Конвенциудад нэгдэн орох тухай төслүүд өргөн барив

Зам тээврийн сайд А.Гансүх Аврах ажиллагааны тухай 1989 оны Лондонгийн конвенц болон Далайн хөдөлмөрийн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 2006 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төслийг Спикерт өргөн барилаа. Аврах ажиллагааны тухай 1989 оны Лондонгийн конвенцид нэгдэн орсноор манай улс санхүүгийн аливаа үүрэг хүлээхгүй юм байна. Мөн Монгол Улсын далбаа мандуулан хөвж буй хөлөг онгоцуудад тохиолдож болзошгүй осол зөрчлийн үед болон тэдний зүгээс далай тэнгист осолд орсон хөлөг онгоц, хүмүүс, эд хөрөнгийг аврах ажиллагааг гүйцэтгэсний шагнал урамшуулал, төлбөр, нөхөн төлбөрийн асуудлаар аврах ажиллагааны гэрээ байгуулах асуудлыг далбааны эзэн улс буюу манай улсын зүгээс зохицуулах ач холбогдолтой аж.

Харин Далайн хөдөлмөрийн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 2006 оны конвенцид нэгдэн орсноор манай улс нь дээрхийн адил санхүүгийн аливаа үүрэг хүлээхгүй бөгөөд Монгол Улсын далбаа мандуулан гадаад далайд хөвж буй хөлөг онгоцонд ажиллаж буй далайчдын хөдөлмөрийн нөхцөл сайжрах юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)