К.Брайантын замналыг илтгэх тоонууд

Сагсан бөмбөгийн спортын түүхэн дэх агуу тоглогчдын нэг К.Брайант өнгөрсөн ням гарагт АНУ-ын Калифорни мужийн Калибасас хотод 13 настай охин Жианни болон багийн бусад гишүүний хамт нисдэг тэрэгний ослын улмаас амь үрэгдэв. Хэдий Коби өнөөдөр бидний дунд үгүй ч түүний тоглолт, ялах чин хүсэл эрмэлзэл, авьяас чадвар, амжилт болгон нь сагсан бөмбөг сонирхогчдын сэтгэлд үүрд үлдэх нь гарцаагүй. Түүнийг илэрхийлэх зарим гайхалтай, онцгой тоонуудыг эргэн дурсъя.

NBA-ийн таван удаагийн аварга:

Аваргын бөгжний тоогоор Коби 1960-аад оны “Бостон”-ы тоглогчидтой өрсөлдөж чадахгүйн зэрэгцээ Жорданд хүрэхгүй. Коби 2000-аад оны эхээр гурав, 2009-2010 онд хоёр дараалж аваргалсан билээ. Гэхдээ түүнтэй нэгэн цаг үед өрсөлдөж байсан гол тоглогч болох К.Гарнетт, Д.Новицки аваргын ганцхан бөгжтэй. Бөгжний тоогоор Кобитой эн тэнцүү цорын ганц үе чацуутан нь 1999 оноос хойш таван удаа аваргалсан Т.Данкан юм.

NBA-д 20 улирал:

К.Брайантаас өмнө хамгаалагч нар лигт ийм удаан тоглох талаар зүүдэлж ч байсангүй. “Жижигхэнүүд” дээд түвшинд хүчний довтлогч эсвэл төвийн тоглогч нар шиг он удаан жил тоглож чаддаггүй бичигдээгүй хуулийг тэр өөрчилсөн юм. Мөн Кобигийн довтолгооны үеэр маш олон удаа алдаа гаргаж байсныг бодолцвол түүний бие бялдар, тэвчээрт атаархахаас өөр аргагүй.

Нэг багт 20 улирал:

Д.Новицкиг эвдэх хүртэл лигийн үнэмлэхүй дээд амжилтад тооцогдож байв. Кобигийн хамгийн их бахархдаг байсан амжилтынх нь нэг. 1996 оны драфтаар “Шарлотт” багт сонгогдсон ч тэр дороо “Лейкерс”-т солилцоогоор ирснээс хойш Коби Калифорнийн багийн төлөө амьдралынхаа талыг үнэнчээр зориулжээ. Түүний хойно Ж.Стоктон, К.Мэлоун, Т.Данкан нар бичигддэг.

“Бүх оддын тоглолтод” 18 удаа:

Сая сая хөгжөөн дэмжигчдийнх нь арми Кобиг урьдынх шиг тоглохоо больж, бэртэлд ороогдож байсан 2015 онд ч “Оддын тоглолт”-д оролцуулахаар санал өгч байв. “Оддын тоглолт”-д 19 удаа сонгогдож, дээд амжилт тогтоосон Карим Абдул-Жаббартай өрсөлдөхөд нь Брайантад даруухан эхлэл (тэрбээр лигт тоглосон гурав дахь жилээсээ тус тоглолтод оролцсон) болон 1999 оны локаут саад болсон юм.

“Бүх оддын тоглолт”-ын үнэ цэнтэй тоглогчоор дөрвөн удаа:

“Оддын тоглолт”-ыг бусадтай цагийг зугаатай өнгөрүүлэх боломж гэж Коби үзэж байсангүй. Тиймээс үзүүштэй, дайчин тоглолтоороо үзэгчдийг баясгах боломжийг бүрэн ашиглаж байв. Тэрбээр хоёр бүсийн дуэлийн шилдгээр дөрвөнтөө нэрлэгдэж, эл амжилтаар Б.Петтиттэй зэрэгцдэг юм.

Бэлгэдлийн багт 11 удаа:

Коби эл онцгой амжилтаар лигийн дээд амжилтыг К.Мэлоуны хамт эзэмшдэг.

Хамгаалалтын нэгдүгээр багт есөн удаа:

Зөвхөн К.Брайант, М.Жордан, К.Гарнетт, Г.Пэйтон эл багт есөн удаа нэрлэгдэж үнэмлэхүй амжилт тогтоожээ.

Хоёр удаа финалын үнэ цэнтэй тоглогч:

Тус шагналыг Кобигоос олон удаа хүртсэн тоглогч бол Шакил, М.Жордан, М.Жонсон, Т.Данкан. Харин Х.Олажювон, Л.Берд Кобитой адил хоёр удаа хүртжээ.

NBA-ийн мэргэн буучийн жагсаалтад дөрөвдүгээр байр:

Коби онооны дунджаар Жорданаас бага боловч (25.3 болон 30.1) нийт оноогоор “Нисдэг хүн”-ийг гүйцсэн. Мөн тэрбээр плей-оффт авсан оноогоор лигийн түүхэнд гуравдугаар байрт ордог.

Нэг тоглолтод 81 оноо:

NBA-ийн түүхэнд хоёрт орох онооны дээд үзүүлэлтийн эзнээр Коби тодорсонд гайхах зүйл үгүй. Түүний эл гайхалтай тоглолтын талаар олон арван жилийн дараа ч сагсан бөмбөг сонирхогчид бахархан ярьсаар байх нь гарцаагүй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)