“Коронавирусийн вакцин авахад зориулж 7.8 тэрбум төгрөг тусгасан”

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдөр хуралдлаа. Гадаадад байгаа иргэдээ татан авах ажлыг хэрхэн зохион байгуулж буй талаар Шадар сайд Я.Содбаатар энэ үеэр танилцуулга хийв. Дараа нь гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.

С.БАТБОЛД: -Халдварын голомтод ажиллаж буй ажилтнууд, байгууллагад дэмжлэг үзүүлэх зорилгоор төсвийн тодотголд хөрөнгө тусгасан уу. Коронавирусийн вакцины талаар хэр судалж байгаа вэ. Гадаадаас иргэдээ татаж авах ажилд ямар дэмжлэг хэрэгтэй бол?

Я.СОДБААТАР (Шадар сайд):

-ОБЕГ-ын дарга Б.Ариунбуянгаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, манай улс цаашид энэ халдвартай тэмцэхэд хэдий хэмжээний хөрөнгө шаардлагатай байгааг судлуулсан. Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг УИХ баталсан. Уг хуулийн хэрэгжилтийг хангах, мөн бусад холбогдох ажилд 380 гаруй тэрбум төгрөг хэрэгтэй гэж ажлын хэсэг тооцсон. Үүнээс хоол хүнсний зардлыг хасаж тооцвол 244 тэрбум төгрөгийн хэрэгцээ бий. Онц байдалтай холбогдох зардалд хэрэглэх 70 гаруй тэрбум төгрөгийг өөр эх үүсвэрээс шийдье гэж Сангийн сайдтай зөвшилцсөн. Голомтот бүсэд найман байгууллага ажиллаж байгаа. Тэдгээр байгууллагын өр, нэн шаардлагатай хөрөнгө оруулалт, материаллаг баазыг бэхжүүлэхэд зарцуулах 130 гаруй тэрбум төгрөгийг төсвийн тодотголд тусгасан. Хэрэв уг тодотголд туссан хөрөнгийг хэвээр баталбал ХӨСҮТ-ийн орны тоог нэмэгдүүлэх, томуугийн вакцин худалдаж авах, голомтод ажиллаж буй хүмүүст илүү цагийн мөнгө олгох, ар гэрт нь тусламж үзүүлэхэд зарцуулна. Энэ он дуустал нэн яаралтай шийдвэрлэх хүндрэл дээрх байгууллагуудад үүсэхгүй байх гэж тооцсон. Коронавирусийн вакцин худалдаж авахаар идэвхтэй ажиллаж байгаа. Одоогоор амжилттай туршиж буй есөн төрлийн вакцин байна. Хоёр хөрш оронд энэ хүсэлтээ хүргүүлсэн. ОХУ-аас шууд харилцах байгууллагын нэрийг явуулна уу гэж хариу ирүүлсэн.

Т.ДОРЖХАНД: -ДЭМБ-ын тэргүүн халдварын тархалт хоёр жил үргэлжилнэ гэж мэдэгдэж байна. Гэтэл манай төсвийн тодотгол их “өөдрөг” байгаа. Вакцин гарлаа гэхэд түгээх гэж нэг жил зарцуулах байх. Үүнд ямар байр суурьтай байна вэ. Хилийн чанадад байгаа иргэдийг татан авах ажилд хэдэн төгрөг зарцуулахаар төсвийн тодотголд тусгасан бэ. Хүйтрэхээс өмнө үлдсэн 15 мянган иргэнээ хэрхэн авчрах төлөвлөгөөгөө танилцуулаач.

Я.СОДБААТАР: -Халдварын тархалт хэр удаан үргэлжлэхийг одоогоор мэдэх хүн алга. ДЭМБ эхлээд хагас жил, дараа нь нэг жил, одоо хоёр жил гэж байна. Шинэ хэв маягаар амьдрах шаардлага үүслээ гэж саяхан хэллээ. Ирэх хагас жил хүртэл энэ хэвээр нөхцөл байдал үргэлжилнэ гэж төлөвлөж байгаа. Гадаадаас иргэдээ татахад зориулж төсвийн тодотголд мөнгө тусгаагүй. Энэ ажилд төсвөөс бус, өөр эх үүсвэрээс мөнгө зарцуулж байгаа. Зарим улс хээрийн эмнэлэг дэлгэж, иргэдээ олноор татаж авсан ч халдвараа дотооддоо тараасан тохиолдол гарсан. Зорилтот бүлгийн таван шалгуур хангах иргэдийн тоо буурсан. Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн хөрөнгө дууссан. Хандивын мөнгөнөөс 300 сая төгрөгийг тус сан руу шилжүүлсэн байгаа. Үнэхээр хөрөнгөгүй болсон, амьдралын боломж тааруу хүмүүст Элчин сайдын яамд тусалж буй. Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас дэмжлэг авч, зарим арга хэмжээг санхүүжүүлж байна.

