Крикетийн талбайгаас Ерөнхий сайдын суудалд хүрсэн Имран Хан

Пакистаны “Шударга ёсны төлөө хөдөлгөөн” намын тэргүүн, крикетийн үндэсний шигшээ багийн ахлагч Имран Хан парламентын сонгуульд улс төрийн нэгдэл нь ялснаар шинэ Ерөнхий сайдаар сонгогдлоо. Пуштун гэр бүлээс гаралтай, 65 настай Хан үндэсний спортын одоос сөрөг хүчний хамгийн алдартай улстөрчдийн нэг болох замыг туулж, Ерөнхий сайдын суудалд залрав. Тэрбээр улс төрд 22 жил зүтгэжээ.

ОД БОЛСОН НЬ

Имран Хан 1952 оны арваннэгдүгээр сарын 25-нд Пакистаны хойд нутгийн Пенжаб мужийн Миянвали хотод барилгын чинээлэг инженерийн тав дахь хүүхэд, ганц хүү нь болон төрсөн аж. Их Британид Хатан хааны сонгодог хэлзүйн сургууль, дараа нь Лахорт Этчинсон коллеж төгсчээ. 1972 онд Оксфордын их сургуулийг эдийн засгийн бакалаврын зэрэгтэй дүүргэсэн байна.

Үүний зэрэгцээ Хан мэргэжлийн тамирчин болжээ. 1971-1992 онд тэрбээр Пакистаны крикетийн шигшээ багт тоглож, 1982-1992 онд багийн ахлагч болсон. Ганц л удаа буюу 1992 онд Пакистан энэ спортоор дэлхийн аварга (Канадын хувьд хоккей, Шинэ Зеландын регби гэж онцолдог шиг алдаршсан) болж, Пакистаныг хожилд хүргэсэн Хан эх орон нэгтнүүдийнхээ дунд шүтээн болжээ. Улмаар Пакистаны улс төрийн тавцанд олон нийтэд хамгийн их танигдсан хүмүүсийн нэг болсон ч Ханы амнаас спортын амжилтын дурсамж нь үргэлж гардаг байв. Нас тогтсон хойноо хэлсэн үгээс нь үзвэл, Ханы хувьд улс төр нь спорт шиг биеийн болон оюуны төгс бус байдлаа байнга даван туулах үйл явц аж.

“Амьдрал чамайг хэчнээн шаналгасан ч бүү бууж өг. Өвдөлт эцсийн дүнд үгүй болдог шиг юу ч мөнх үргэлжлэхгүй. Тиймээс үргэлжлүүлэн давшиж, бүү бууж өг” хэмээн Хан сургадаг гэнэ.

“New York times” сонинд гаргасан нийтлэлд найз нөхөд нь түүнийг сэтгэл татам хэрнээ эвлэршгүй, урьдчилан таахын аргагүй хүн хэмээн тодорхойлдог гэжээ.

ЭВЛЭРШГҮЙ ШҮҮМЖЛЭГЧ

1996 онд Имран Хан улс төрийн “Шударга ёсны төлөө хөдөлгөөн” намаа үүсгэн байгуулж, 1997, 2002 оны парламентын сонгуульд оролцсон ч хууль тогтоох байгууллагад орж чадаагүй байна. Үүний сацуу эрх баригчдыг хурцаар шүүмжилд гийнхээ ачаар тэрбээр сөрөг хүчний удирдагчдын нэг болжээ. Олон хүний хувьд тэр үед Хан жирийн популист сэтгэгдэл төрүүлж, иргэд нь юунд сэтгэл дундуур болохыг мэдэрч, авлига, милитаризм, АНУ-ын хөндлөнгийн оролцоотой тэмцэхийг уриалсан байна. Гэхдээ улс төрийн тавцанд гарах мөчид тэрбээр бусдаас ялгаатай нь олон мянган хүний хувьд хэдийн баатар болсон байжээ.

Ханы улс төрийн уриа хэзээд хатуу, чанга байж, эх орон нэгтнүүдийнхээ оюун санаанд тод ул мөр үлдээдэг байж. Тэрбээр өмнөх Ерөнхий сайд Наваз Шарифийн Засгийн газар бүрэн итгэл алдсан учир бүхнийг өөрчлөх хэрэгтэй хэмээн мэдэгдэж байв. Ханы хэлснээр, Засгийн эрхэнд гарсныхаа дараа хамгийн түрүүнд 90 хоногийн дотор томоохон авлигачдаас улс орноо ангижруулах гэнэ. Мөн тийм хугацаанд Пакистаны хойд нутагт өрнөж буй дайнд цэг тавих бодолтой байна. Мөн Вашингтонтой хамтран ажиллахаас Хан татгалзаж байжээ.

...“Амьдрал чамайг хэчнээн шаналгасан ч бүү бууж өг. Өвдөлт эцсийн дүнд үгүй болдог шиг юу ч мөнх үргэлжлэхгүй. Тиймээс үргэлжлүүлэн давшиж, бүү бууж өг” хэмээн Хан сургадаг гэнэ...

Улсынхаа өмнө тулгамдсан асуудлуудаас Хан үр ашиггүй удирдлагыг онцолсон байна. “Пакистаны гол асуудал нь хэт давруу үзэл биш, харин удирдлагын сул дорой байдал. Гурав дахь ертөнцийн аль ч улсад удирдлагын механизм нуран унахад мафи төрийн эрхэнд гардаг” гэж Хан “New York times” сонинд саяхан ярилцлага өгөхдөө хэлсэн аж. Түүний мэдэгдсэнээр, сүүлийн жилүүдэд Пакистаны улс төрийн нэлээд хэдэн хүчин ичгүүргүй хөлжиж, хүн ам нь ядуурч, улс орноо сүйрлийн ирмэгт хүргэсэн гэнэ.

