Коронавирус БНХАУ-ын эдийн засагт SARS-аас ч муугаар нөлөөлөх үү

Уул уурхайн салбарын бүтээгдэхүүн өнгөрсөн онд манай улсын нийт экспортын 90 хувийг бүрдүүлсэн дүн гарсан. Тэгвэл коронавирус тархаад буй БНХАУ-д дээрх экспортын дийлэнх нь ногддог. Зэсээс авхуулаад бусад олон металлын томоохон хэрэглэгч урд хөршийн эрэлт буурах нь тодорхой тул ханш нь хямдарсаар буйг мэдээллийн агентлагууд уламжилсаар байна. Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай өмнөд хөршийн худалдааны эргэлт саарах нь манайд ч нөлөөлж таарна.

11 сая хүн амтай, өмнөд хөршийн эдийн засгийн нэг орчим хувийг бүрдүүлдэг Уханьд анх илэрсэн вирус БНХАУ-ын ДНБ-д хэрхэн нөлөөлөх бол? Уг вирус нь ганц урд хөршид гэлтгүй дэлхийн зах зээл, геополитикт нөлөөлнө хэмээн CNBC тэмдэглэв. Дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээ, агаарын тээврийн компаниуд, аялал жуулчлал, жижиглэн худалдаа гээд олон зүйлд нөлөөлөх учраас тэр. АНУ, БНХАУ худалдааны маргаанаа шийдвэрлэхээр эхний шатны баримт бичигт гарын үсэг зурсан тул ашиг нь нэмэгдэнэ гэж таамаглаж байсан аж ахуйн нэгжүүд гонсгор байна. Өдгөө хоёр тал хэлэлцээгээ үргэлжлүүлж чадахгүйд хүрээд байгаа билээ.

“Reuters” агентлагийн мэдээлснээр экспортын захиалга нь багассантай холбоотойгоор Хятадын үйлдвэрлэлийн идэвх “суларч”, худалдан авагч менежерийн индекс нь өнгөрсөн оны сүүлийн сард 50.2 байснаа өмнөх сард 50 болжээ. Дээрх вирус хурдацтай тархаж буй тул БНХАУ-ын Төвбанк бодлогын арга хэмжээнүүд авна гэдгээ мэдэгдсэнийг “Reuters” агентлаг уламжлав. Тухайлбал, аж ахуйн нэгжүүдийг дэмжихийн тулд зээлийн хүүг бууруулахаа Ардын банк нь мэдээлжээ. БНХАУ-ын Банк, даатгалын захиргааны хорооны дэд дарга Цао Юү “Шинэ вирус тархсан нь манай улсын санхүүгийн зах зээлд нөлөөлөх нь тодорхой” хэмээн өнгөрсөн бямба гарагт өгүүллээ. Түүний ярьснаар банкны салбарынхан нь биржид бүртгэлтэй компаниудад “сэргэх”-д нь зориулж зээлийн дэмжлэг санал болгож магадгүй гэнэ. Томоохон банкууд нь жижиг, дунд бизнес эрхлэгчдэд олгох зээлийн хүүгээ бууруулсан байна. Ухань дахь орлогын эх үүсвэрээ алдсан иргэдийн зээлээ эргүүлэн төлөх хугацааг хэдэн сараар хоцроохыг нь зөвшөөрөхөө Ардын банк нь мэдэгдсэн гэнэ.

Японы “Nomura holdings” компанийн Тинг Лугаар ахлуулсан шинжээчийн багийнхан “Шинэ вирус нь БНХАУ-ын эдийн засагт SARS-аас (2003 онд гарсан) ч илүү сөргөөр нөлөөлж магадгүй. Тус улсын эдийн засаг нэгдүгээр улиралд агшсан үзүүлэлт гарна” хэмээн анхааруулжээ. Тэд нэгдүгээр улирал болон ерөөс энэ жил БНХАУ-ын эдийн засгийн өсөлт хоёр хувиар буурахыг ч үгүйсгэсэнгүй. “Oxford economics” компанийнхан ч энэ удаа тархсан вирус SARS-аас илүү хор уршигтай байна гэдэгт санал нэгдэж буйг CNBC дамжуулсан юм. Дээрх компанийнхан дэлхийн энэ оны эдийн засгийн өсөлтийн төлөвийг 2.3 хувь болгон бууруулжээ. Өмнө нь дээрх тоог 2.5 хувь байна хэмээн тооцож байв. Хэрэв энэ таамаг биелбэл 2008 оны санхүүгийн хямралаас хойших хамгийн муу үзүүлэлт болно гэсэн үг. Тэд Хятадын эдийн засаг энэ онд өнгөрсөн жилийнхээс хоёроор доогуур буюу дөрвөн хувиар өснө гэдэгтэй мөн л санал нэг байгаа аж. Сонирхуулахад, Хятадад Цагаан сарын эхний өдөр төмөр замаар зорчигчийнх нь тоо 2019 оны тухайн өдөртэй харьцуулахад 42 хувиар багассан дүн гарчээ. Мөн авто замаар зорчигчийнх нь тоо 25 хувиар буурсан аж. SARS дэгдсэн оргил үе буюу 2003 оны тавдугаар сард дээрх тоо жилийн өмнөхөөсөө 57, 45 хувиар багасаж байжээ.

