид ирээч, Месси

“Ювентус” багийн довтлогч К.Роналду Италид ирснээсээ хойш “Gazzettа dello sport” сонинд анх удаа дэлгэрэнгүй ярилцлага өгснийг товчлон хөрвүүлэв.

-Криштиану, Италид хэр суурьшиж байна вэ?

-Их сайн. Хэвлэлийнхэн миний талаар үргэлж сайнаар бичиж байгаа.

-Яарах хэрэггүй. Та дөнгөж ирээд байна шүү дээ.

-Тийм ээ, үнэн.

-Турин Мадридаас өөр юм уу?

-Мэдээж. Арай жижиг хот. Тухтай. Энэ хот, иргэд нь надад таалагддаг. Мөн багт нь. “Ювентус” бол хөдөлмөрч тоглогчидтой, зохион байгуулалт сайтай.

-Товчхондоо бол та зөв шийдвэр гаргажээ?

-Надад хэд хэдэн сонголт байсан. Ямар багаас санал ирснийг нь хэзээ ч хэлэхгүй. “Ювентус” бол мундаг баг. Маш их түүхтэй. “Аваргуудын лиг”-ийн хоёр шигшээд тоглосон, сүүлийн долоон жил дараалж аваргалсан.

Би Италид олон ирж тоглож байсан болохоор цэнгэлдэх хүрээлэнгийн уур амьсгалыг нь мэднэ. Зөв цагтаа, зөв шийдвэр гаргасан гэдэгтээ 100 хувь итгэлтэй байна.

-“Ювентус” дэлхийн бусад багаас ямар ялгаатай вэ?

-Олон талаараа. Надтай харилцаж буй хандлага нь хүртэл өөр. Жижиг зүйл их том ялгаа болдог шүү дээ. Гэхдээ би адил төстэй талыг нь дурдмаар байна. “Манчестер юнайтед”, “Реал”, “Ювентус” бол улсынхаа топ баг. Багийн зиндаа, тоглолтын чанар нь ижилхэн.

Харин ялгааны тухайд Италид жишээ нь, багууд хамгаалтдаа маш их анхаардаг. Испанид хөлбөмбөгчид тоглолтгүй үедээ тайван, амгалан аж төрдөг бол Италид цаг үргэлж хөлбөмбөгт анхаарч, илүү их хичээдэг.

-“Ювентус” хоёрдугаар сард “Аваргуудын лиг”-т “Реал”-тай тоглох боломжтой. Та энэ тухай юу хэлэх вэ?

-Миний хувьд өнгөрсөн л бол өнгөрсөн зүйл. Би одоо “Ювентус”-ийг ялуулахын төлөө тоглож байна. Энэ өмсгөлийг хамгаалж тоглох ёстой. Бусад нь чухал биш. Хэрэв “Реал”-тай таарвал ялахын төлөө л тоглоно.

-Бэлтгэлийн дараа танай багийнхан бооцоотой уралддаг. Хэн ялж байна вэ?

-Голдуу Дибала, Манжукич, Хедиратай уралддаг юм. Бараг 99 хувьд нь би ялдаг. Хувцасны шүүгээнд минь гурван лонх дарс, 200-300 орчим евро байгаа шүү.

-Өөр сорилгын талаар ярилцъя. Месси та хоёрын өрсөлдөөний талаар таны бодлыг сонсож болох уу?

-Үнэндээ Месси бид хоёр өрсөлддөггүй. Би ажлаа л хийж байгаа. Тоглосон бүх багтаа амжилтад хүрсэн, надад энэ л чухал. Өөр тоглогчтой харьцуулах нь шударга биш санагддаг. 

Би клуб, шигшээ багийн аль алинд нь амжилтад хүрэхийн төлөө чармайсаар ирсэн. Надад батлах зүйл байхгүй. Энэ удаа ч гэсэн дассан газраасаа явж, өөрийгөө сорьж байна. Одоогоор бүх зүйл сайн байгаад баяртай байна.

-Та түүнийг санаж байна уу?

-Үгүй ээ, харин тэр намайг санаж байж магадгүй. Би Англи, Испани, Италид мөн Португалын шигшээ багт тоглосон. Магадгүй, түүнд би илүү хэрэгтэй байх. Миний хувьд амьдрал бол сорилт, би хүмүүсийг аз жаргалтай байлгах дуртай. 

Түүнийг Италид ирж тоглож үзээрэй гэж хүсэж байна. Сорилтыг хүлээж ав, яг над шиг. Гэвч тэрбээр Испанид аз жаргалтай байгаа бол би түүнийг нь хүндэлнэ. Тэр бол гайхалтай тоглогч, сайн хүн. Гэхдээ энд би түүнийг огт санахгүй байна. Энэ бол миний шинэ амьдрал.

