Коксжих нүүрсний ханш 283 ам.долларт хүрэв

Австралийн Күинслэнд мужийг Дэбби хар салхи дайрсантай холбоотойгоор коксжих нүүрсний үнэ дээшилсэн талаар “Reuters” уламжлав. Дэлхийн далайгаар нийлүүлдэг коксжих нүүрсний бараг тал хувь нь ногддог дээрх мужийн дэд бүтцийг “гэмтээсэнтэй” энэ нь холбоотой юм.

Улмаар нүүрсээ хугацаанд нь нийлүүлж чадахгүй болж буйгаа “Peabody energy”, “BHP Billiton”, “Glencore” зэрэг компани мэдэгдсэн билээ. Ер нь төмөр замын “гол судас” тасарснаар коксжих нүүрсний ханш сүүлийн дөрвөн жилд байгаагүйгээр өссөнийг “The Australian” уламжлав. Сайн чанарын коксжих нүүрсний ханш өмнөх долоо хоногт 86 хувиар нэмэгдэн, тонн нь 283 ам.долларт хүрсэн юм.

Төмөр замын сүлжээг 35 орчим хоногт засахаар байгааг оператор компани болох “Au­rizon” мэдээлжээ. Түүнчлэн уурхайгаас нүүрсийг боомтод хүргэхтэй холбоотой засварын бусад ажил байгаагаас гадна Хятад, Японы зах зээлд хүргэхэд 10 гаруй хоног зарцуулахыг “Bloomberg” онцоллоо.

Австралийн нийлүүлэлт багасаж буй бол Хойд Америк, Монгол, ОХУ-ын экспорт нэмэгдэх боломжтойг гадаадын хэвлэлүүд бичжээ. Энэ талаар “AFR Weekend” сонинд Австралийн коксжих нүүрс үйлдвэрлэгчид зах зээл дэх хувиа алдаж байна гэж мэдээлсэн байна. Хятад улс “Бид ОХУ, Монголоос илүү их коксжих нүүрс авахаар төлөвлөж байна” гэж мэдэгдсэн хэмээн тэмдэглэсэн байв.

Мөн АНУ-аас авах талаар анхаарал тавьж буй гэнэ. Гангийн хамгийн том үйлдвэрлэгч урд хөршийн коксжих нүүрсний импортын бараг тал нь Австралид ногддог. Хятадын гол долоон боомт дахь импортолсон коксжих болон хүрэн нүүрсний нөөц өнгөрсөн гуравдугаар сарын 31-ний байдлаар 15.5 сая тонн байжээ. Өнгөрсөн онд тус улс 59 сая тонн коксжих нүүрс импортолсон дүн бий.

Эргэн сануулахад, Күинслэндэд 2011 онд хар салхи болох үед коксжих нүүрсний ханш тонн тутамд 330 ам.долларт хүрэн цойлж байв. Өнгөрсөн долоо хоногийн эцэст Далианы таваарын биржид коксжих нүүрсний фьючерс ханш 10 орчим хувиар дээшлэн, тонн нь 1365.5 юань (197.7 ам.доллар)-тай тэнцэв. Тэгвэл Сингапурт 225 “ногоон”-той дүйлээ. Гэхдээ уг таваарын үнэ тийм ч удаан хугацаанд өсөхгүй гэж зарим шинжээч таамаглаж буй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)