Короновирусийн эсрэг вакциныг хүнд турших нь

Шинэ төрлийн коронавирусийн эсрэг вакцины клиник туршилтаа Британи улс өнөөдөр эхэлнэ. Оксфордын их сургууль, Лондоны хатан хааны коллежийн эрдэмтдийн клиник туршилтыг тус улсын Засгийн газраас 42.5 сая фунт стерлингээр дэмжихээр болжээ. Германы хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 9-нөөс эхэлж магадгүй. Гэхдээ тэмцээнүүдийг үзэгчгүй явуулах, эсэх асуудлыг хэлэлцэж байна. Данид ирэх сарын 10-наас хүмүүсийг хэсэг бүлгээр цуглахыг зөвшөөрсөн ч есдүгээр сарын 1 хүртэл 500-гаас олон хүн нэг дор цуглахыг хоригложээ. Одоо тус улсад 10 хүртэл тооны хүн цуглаж болох аж. Боливийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Жанин Аньес болон Сайд нарын танхимын гишүүд нь цар тахалд нэрвэгдсэн хүмүүст туслах санд цалингаасаа хандивлахаар шийджээ. 3500 орчим ам.долларын цалингаасаа Ж.Аньес хэдийг хандивлах нь тодорхойгүй байна.

Цар тахал дэгдсэнээс хойш манай гаргийн хамгийн алдартай эмэгтэйчүүдээс өргөсөн хандиваас дурдвал Мелинда Гейтс шинэ төрлийн коронавирусийн эсрэг эмийн үндэс суурь болох 1000 молекулын зардлыг төлжээ. Тэрбээр нөхөр Билл Гейтсийн хамт “Ковид-19”-тэй тэмцэхэд 100 сая ам.доллар хандивласан байна. “Фэйсбүүк” компанийг үүсгэн байгуулагч Марк Зүкербергийн гэргий, хүүхдийн эмч Присцилла Чан Калифорнийн их сургуультай хамтран өдөрт 1000 хүн оношлох тест бүтээхээр ажиллаж байна. Тус компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Шерил Сэндберг 30 улсын 30 мянган компанид 100 сая ам.доллар хандивлахаа мэдэгдсэн. Тэрбээр эмнэлгийн ажилтан, багш, жижиг бизнес эрхлэгч болон өдгөө хамгийн эмзэгт тооцогдох бусад салбарын ажилтнуудыг дэмжихийг байнга уриалж байна.

Телевизийн алдарт хөтлөгч, продюсер Опра Уинфри “Oprah talks COVID-19” баримтат цуврал эхлүүлж, цар тахалтай тэмцэж буй ажилтан, өвчтөн, номлогч нартай зайнаас ярилцлага хийж буй. “General motors” компанийн тэргүүн Мэри Барра эмнэлгийн тоног төхөөрөмж “Ventec life system” үйлдвэртэй хамтран ажиллаж, сард амьсгалын 1000 аппарат үйлдвэрлэж байгаа бөгөөд энэ тоог 2000 хүргэхээр төлөвлөжээ. Жирийн үед тус компани ийм 150 аппарат үйлдвэрлэдэг гэнэ. Европын Төвбанкны тэргүүн Кристин Лагард банкныхаа тогтвортой ажиллагааг дэмжихийн тулд энэ он дуустал 750 тэрбум еврогийн үнэт цаас худалдаж авах шийдвэр гаргажээ. Италийн загвар зохион бүтээгч Миучча Прада нөхөр “Prada” загварын ордны ерөнхийлөгч Патрицио Бертеллигийн хамт Милан хотын гурван эмнэлэгт эрчимт эмчилгээний тасаг байгуулж өгсөн аж. Түүний адил Донателла Версаче Италийн анагаах ухаанд 200 мянган, Бенеттоны гэр бүлийн “Edizione Srl” компани Ром, Милан, Треюизо эмнэлгүүдэд гурван сая евро хандивласан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)