Киргизийн ерөнхийлөгч асан Атамбаевыг баривчлах үеэр нэг хүн амиа алджээ

Лхагва гарагийн шөнө /2019.08.07/ Киргизийн ерөнхийлөгч асан Атамбаевыг баривчлах ажиллагаа явуулах үеэр тусгай албаны нэг ажилтан нас барж, 40 гаруй хүн шархаджээ. Тусгай албаныхан экс ерөнхийлөгчийг баривчлахаар хувийн харш нь байдаг тосгонд ирэхэд Атамбаевыг дэмжигчид олноор цугларсан байсан бөгөөд хүчтэй эсэргүүцэл үзүүлсэн байна. Атамбаевын талынхан тусгай албаны зургаан ажилтанг барьцаалсан бөгөөд баривчлах ажиллагааг зогсоох тохиролцоонд хүрсний дараа тэднийг суллажээ. Гэрчүүдийн ярьж буйгаар мөргөлдөөний үеэр буун дуу сонсогдож байжээ. Тусгай албаныхан болон цагдаа нар зөвхөн резинэн сум хэрэглэснээ мэдэгдсэн байна. 46 хүн бэртэж гэмтсэний 15 нь цагдаа нар байсныг Киргизийн Эрүүл мэндийн яамнаас мэдээлэлжээ. Уг үйл явдлын дараа тус улсын Ерөнхийлөгч амралтаа орхин Бишкект яаралтай эргэн иржээ. Алмазбек Атамбаев ард түмний сонголтоор  Киргизийн ерөнхийлөгч болж  зургаан жил ажилласныхаа дараа 2017 оны сонгуулиар албан тушаалаа хууль ёсоор сайн дураараа дараагийн хүнд шилжүүлсэн  цорын ганц ерөнхийлөгч юм. Зургадугаар сард Киргизийн парламент экс ерөнхийлөгч Атамбаевтай холбоотой авлига, албан тушаалаа ашигласан зэрэг  хэргүүдийн жагсаалтыг прокурорт хүлээлгэн өгчээ. Хуулийн байгууллага Атамбаевыг ирж байцаалт өгөх шаардлага гурван удаа хүргэсэн ч ерөнхийлөгч асан хүлээж аваагүй бөгөөд энэ бүхнийг улс төрийн явуулга хэмээн няцааж, хувийн харшдаа дэмжигчдээрээ хамгаалуулан толгой хорогдож байгаа аж. Хэрэв шүүх нь Атамбаевыг буруутай гэж үзвэл тэрээр бүх насаар нь хорих ял авч магадгүй юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)