“Ковид-19”-өөр халдварласан байж болзошгүй иргэдийг дуудан шинжилгээ авч байна

Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт байрлах Монгол III сургуулийн байранд “Ковид-19”-ийн шинжилгээ авч байна. Өчигдрийн байдлаар  272 хүн “Ковид-19”-ийн шинжилгээ өгсөн гэнэ. Одоогоор хариу нь эсрэг гарсан хүн үгүй. “Ковид-19” туссан иргэдээс халдвар авсан байж болзошгүй, ойрын хавьтлынх нь иргэн ийнхүү өнгөрсөн өдрүүдэд дээрх газарт шинжилгээ өгч буй. Тэдний дунд МУБИС-ийн оюутнууд ч байгаа аж. Оюутнууд руу тус сургуулийн захиргаанаас нь утастаж “Шинжилгээнд заавал хамрагдаж, түүнийгээ нотлох бичиг авчраарай” гэсэн аж. Тус сургуулийн III сургуулийн оюутан А “Манай ангийнхны олонх нь “Ковид-19”-ийн шинжилгээ өгсөн. Өнөөдөр бид гурвуулаа шинжилгээ өгөхөөр ирлээ. Биеийн байдал сайн байгаа ч бусдыг болон өөрийгөө эрсдэлд оруулахгүй тулд сургуулиас өгсөн заавар, эмчийн зөвлөгөөг дагах нь зөв гэж үзэж байна” гэв. Тус газар онцгой, цагдаагийнхан хэв журам сахиулан, иргэдийг 1.5 метр зайд эгнээн жагсааж, сургууль болон хашаа руу нэг нэгээр нь оруулж байв. Иргэд ч тэдний тавьсан шаардлагыг хүлээн авч, дундын зайгаа сайн баримталж харагдсан. Үүнээс гадна орон нутгаас ирсэн иргэд шинжилгээ өгч буй. Тухайлбал иргэн Б Улсын онцгой комиссынхны зөвлөмжийг даган энд ирсэн гэнэ.  Тэрбээр “Ажил үүргийн шугамаар энэ сарын 10-нд нийслэлд ирсэн. Гэвч “Ковид-19”-ийн халдвар тархсантай холбоотойгоор нийслэлээс орж, гарах хөдөлгөөнийг хаасан. Энэ хооронд аав минь бурхны оронд одчихлоо. Яаралтай Дорнод руугаа буцах шаардлагатай байна” гэлээ. Түүнчлэн тус сургууль руу сайн дураараа шинжилгээ өгөхөөр ирсэн хүмүүсийг хашаа руу нь ч нэвтрүүлэхгүй байв. Гэвч зарим иргэн цар тахлын халдвартай байж болзошгүй хүмүүстэй холилдохоосоо ч эмээхгүй дотогш орохоор зүтгэж, шаардлага тавихад дургүйцэх шинжтэй байсныг дурдах нь зүйтэй болов уу. “Ковид-19”-ийн шинжилгээг Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн эмч ажилтнууд авч байсан. Ачаалалтай ажиллаж буй учраас мэдээлэл өгөх завтай хүн тэдний дунд байсангүй.