Т.ДОРЖХАНД: -Гадаадад гацсан иргэд төрийн үйлчилгээ хүсэж байгаа. Элчин сайдын яамд, төлөөлөгчийн газруудаар дамжуулан үйлчилгээ үзүүлэх шаардлагатай. ГХЯ-наас үүнд зориулж хөрөнгө тусгахаар төсөвт санал оруулсан уу?

Н.ЭНХТАЙВАН (Гадаад харилцааны сайд): -Өнөөдөр гадаадын 54 улсад 12 400 гаруй иргэн оршин сууж байгаа. Бүх Элчин сайдын яам 24 цагаар ажиллаж, иргэдийн өргөдлийг авч байна. Хүнд байдалд буй иргэдийг УОК-оос олгосон 300 сая төгрөгөөр татан авахаар ажиллаж байна. Вакцин авахад зориулж төсвийн тодотголд 7.8 тэрбум төгрөг тусгасан.

Ц.САНДАГ-ОЧИР: -Өнөөдөр 12 мянган иргэнийг татан авчээ. Дарга нар хамаатан, танил талаа тусгай нислэгт багтаадаг гэсэн асуудал үүсэж байгаа. Тусгаарлах байр шаардлага хангадаггүй гэсэн гомдол гарсаар байна. Зээл, тусламжийг үргүй зарцуулсан гээд шалгаж байгаа гэх юм. Үнэн үү?

Я.СОДБААТАР: -Тухайн сард аль улс руу хэдэн удаа нислэг үйлдэх, эсэхийг УОК-ын дарга шийддэг. Тусгай үүргийн онгоцонд хэн суухыг манай Шуурхай штаб шийддэг. Гадаадад байгаа иргэдийн мэдээллийг программд оруулсан. Тусгаарлах байртай холбоотой үүссэн асуудлыг зочид буудлыг нь солих, гэрээгээ цуцлах байдлаар шийдвэрлэж байгаа. Гадаадаас олгож буй зээл, тусламжийг өөр зориулалтаар зарцуулах ямар ч боломжгүй.

Г.УУГАНБАЯР (УОК-ын Шуурхай штабын дарга): -Тухайн сарын захиалгат нислэгийн хуваарийг Шадар сайдаар батлуулдаг. Онгоцонд суух захиалга өгсөн иргэдийн нэрийг тулгаж байгаа. Япон, Солонгосын нислэгийн мэдээллийг ил тод болгосон учир зөрчил гарах нь багассан. Иргэдийн нэрийг МИАТ компанид хүргүүлдэг. Тусгаарлах байртай холбоотой иргэдийн шүүмжлэл зарим тохиолдолд бодит биш байдаг. Хоол амтлах ажлын хэсэг хүртэл байгуулсан.

С.НАРАНЦОГТ (Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга): -Гадаадын байгууллагаас хоёр хэлбэрээр зээл, тусламж үзүүлж байгаа. Эхнийх нь төсвийн дэмжлэг. Засгийн газраас цар тахалтай холбоотой 11 төрлийн арга хэмжээ авсан. Энэ нь 2.5 их наяд төгрөгийн алдагдалд хүрэхэд нөлөө үзүүлсэн. Азийн хөгжлийн банкнаас 100, Олон улсын валютын сангаас 99 сая ам.долларыг төсвийн дэмжлэг хэлбэрээр авсан. Энэ нь хүүхдийн болон халамжийн мөнгөнд зарцуулагдаж байгаа. Ирэх оны төсвийн гүйцэтгэлийн тайланд үүнийг тусгана. Цаашид 430 сая ам.доллар авахаар зорьж байгаа. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд төсөл хэрэгжүүлэх хэлбэрээр зарцуулахаар Азийн хөгжлийн банкнаас 30 гаруй сая ам.долларыг үе шаттай авч, эрүүл мэндийн салбарт зориулж байна гэв.

Гадаадаас иргэдийг татах ажилд оролцож буй ажилтнуудыг АТГ-аас шалгаж буй бөгөөд одоогоор ямар нэг ноцтой зөрчил илрээгүйг Шадар сайд тэмдэглэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)