Киргизийн Ерөнхийлөгч асан Атамбаевыг тусгай албаны байлдагчийг хөнөөсөн хэрэгт холбоотой гэдгийг нотолжээ

Киргиз улсын Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаев тус улсын Үндэсний Аюулгүй Байдлын Хорооны “Альфа” тусгай албаны байлдагчийг хөнөөсөн хэрэгт холбоотой нь нотлогджээ. Энэ тухай Киргизийн Ерөнхий прокурорын газар мэдэгдэв. “Мөрдөн шалгалтын явцад хэргийн хохирогч гэж хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийн байцаалт, хэргийн газрын үзлэг, хэргийн үйл явдлын туршилт, шүүх эмнэлгийн болон бууны сумны шинжилгээ зэрэг шаардлагатай бүх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Атамбаев ба Канат Сагымбаев (экс ерөнхийлөгчийн бие хамгаалагч) нар “Альфа” албаны байлдагч Усенбек Ниязбекийг алсан болон бусад хохирогчдийг алахыг завдсан гэдгийг нотлох эд мөрийн баримтыг хураан авсан” гэж уг мэдэгдэлд заажээ. Мөн талийгаачийн хувцас, сум нэвтэрдэггүй хантаазнаас олдсон сумны үлдэгдэлд хийсэн шинжилгээгээр уг сум Ерөнхийлөгч асан Атамбаевын бууных болох нь нотлогджээ. Ниязбеков өнгөрсөн оны наймдугаар сард Киргизийн төрийн тэргүүний Чуй мужийн Кой-Таш тосгонд байшин руу дайрах үеэр амиа алджээ. Атамбаевын өмгөөлөгчид Ниязбековыг экс ерөнхийлөгчийн талынхан буудсан гэсэн албан ёсны дүгнэлтэд эргэлзэж байгаа аж. Атамбаевыг 24 цагийн турш үргэлжилсэн тусгай ажиллагааны үеэр Кой-Таш тосгонд дахь байшингаас нь өнгөрсөн оны 8-р сарын 8-нд баривчилсан юм. Атамбаевыг хууль сахиулах байгууллагын ажилтнуудад эсэргүүцэл үзүүлсэн, үймээн самуун дэгдээсэн, хүний амь бүрэлгэсэн, амь насанд халдах оролдлого хийсэн, хүмүүс барьцаалсан, түүнчлэн эрүүгийн хэрэгтэн Азиз Батукаевыг эрх мэдлээ ашиглан шоронгоос сулласан, Бишкекийн дулааны цахилгаан станцын сэргээн босголтын үеэр авилга авсан, хууль бусаар газар эзэмшсэн зэрэг хэрэгт буруутай хэмээн үзэн  эрүү үүсгээд байгаа аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)