“Citigroup”-ийн Ли Ган Лиугаар ахлуулсан эдийн засагчид “БНХАУ-ын эдийн засаг энэ улиралд “муудна”. Үүнийг “сэргээхэд” багагүй хугацаа шаардагдана” гэв. Тэдний таамаглаж буйгаар дээрх хугацаанд БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 4.8 хувь болж буурах нь. Өмнөх онд тус улсын ДНБ 6.1 хувиар тэлж байв. Гэхдээ зарим шинжээч БНХАУ эдийн засаг сэргэхэд тийм ч урт хугацаа шаардлагагүй хэмээн үзэж буйг тэмдэглэх хэрэгтэй. Хятадын эдийн засагч Зан Мин “Коронавирус нь БНХАУ-д өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсөхөд хүргэж болзошгүй” гэснийг CNN эш татжээ. Тэгвэл “IHS markit” байгууллагын ахлах эдийн засагч Ражив Бисвас “11 000 кинотеатр, Диснейлэнд зэрэг хаагдсантай холбоотойгоор энтертайнмент үйлчилгээнээс олох орлогыг үлэмж хэмжээгээр бууруулахаар байна” хэмээв.

Хонконг дахь “Australia & New Zealand bank­ing group”-ийн ахлах эдийн засагч Раймонд Юнг “Хятадын эдийн засгийн өсөлт энэ улиралд тав орчим хувь байх болов уу. Экспорт, аж үйлдвэрлэл нь багасаж, жуулчид ирэхгүй болсон нь үйлчилгээний салбарын өсөлтөд нь сөргөөр нөлөөлөх зэрэгтэй энэ нь холбоотой” гэжээ. Тэгвэл “BNP Paribas”-ын эдийн засагч Рюүтаро Коно, Азүса Като нарын тооцоолж буйгаар өмнөд хөршийн эдийн засгийн өсөлт энэ онд таван хувиас доогуур байх нь. “JPMorgan”-ы багийнхны хэлж буйгаар вирусийн тархалтыг хэр хурдан “барьж” чадахаас олон зүйл хамаарахаар байгаа юм.

Бодлогын хүүгээ хэвээр үлдээсэн АНУ-ын Холбооны нөөцийн сангийн тэргүүн Жером Пауэлл “Вирусийн тархалт манай улсын эдийн засагт ямар нөлөө үзүүлэхийг ярихад эрт байна. БНХАУ-ын эдийн засаг дэлхийд чухал байр суурь эзлэх болсон. Зөвхөн тус улстай ойр оршдог орнууд, эсвэл хамгийн их худалдаа хийдэг орнуудтай хамаатай төдий биш юм” гэснийг “Time” дамжууллаа. Тайланд гэхэд Хятадын жуулчид багасахтай холбоогоор энэ оны эдийн засгийн өсөлтийн төлөвөө бууруулсан байх жишээтэй. БНХАУ энэ онд АНУ-аас 33.4 тэрбум ам.долларын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн авахаар тохиролцсон нь хэрэгжихгүй ч байж мэдэхийг S&P агентлагийн мэргэжилтэн Крис Рожер тэмдэглэснийг “Guardian” эш татав. Түүхий тосны томоохон үйлдвэрлэгч, импортлогч Хятадын иргэд ихээхэн аялдгийг бид мэднэ. 2018 оны байдлаар гэхэд хятадууд бусад улс оронд аялахдаа 277 тэрбум ам.доллар зарцуулсан дүн бий. Өмнөд хөршийнхөн автомашин, тансаг бүтээгдэхүүний томоохон худалдан авагч гэдгийг “McKinsey global institute”-ийн судалгаанаас харж болно.

“Apple” компани БНХАУ дахь 42 дэлгүүрээ энэ сарын 9 хүртэл хаасан талаар CNN уламжилсан. Гэхдээ онлайн дэлгүүрүүд нь ажиллах аж. Тус компанийн мэдэгдэлд “Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн зөвлөснөөр бид бүх оффис, дэлгүүр, төвөө хааж байна. Боломж бүрдсэн даруйд дэлгүүрүүдээ нээнэ” хэмээн дурджээ. “Apple” компанийн нийт орлогын 15 орчим хувь нь урд хөршид ногддог гэнэ. “Associated press”-ийн мэдээлснээр “Apple”-ийн хувьд Хятад улс нь АНУ, Европын дараа эрэмбэлэгдэх гурав дахь том зах зээл нь аж. Дээрхээс гадна “Google”, “Starbucks”, “Ikea”, “Uniqlo” мөн Хятад дахь үйл ажиллагаагаа зогсоогоод буй. Ташрамд дурдахад, АНУ, Япон, Энэтхэг нь бусад улсаас илүүтэйгээр БНХАУ-аас бараа, бүтээгдэхүүн импортолдог байна. Тэгвэл Европын Холбооны орнууд, Бразил нь урд хөршид бусад аль ч орноос илүү бүтээгдэхүүнээ нийлүүлдэг гэнэ.

Эдийн засагчид “АНУ найтаахад дэлхий ханиад хүрнэ” гэдэг. Тэгвэл өдгөө “БНХАУ найтаавал бөмбөрцгийн эдийн засаг хэрхэх бол, дэлхий ханиад хүрэх болов уу” хэмээх асуулт тэдний сонирхлыг татаж байна. Урд хөршийн хөрөнгийн зах зээл өнөөдөр эргэн нээгдэх агаад ямар өөрчлөлт гарах нь анхаарал татаж буй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)