Коронавирусийн халдвар Беларус, Шинэ Зеланд, Литви улсуудад илэрлээ


Беларусийн Эрүүл мэндийн яамны хэвлэлийн албанаас тус улсад коронавирусийн халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн талаар мэдэгдлээ. “Энэ сарын 27-нд Беларусийн халдварт өвчин судлалын хүрээлэнгийн хийсэн шинжилгээгээр тус улсад сурдаг Ираны оюутнаас коронавирусийн халдвар илэрсэн” гэж мэдэгдэлд дурджээ. Өмнөд Солонгос, Иран, Италид COVID-19 –ийн тархалт хурдацтай явж байгаатай холбогдуулан эдгээр улсаас ирсэн бүх хүмүүсээс шинжилгээ авч байгаа аж. Шинэ Зеландад COVID-19 коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдсэн тухай тус улсын Ерөнхий сайд Жасинда Ардерн мэдэгдэв. Өвчтөн мөн л Иранд томилолтоор явж байгаад иржээ. Түүний бие одоогийн байдлаар тогтвортой байгаа аж. Энэ өдөр Литви улс мөн л короновирусийн анхны халдвар илэрсэн тухай мэдэгдсэн байна. Тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр өвчтөн Италийн Верона хотоос иржээ. Өнөөдрийн байдлаар дэлхий даяар 84587 хүн коронавирусийн халдварыг авч, 2915 хүн нас бараад байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)