-Та шинэ амьдралдаа “Аваргуудын лиг”-т хэдэн удаа түрүүлэх боломжтой гэж бодож байна вэ?

-Хөлбөмбөг бол ганц хүний спорт биш. Би өөрийн хүч, боломжид итгэлтэй байдаг ч хөлбөмбөг багийн спорт. “Аваргуудын лиг”-т түрүүлэхийг би адгаж хүсэхгүй, үүнд тайван хандах хэрэгтэй.

-“Реал”-д тоглож байхдаа ч та ингэж боддог байсан гэж үү?

-“Реал” олон жил тус тэмцээнд түрүүлээгүй, 10 дахь цомоо авахыг маш их хүсэж, тэмүүлж байсан. Гэвч ийм том тэмцээнд түрүүлэхийн тулд алхам алхмаар ахих хэрэгтэй. Сэтгэл санаагаа тайван байлгах ёстой.

-Италид бид төгс тоглогч Роналдуг мэднэ. Харин танд ямар алдаа дутагдал байдаг вэ?

-Хэлэхэд хэцүү юм. Би үргэлж биеэ тордож, ямар ч зүйлийг зөвөөр хийхийг хичээдэг. Саяхан өргөлтийн дасгал их хийснээс болоод нуруу өвдсөн. Багийн эмч надад өөр дасгал санал болгосонд хийж үзтэл өвчин намдсан. 

Тэр үед “Би биеэ маш сайн мэднэ. Гэтэл түүний заасан дасгал өвдөлтийг минь илааршууллаа” гэж бодсон. Сайжрах, шинийг сурах боломж үргэлж байдаг гэдгийг энэ явдал харуулсан.

-Харин хүнийхээ хувьд?

-Төгс хүн гэж байхгүй. Магадгүй би тэвчээр муутай байх. Зургаа, долоон жилийн өмнө би их тэвчээргүй байсан. Энэ дутагдлаа засаж чадсан гэж боддог. Ер нь цаг хугацаа өнгөрөх тусам би ухаажиж, буурь сууж байгаа юм болов уу.

-Криштианиньо, Эва, Матео, Алана Мартина нар аавыгаа алдар нэртэйг мэддэг үү?

-Криштиану Жуниор мэднэ. Хүү минь “Ювентус”-т тоглодог, өөрт нь ирдэг дарамтыг мэдэрдэг. Аавыгаа од гэдгийг ойлгодог. Тэрбээр заримдаа “Аав, би хоёр итали найзаа гэртээ дагуулж ирж болох уу” гэж асуудаг. Би мэдээж зөвшөөрдөг. 

Тэрбээр “Та гэртээ заавал байна шүү, тэд тантай зургаа авхуулах гэж ирнэ” гэдэг юм. Аавын хувьд энэ миний үүрэг, хариуцлагын нэг хэсэг гэж боддог. Бусад минь бага болохоор одоохондоо дарамт мэдрээгүй байгаа.

-Итали хүүхдүүд Роналду юу иддэг, яаж ийм хүчтэй болсон бол гэж гайхдаг байх. Та тэдэнд ямар хариулт өгөх вэ?

-Би амттанаас зайлсхийж, эрүүл хоол хүнс хэрэглэдэг. Согтууруулах ундаа уудаггүй. Үүнээс гадна унтах, идэх, бэлтгэлээ сайн хийх гэсэн гурван чухал зүйл бий.

-Сүүлчийн асуулт. Та энэ жил “Алтан бөмбөг” хүртэж чадаагүй. Энэ шагнал танд хэр чухал вэ?

-Энэ шагналыг би жил бүр хүртэх эрхтэй гэж боддог. Үүний төлөө хичээдэг. Гэвч шилдгээр шалгарсангүй гээд ертөнц сүйрчихгүй. Би шийдвэрийг нь хүндэтгэнэ. Шилдэг байхын төлөө талбай дээр маш их хичээдэг, статистик үзүүлэлт ч үүнийг нотолно.

Гэхдээ шагнал авсангүй гээд аз жаргалгүй болохгүй. Надад сайн найзууд, сайхан гэр бүл, дэлхийн шилдэг багийн нэгд тоглож байна. Ийм байхад шагнал авсангүй гээд гэртээ ирээд уйлдаг гэж бодож болохгүй.

Мэдээж миний урам хугарсан ч би улам хичээнэ. Модричод баяр хүргэе. Тэрбээр шагнал хүртэх эрхтэй. Дараа жил бид ахин өрсөлдөж магадгүй. Би шилдэгт нэр дэвшихийн төлөө чадах бүхнээ хийнэ.

Н.Энхбаяр


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)