К.Волански: Aсар их адреналин мэдрэхийг хүссэн

хөлбөмбөг

Энэ удаагийн “Аваргуудын лиг”-ийн шигшээ тоглолтын нэгэн онцгой “зочин” нь АНУ-ын загвар өмсөгч Кинси Волански байлаа. Тэрбээр талбайд нүцгэн шахам гүйж, тоглолт саатуулснаасаа хойш дэлхийн хэмжээний од болов. Тухайлбал, түүний инстаграм хуудас 300 мянган дагагчтай байсан бол шигшээ тоглолтоос хойших хоёр хоногт хоёр саяд хүрчээ. 

Түүний найз залуу, ОХУ-ын алдартай пранкер Виталий Здоровецкий харин 2014 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий аваргын төлөө тоглолтыг мөн дээрхтэй төстэй аргаар саатуулж байв. Ингээд “Спорт экспресс” сонинд К.Воланскигийн өгсөн ярилцлагыг сонирхуулъя.

-Цагдаа нар тантай ямархуу харилцав. Хэр хурдан сулласан бэ?

-Надтай их эелдэг харилцсан. Гэхдээ тэдний хэн нь ч англиар ярьдаггүй болохоор бага зэрэг бэрхшээл үүссэн л дээ. Миний хийсэн зүйлд тэд гайхаж, бас шоолж байсан. Намайг цагдаагийн хэсэгт дөрвөн цаг саатуулаад явуулсан.

-Таныг яаж шийтгэв, торгосон уу?

-Үгүй ээ, огт тийм юм болоогүй. Би өөрөө ч гайхсан.

-Таныг спортын уралдаан, тэмцээн үзэхийг хориглосон уу?

-Намайг цэнгэлдэхээс тэр даруй авч явсан ч ахин орохыг маань хориглосон гэж бодохгүй байна.

-Тоглолтын дараа та Мадридаар зугаалсан. Хүмүүс таныг таньж байсан уу?

-Үнэхээр гайхалтай. Тийм олон хүн миний бичлэгийг үзэж, бас тэдэнд таалагдсан гэж би огт төсөөлөөгүй. Хүмүүс намайг сэргээж, урмын үг хэлж байсан нь үнэхээр итгэмээргүй мэдрэмж байлаа.

-Хэрэв таныг талбайд хурдан барьж аваагүй бол та юу хийх байсан бэ?

-Намайг барьж аваад талбайгаас гаргана гэдгийг мэдэж байсан. Тийм болохоор элдвийг бодолгүй зүгээр л гүйчихсэн.

-Энэ таны санаа юу, эсвэл Виталийгийнх уу?

-Бид хоёр энэ талаар хамтдаа ярилцсан. Виталий намайг дэмжиж, урамшуулсан.

-Аймаар санагдаагүй юу?

-Өмнө нь цэнгэлдэхэд орж байсан болохоор тийм ч их сандраагүй. Би ердөө гурав хүртэл тоолоод л гүйчихсэн.

-Таны үйлдэл ийм их шуугиан дагуулна гэж төсөөлж байв уу. Таны инстаграм хуудасны дагагчдын тоо хоёр саяд хүрээд байна.

-Бүх зүйл ингэж газар авна гэж огт төсөөлөөгүй. Би ердөө л асар их адреналин мэдэрч, тухтай байдлаасаа гарахыг л хүссэн юм. Цагдаагийн хэсэгт байхад Виталий утасдаад миний талаар бүхий л сувгаар мэдээлж байгааг хэлэхэд нь итгээгүй.

Н.Энх


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)