“ОРОН СУУЦНЫ АСУУДАЛ”

2016 оны хавар Пакистанд хууль зүйн “Mossack fonseca” компанийн “Панамын баримт бичгүүд” нийтлэгдсэнээр улс төрийн дуулиан дэгджээ. Баримт бичгүүдээс үзвэл, Ерөнхий сайд Наваз Шарифийн хоёр хүү, нэг охин Лондонд гурван оффшор компани, үл хөдлөх хөрөнгө эзэмшиж байв. Ерөнхий сайд асан өөрөө болон түүний гэр бүлийг татвараас зайлсхийхийг оролдсон хэмээн буруушаасныг тэд нэг бус удаа няцаасан юм. Тэдний хэлснээр, Панамын баримт бичгүүдэд дурдсан хөрөнгүүдийг Пакистан, Саудын Араб болон бусад улс дахь үйлдвэрүүдээс хуулийн дагуу авсан гэнэ. Мөн оны намар сөрөг хүчний намууд, тэдгээрийн дотор “Шударга ёсны төлөө хөдөлгөөн” улсынхаа Дээд шүүхэд хандаж, Ерөнхий сайдаа авлигын хэрэгт сэжиглэжээ. Өнгөрсөн оны долдугаар сарын эцсээр Шариф “Албан тушаалаа хаших нь зүйд нийцэхгүй” болох нь хүлээн зөвшөөрөгдөж, улмаар огцорсон. Харин өнгөрсөн долдугаар сарын 6-нд Исламабадын Авлигатай тэмцэх шүүх Ерөнхий сайд асан болон түүний охин Марьямд 10 болон долоон жил хорих ял оноожээ.

Тус улсад авлигын дуулиан дэгдсэн үед “Шударга ёсны төлөө хөдөлгөөн” нам болон Имран Ханы нөлөө үлэмж хүчтэй болсон юм. 2017 он хүртэл парламент дахь түүний фракц хэмжээгээр гуравдугаарт оржээ. Шариф огцорсны дараа Ханы авлигын эсрэг уриа, эвлэрэшгүй байр суурь түүний талд үлэмж олон хүнийг татахад хүргэсэн байна. Олон шинжээчдийн тэмдэглэснээр, өдгөө “Шударга ёсны төлөө” нам зохион байгуулалтын үүднээс Пакистан дахь улс төрийн нэгдлүүдийн хувьд хамгийн хүчтэй нь. Дэмжигчдийнх нь тоо 10 сая давжээ. Мөн тус хүчин улсынхаа пуштун хүн амын дунд хамгийн их дэмжигддэг, пуштунчууд голдуу байдаг Афганистантай залгаа хил дээр орших “Омгуудын бүс” дэх хууль тогтоох байгуууллагад олонхын суудалтай аж.

ШИНЭ ЧИГ БОДЛОГО

Парламентын сонгуулийн албан ёсны дүнг зарлахад улстөрч Хан эх орон нэгтнүүддээ хандаж үг хэлэхдээ ирээдүйд баримтлах бодлогынхоо тэргүүлэх хэд хэдэн чиглэлийг тодорхойлжээ. Тэдгээрийн дотор хүн амын эмзэг давхарга, фермерийн аж ахуй, анагаах ухаан, боловсрол, нийгмийн бусад үйлчилгээг хөгжүүлэхээр тусгасан байна.

Гадаад бодлогын хувьд Хан Пакистаныг хөрш орнуудтай, юуны түрүүнд Хятадтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн төлөө буй. Мөн Афганистаны байдлыг тогтвортой болгох нь чухлыг тэмдэглээд, геополитикийн гол өрсөлдөгч Энэтхэгтэй яриа хэлэлцээгээ сэргээхэд бэлэн гэдгээ мэдэгджээ. Дели, Исламабад хоёр өнөө болтол тус бүс нутгийн Кашмирын харьяаллын талаар санал зөрж, маргасаар буй билээ.

“Хэрэв Энэтхэг улс угтсан нэг алхам хийвэл бид угтаж хоёр алхам хийнэ. Пакистан, Энэтхэгийн удирдлага хэлэлцээний ширээнд сууж, харилцан биенээ буруутгадаг энэ тоглоомоо дуусгах ёстой” гэж Хан улсынхаа шинэ чиг бодлогыг тодорхойлж, энэ үг нь нутгийн болон бүсийн томоохон хэвлэлүүдийн тэргүүн нүүрэнд гарсан байна.

Харин Шинэ Дели Ханы хэлсэн үгэнд сэжиглэнгүй хандаж, түүнийг Засгийн газрын тэргүүн болсны дараа Энэтхэгтэй бүрэн хэмжээний яриа хэлэлцээ хийх болон худалдааны харилцаагаа сэргээхээр төлөвлөжээ. Чөлөөнд гарсан олон дипломатч, цэргийнхний хэлснээр, Пакистаны шинэ Ерөнхий сайд цэргийн элитүүдийн өргөн дэмжлэг хүлээдэг учир хоёр орны хооронд олон жил үргэлжилсэн сөргөлдөөнийг зогсоохгүй байж магадгүй юм. Имран Ханы амласан ёсоор Энэтхэг, Пакистан хоорондын удаан хүлээсэн энх тайван байдал шинэ бодит байдлын нэг хэсэг болох уу, эсвэл популист уриа хэвээр үлдэх, эсэхийг цаг хугацаа л харуулна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)