К.Роналдугийн шинэ “тоглоомууд”

Италийн “Сери-А”-гийн 2019-2020 оны улирал өндөрлөж, хөлбөмбөгчид зуны амралтаа авлаа. Лигийн аварга “Ювентус”-ийн лидер К.Роналду гэр бүлийн хамт Тиренийн тэнгисээр аялж байгаа аж. Тэрбээр ийм аялалд гарахдаа өмнө нь усан онгоц түрээсэлдэг байсан бол энэ удаад өөртөө бэлэг барьж, “Azimut grande” хэмээх тансаг усан онгоц худалдаж авсан байна. Уг хөлгийн урт 27 метр, дээд хурд нь 28 бээр. Дотроо таван бүхээг, усанд орох зургаан өрөө, гал тогоо, амралтын хоёр өрөө, зочны том өрөөтэй эл хөлгийг португал тоглогч зургаан сая еврогоор худалдаж авсан аж.

К.Роналдугийн энэ зуны “шоппинг” зөвхөн усан онгоцоор дууссангүй. Тэрбээр “Bugatti сentodieci” машин худалдаж авсан нь “Tutto¬sport”-ийн мэдээлснээр найман сая еврогийн үнэтэй гэнэ. Францын эл компани үүсгэн байгуулагдсаны 110 жилийн ойдоо зориулж, ердөө 10 ийм машин үйлдвэрлэжээ. Дээд хурд нь 380 км/цаг бөгөөд 2.4 секундийн дотор 100 км/цаг хурдлах чадалтай. Гэхдээ “Centodieci”-г дөнгөж үйлдвэрлэж эхэлж байгаа тул Криш эл онцгой машинаа 2021 оны зун л унах боломжтой юм.

Эцэст нь өгүүлэхэд, нэрт хөлбөмбөгчийн цуглуулгад 20 гаруй тансаг, ховор машин байдаг агаад сүүлийн дөрвөн машины гурав нь “Bugatti” брэндийнх. Тэрбээр “Bugatti vey¬ron”-ы сурталчилгаанд тоглож байхдаа уг машин таалагдаж худалдаж авсан бол дараа нь гурван сая еврогоор “Bugatti chiron”, 2019 оны дөрөвдүгээр сард дэлхийн хамгийн үнэтэй машин болох “Bugatti voiture noire”-ыг 11 сая еврогоор тус тус худалдаж авсан юм.

Бэлтгэсэн: Э.Манлайбаатар


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)